Дэлхийд томд тооцогдох стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компани Өмнөговь аймгийн сумдуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 

      Гэрээний гол нөхцөл нь орон нутгийн байгаль орчин, ус, мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, соёлыг өвийг хамгаалах, үндэсний түүх соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, “Оюу толгой” ХХК- ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим юм байна.

 

     Цагаа олсон бол сайхан л санаа байна. Уг нь энэхүү ажиллагааг гэрээ эхэлж байхад хамт хэрэгжүүлж, олборлолт эхлэхэд аль хэдийнээ эхэлсэн байх ёстой байв. Гэтэл байгаль орчин цаг уурын нөхцөлийг туйлын доройтуулж, гамшгийн хэмжээнд нэгэнт авчирсан хойноо ийн гэрээлж байгаа нь цагаа олоогүй зүйл. Нөгөө талаар байгаль орчны энэхүү ноцтой өөрчлөлтөөс болж хүний эрүүл мэндэд ч хортой нөлөөлөл үзүүлэх болсон.  Ёстой л өнөөх “ниргэсэн хойноо хашхирав” гэгч болж байна.

 

     Уг нь гэрээнд зааснаар бол “Оюу толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм билээ.

 

      Бас нэг зүйл нь энэ гэрээний дагуу Өмнөговь аймаг болон түншлэгч сумдын зүгээс “Оюу толгой” компанийн бизнесийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх, “Оюу толгой” компанийн зүгээс орон нутагт тулгарч байгаа асуудал, нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар нэгдсэн ойлголттой болж байгаа энэ гэрээний давуу тал хэмээн аймгийн ИТХ-ын дарга нь мэдэгдсэн байна лээ. Үүнээс харвал орон нутгийн иргэдийн тав тухыг үе удмаар нь алдуулсандаа арга буюу ийм ажиллагааг оройтсон ч гэсэн зохион байгуулж байгаа мэт. Энэ үеэр тус нутгаас мандат өвөртөлж ирсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Хамтын ажиллагааны гэрээ зурагдсан нь тус аймаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжсэн жишиг болж буйг харуулж байна” гэсэн байна лээ.

 

 

А.Гал