Төрийн ажил цалгардаж байна
2013/06/09
Ерөнхийлөгчийн сонгуулиас болж улс орны ажил зогсонги байдалд орох шинжтэй. УИХ-ын гишүүдийн ихэнх нь намаасаа нэр дэвшигчийг дэмжиж байгаа нэрийдлээр орон нутгийг зорьжээ
. Тиймээс гишүүд байхгүйгээс байнгын хороо, чуулганы хуралдаанд цөөн гишүүн оролцож ирц хүрэхгүйгээс болж, улс оронд хэрэгтэй гэх хууль тогтоомжууд батлагдахгүй хойшилсоор байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт хуралдах ёстой байсан гурван байнгын хорооны хурал ирц хүрээгүйгээс хойшилж, нэн чухал хуулийн төслийг хэлэлцсэнгүй.
Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хамтарч хуралдахаар байсан боловч гишүүдийн ирц 50 хувьдаа ч хүрсэнгүй. Хууль зүйн байнгын хорооныхон гэхэд л 11 гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжихээр орон нутагт ажиллаж байгаа гэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсох байсан.
Мөн нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилсон. Тус байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ч мөн хөдөө томилолттой явсан аж. Тус байнгын хорооны 23 гишүүнээс ердөө зургаан гишүүн л хуралдаанд ирсэн юм. Ийнхүү байнгын хорооны хуралдаан хойшлогдсоор байгаа тохиолдолд чуулган ч хуралдахгүй гэсэн үг.
Хэрвээ арай гэж ирц бүрдлээ гэхэд цөөхөн гишүүдийн санал орж хэлэлцэгдэж байгаа хуулиуд сул, чанаргүй батлагдах байх. Хэдийгээр МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дор чуулганыг завсарлуулахыг эсэргүүцэж байсан ч тэдний хүслээр болсонгүй. Тэд УИХ-ын үйл ажиллагаа сонгуулиас ангид байх ёстой гэж байсан ч талаар болж, чуулган завсарлахаар болсон. Төлөвлөгдсөн хуралдаан хойшлогдож байсан учир аргаа барсан зарим гишүүн сонгууль дуустал хуулиуд батлагдахгүй бололтой гэж жиргэж суусан. Энэ бүхнийг харгалзаад чуулганыг завсарлуулахаар болсон биз.
Ерөнхийлөгчийн сонгууль дуусангуут улсын баяр наадам болно. Тэгээд л өнөөх улс орны төлөөлөл болсон эрхэм гишүүд маань наадамлах гээд бас л орон нутгаа зорино. Энэ хооронд хэлэлцэгдэж батлагдах ёстой хуулиуд шил дараалан хүлээгдсээр л. Эсвэл сонгууль наадам хоёрын хоорондох хэдхэн хоногт гурилдсан хуулиуд батлагдах байх. Тэгээд дараа нь энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулъя гээд л нэг хэсэг ажил болно.
Наадмын маргааш намар гэдэг. Улс орны их ажил өрнөж байх хооронд ордонд тухалсан гишүүд хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах гээд л маргаж суух нь.
Төрийн ажил нэг иймэрхүү байдалтай цалгардаж байна. Иргэдийнхээ төлөө ажиллана гэж амлан байж гарч ирсэн төрийн түшээдэд улс төрийн намынх нь ажил улс оронд хэрэгтэй хууль тогтоомжийг батлахаас ч илүү чухал гэдэг нь харагдаж байна. Ерөнхийлөгчийг сонгоход УИХ-ын гишүүдийн нэмэр нөөлөг тийм л их хэрэгтэй юм байх даа. Ямартаа ч УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж чуулганыг 14 хоног завсарлуулахаар боллоо.
Г.Хишигсүрэн