УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр болон түүний эхнэр О.Эрдэнэсолонго нарыг мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг цаг­даа­гийн байгууллага шал­гаж эхэлжээ. УИХ-н гишүүн  Ё.Отгонбаяр болон О.Эрдэнэсолонго гэж хэн бэ.

 

Ё.ОТГОНБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Эрхэм гишүүний улс­төрийн замнал 1980-аад оны эцэс, 1990-ээд эхнээс эхэлсэн гэж хэлж болно. Мэргэжлийн дипломатч тэрбээр ГЯЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, МАХН буюу одоогийн МАН-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, генсек, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд зэрэг албыг хашиж байсан туршлагатай пар­ламентчдын нэг. Ё.От­гон­баяр МАН дахь МГИМО фракцид харьяалагддаг. Сү.Батболдын тол­гойлдог энэ фракцид УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Ор­гил, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригт нарын гадаадад сурч, боловсорсон залуухан улстөрчид харьяа­лагддаг. 2012 оны УИХ-ын сонгууль болохоос өмнөхөн МГИМО фракц гүйцэтгэх засаглалд олонхи байсан. Тэр хэрээрээ эрх мэдэл ч энэ фракцид төвлөрч байсан гэхэд болно.

Ё.Отгонбаяртай хол­боотой элдэв хэргүүд яригддаг ч төдийлөн шалгагдаж, байцаагдаж явсан нь юу л бол. Мөнгө зуучилсан, завшсан гэх хэргүүдийг эргэн сөхөж үзье.  Ё.Отгонбаяртай холбоотой хамгийн анхны таагүй мэдээлэл нь на-мынхнаа өмнөөс “Гаалийн” Х.Баатарт 100 сая төгрөгийн тодорхойлолт хийж өгч том толгой гаргасан гэх хэрэг. Дуулиант хар төмрийн контрбандын хэрэг. Энэ нь Монгол Улсад 107 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

 

Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарыг хар төмрийн контрбандаас 81 сая төгрөг авсан гэдгээр яллаж, харин авлигад зуучилсан, мөнгийг нь авсан хүмүүс ял завшиж үлдсэн байдаг.  Хар төмрийн контрбандын 107 тэрбум төгрөгийн гэмт хэргийг шалгахаар УИХ ажлын хэсэг байгуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Монголын хилээр хар төмрийг хар тугалга гэж татваргүй гаргадаг том сүлжээ, Хятадын хил дээр баригдан улсын төсөвт тушаагдах ёстой мөнгийг авч сонгуульд хэрэглэсэн байдаг. Бичигтийн боомтоор нэг удаа гаргасан хар төмрийн орлогоос Х.Баатар 81 сая төгрөг авч МАХН-д 100 сая төгрөг өгсөн гэх бөгөөд энэ мөнгийг тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр зуучилж өгснөө хүлээн зөвшөөрсөн тамгатай бичиг одоо ч хавтаст хэрэгт нь буй талаар сэтгүүлч Г.Дашрэнцэн тухайн үед нь илчилж байсан билээ. Тэрбээр “МАХН авлигын мөнгөөр 2004 оны сонгууль явуулсан нь нотлогдож, хууль бус аргаар төрийн эрх авсан ял хүлээж сонгууль бүхэлдээ хүчингүй болно. МАХН-ын дарга байсан Н.Энхбаяртайгаа хамт улс төрийн тавцангаас зайлуулагдсанаас ганц Х.Баатарыг “гайд гаргаад”, 100 сая төгрөг авсан Н.Энхбаяр, зуучилсан Ё.Отгонбаяр нарт ял завшуулах арай дээр гарцыг сонгож цагдаа шүүхийнхэн ёсоор болгов” хэмээн бичиж байв. Энэ бол Ё.Отгонбаярт холбогдох хамгийн ноцтой бөгөөд дуулиант хэргийнх нь нэг.

БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа багш нарыг зөөврийн ком­пьютертэй болгох МАН-ын амлалт ч бас түүний гараар орсон гэдэг. Нийтдээ 46 сая ам.долларын тендерийг санаатайгаар будилуулж, тендерийн ялагч болсон “ZTE” компаниас 10 хувийг нь авсан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан. Хамгийн хачирхалтай нь тендерт ялсан компани нь компьютер үйлдвэрлэдэггүй, ялагдсан “Haier” нь өөрийн гэсэн брэнд компьютер үйлдвэрлэдэг. “Шинэ зууны боловсрол” нэртэй төслийн мөнгө Ё.Отгонбаярын гараар орсон түүх ингэж эхэлж байв. Тендерт ялсан “ZTE” компанийг ямар шалгуураар ялуулснаа “Монгол Улс даяар сүлжээтэй” гэх тайлбар. Тендерт ялагдсан “Haier” компани яаж дуугүй байх вэ, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад ч нэмэр болсонгүй. Хий дэмий л монгол ноёдын увайгүйг гайхаад хоцорсон биз.

Тусгаар тогтнолын ордон бар­игдаж ахуйд Ё.Отгонбаяр сайд хувиасаа компьютер, дотоод сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмжийг намдаа бэлэглэж байсныг ч бас мартах учиргүй. Өөрийн тойрог болох Булганд ч “Кембрижийн туршилтын төсөл” гэгчийг хэрэгжүүлж иж бүрэн компьютерийн лаборатори хэд хэдийг авсан байдаг. Компьютерээр хөлжсөн түүх нь ийм байж болох.  Тухайн үедээ АТГ-т шалгаж эхэллээ, шалгагдаж байна гэж шуугисан ч тэгсхийгээд энэ хэрэг намжсан. Одоо эргэн сөхөгдөх эсэх нь эргэлзээтэй.

 Сүүлийн үед гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “ZTE”-гийн удирдлагууд болон Монгол Улсын төрийн томоохон албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар үе үе мэдээлдэг болсон. “ZTE” компани болон зарим улсын Засгийн газар хооронд их хэмжээний мөнгөний алдагдлын асуудал үүссэн нь тодорхой болж, Ё.Отгонбаярыг энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж эхлээд байгаа. Яг ийм хэрэг зөвхөн Монголд ч бус Алжир, Кени улсуудад гардаг болсон гэх. Энэ нь “ZTE” компанийн техник, тоног төхөөрөмж нууцлалын маш доогуур зэрэглэлтэй гэх шалтгаанаар хэд хэдэн орон тус компанийн бүтээгдэхүүнээс татгалзаад, хэрэг­лэхийг хориглочихоод байгаа. Ха­рин Монголын зах зээлд “ZTE” анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая ам.долларын бэлэг өгч, 300 сая ам.долларын тендерийг авч будлиантуулсан энэ компанийн хэрэгт Ё.Отгонбаярыг ч холбогдуулдаг.

Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой бас нэгэн хэргийн сэжүүр дуулдаад намдав. Тэр бол алдарт Тиранозавр Батаарыг хууль бусаар хил давуулсан хэрэг. Гар бие оролцоогүй ч Монгол орны соёлын биет өв хууль бусаар дэлхийн зах зээл рүү дамлагдаж байхад нүдэн балай чихэн дүлий байсных нь төлөө яллах хэрэгтэй гэх хүмүүс цөөн бус байв. Хууль хяналтын байгууллагынхан ч тухайн үеийн БСШУЯ-ны удирдлагуудыг шалгахад буруудахгүй гэдгийг хэлж байв. Батаарын хэрэгт Монгол Улсын найм, гадаадын гурван иргэнийг холбоотойг тэд илрүүлсэн юм билээ. Ё.Отгонбаярын улс төрд хөл тавьсан жилүүдэд тарьсан дуулианыг тоймлоход ийм буюу.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хориод байгаа талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ. Олон нийтэд нэгэнт ил болсон мэдээллээр Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дансаар “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд онц их хэмжээний буюу 300 орчим сая ам.доллар байршуулан угаасан байж магадгүй гэнэ. Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн. Мөнгөн дүнгийн бодитой эсэх талаар УМБГ-ынхан “Мөнгөн гүйлгээг “Зоос”, “Голомт” Худалдаа хөгжлийн банкуудаар хийсэн. Гэхдээ ихэнх гүйлгээ нь дампуурсан “Зоос” банкинд хийгдсэн байна. Одоогоор нарийвчилсан тоо хэлэх боломжгүй. Шинжээч томилон банкуудад шалгалт хийж байна” гэжээ.  Хэрэв энэ гүйлгээ болон мөнгөний урсгал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой нь тогтоогдвол түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар УЕПГ-т хүсэлт тавьж, хуульд заасны дагуу УИХ-д асуудлыг тавих юм байна.

 

О.ЭРДЭНЭСОЛОНГО ГЭЖ ХЭН БЭ

 

Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Энэ хоёр хоёулаа 1981 онд арван жилийн сургуулийг төгссөн, үе тэнгийнхэн юм байна. Ё.Отгонбаярын суралцаж байсан 52 дугаар сургууль, О.Эрдэнэсолонгын суралцаж байсан хоёрдугаар сургуулиуд шефийн харилцаа тогтоосноос эхлэн танилцаж дотноссон гэдэг. Тус тусын их дээд сургуулийг дүүргэснийхээ дараа 1985 онд гэр бүл болцгоосон хэмээн эхнэр О.Эрдэнэсолонго нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.   Хэвлэлд ярилцлага өгөх дургүй, зургаа авахуулах дургүй тэрбээр нэлээд өндөр боловсролтой, баргийн хэл аманд өртөхөөргүй эмэгтэй хэмээн хүмүүс ам сайтай байх юм билээ. “Скай” их дэлгүүрийн дөрвөн хувийг л эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэхээс өөр мэдээлэл алга.

Өчигдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжин түүний талаар “Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. О.Эрдэнэсолонго гэдэг эмэгтэйг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Багагүй хэмжээний ам.доллар болон төгрөгийн гүйлгээ Монголын гурван банкин дахь түүний дансаар нь орсон мэдээлэл байгаа. О.Эрдэнэсолонго өөрөө ямар учиртай мөнгө болохыг тайлбарлаж чадахгүй байгаа. Гэхдээ мөнгөн дүн хөдөлж магадгүй. Зарим нэг төгрөгийн гүйлгээг ам.доллараар тэмдэглэсэн байж магадгүй гэж мэдээлж байгаа” хэмээн тайлбар хийлээ. О.Эрдэнэсолонгыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.

Б.Оюунгэрэл