УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сүүлийн үед ямар асуудал дээр голчлон ажиллаж байна вэ?
-Санаачилсан хуулийн төслүүд дээрээ ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын хууль болон Түрээсийн тухай хуулиуд дээр судалгаа хийлгэж байгаа. Мөн Цаг хөдөлмөрийн хөлсний асуудал болон Нийгмийн даатгал төлөхгүй завсардсан хүмүүсийн нийгмийн даатгал төлөх бололцоог олгох талаар судалж байна. Дээрээс нь манай Баян-Өлгий аймгийн Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүнээр ажилладаг хүн маань хилс хэргээр ОХУ-д хоригдоод олон сар болсон. Удахгүй шүүх хурал нь болох гэж байна. Энэ асуудал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байна даа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван хүнд асуулга тавьсан. Асуулгын хариу удахгүй ирэх байх гэж анхааралтай ажиглаж сууна. УИХ завсарлаж байгаа энэ хугацаанд хуулиудаа идэвхитэй явуулах, иргэдтэйгээ уулзах гээд барагдахгүй л их ажилтай сууна. Ямар ч байсан орой 20 цаг хүртэл ажиллаж байна. Хэдий УИХ завсарлаад ажил бага байгаа хэдий ч миний хувьд ажил их байна.

-УИХ-ын чуулганы үеэр төсвийн алдагдал 700 тэрбум төгрөгт хүрч байна гэж зарим гишүүд хэлж байна. Үнэхээр эдийн засаг хүнд байдалд орчихоод байгаа юм уу. Та юу гэж харж байгаа вэ?  
-Миний хувьд эдийн засаг тэгтлээ хямарчихсан гэж үзэхгүй байгаа. Ер нь анхаарах зүйл бол бий. Бондын хүү төлж эхэллээ. Энэхүү хөрөнгө ямар төсөл хөтөлбөрүүдэд явж байна гээд олон асуудал байна. Үнэхээр бондын хөрөнгөөс зарцуулах төсөл хөтөлбөрүүд Монгол Улсыг урагш хөдөлгөх, ажлын байрыг бий болгож чадаж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой. Би УИХ-ын гишүүнийнхээ хувиар Засгийн газраас бондын хөрөнгийг юунд зарцуулж байгааг нь байнга асууж тодруулж байгаа. Миний бодлоор эдийн засаг тийм айхтар балараад сүйрчихсэн зүйл байхгүй гэж харж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдэд зоригтой хөрөнгө оруулалт хийж, маш түргэн хугацаанд ажлаа эхлэх ёстой. Харин үүнийг шүүмжлэх биш ажлыг нь явуулахад туслах хэрэгцээ шаардлага байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ажил явуулахад садаа болж байна шүү дээ. Үүнийгээ л засаж залруулах нь л чухал байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-УИХ-ын чуулганаар долоон улсад Элчин сайдын яам болон Консулын газар байгуулахыг дэмжээд баталчихлаа. Үүнийг үрэлгэн ажил гэж гишүүд шүүмжилж байсан. Та энэ асуудал дээр ямар кноп дарсан бэ?
-Би эсрэг санал өгсөн. Одоогоор яаралтай Элчин сайдын яам, Консулыг газар байгуулах хэрэгцээ шаардлага байхгүй. Гишүүдийн хэлж байгаагаар гадаадад сууж байгаа төлөөлөгчид нэг их хэрэгцээ шаардлагагүй зүйл оролдоод сууж байдаг. Эндээс очсон төрийн албан тушаалтныг тосож, цүнхийг барьж өгөхөөс хэтэрдэггүй гэж хэлж байсан. Ажил нь их хөнгөхөн. Харин хоёр орны харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргээр идэвхитэй ажиллаж байгаа Элчин сайдын яам байхгүй. Тайлан мэдээгээ УИХ-д өгдөггүй. Би бол өнөөдрийг хүртэл нэг ч удаа Элчин сайдын яамны тайланг сонсоогүй. Ер нь харж байхад нүдэнд харагдаж, гарт баригдахаар ажил хийсэн нь тодорхой бус байдаг. Тиймээс би энэ асуудлыг дэмжээгүй.

-Энэ жил наадамд зориулж 50 тэрбум төгрөг зарцуулна гэдэг асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Харин Ерөнхий сайд наадмыг 50 тэрбум биш 1.3 тэрбумаар тэмдэглэнэ гэж хэлсэн хэрнээ хөрөнгө оруулалтад 49 тэрбумыг зарцуулна гэж байна. Энэ нь ялгаагүй наадамд 50 тэрбумын хөрөнгө орж байна гэсэн үг юм биш үү?
-Наадамд зориулж 50 тэрбум төгрөг зарцуулна гэдэг асуудал миний ч бас гайхлыг төрүүлсэн. Ерөнхий сайдын мэдээллээс харахад үнэхээр гарцаагүй энэ хөрөнгийг зарцуулж байгаа юм байна даа гэдэг зүйлийг сонссонгүй. Гэхдээ наадамлах нөхцлийг хангах хэрэгтэй. Дараа жилээс бид Цэнгэлдэх хүрээлэндээ наадаж чадахгүй юм байна. Яагаад гэвэл тэр газрыг нь хууль бусаар хувийн компанид хувьчилсан учаас тэр. Одоо тэнд нь орон сууц, байшин барилга барьж эхэлж байна. Цэнгэлдэхийн хажууд машин тавих бололцоо байхгүй, асар хүнд нөхцөлд наадамладаг шүү дээ. Нэг ёсондоо бид Цэнгэлдэх хүрээлэндээ наадах боломжгүй болсон байна. Үүнийг хэн хэн рүүгээ чихэлтгүй эрх барьж байгаа, эрх барьж байсан хүмүүсийн л хийсэн ажил байх. УИХ дээр ярьж байгаагаар МАН-ын эрх барьж хүмүүстэй энэ асуудлыг холбож тайлбарлаж байна. Энэ ч бас үндэслэлтэй. Ер нь бол илүү сайхан тохь, тухтай нөхцөлд наадах хэрэгцээ, шаардлага байна. 50 тэрбум төгрөг хангалттай биш ч байж мэднэ. Үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ ярьж байгаа зүйл нь ямарч төлөвлөгөө байхгүй байна. Зүгээр л өнөөдөр 300 сандал хийнэ. 4000 машины зогсоол хийнэ гэдэг бол үрэлгэн хандаж байгаагийн нэг хэлбэр л дээ. Ерөнхий том төсөл гаргаад, нарийн тооцоо хийвэл энэ бол хүлээн зөвшөөрч болох л асуудал.

-Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ хөрөнгийг юунд зарцуулж байгааг сонсоход зарим нэгэнд нь ямар ч хэрэгцээгүй үрэлгэн хандсан юм шиг санагдсан?
-Шүүмжилмээр зүйл байна. Гэхдээ ажлынх нь үр дүнг харья. Оношлогооны төв болон хүүхдийн зүрхний мэс засал хийдэг төв барина гэдэг бол бас л хэрэгтэй зүйлийн нэг. Битүү захууд бас гарцаагүй шаардлагатай байгаа зүйл. Бид  зах зээлд шилжээд олон захуудтай болсон гэж  хошигнож ярьдаг шүү дээ. Гэхдээ энэ захууд нь хүний эрүүл мэндийн нөхцлийг хангасан байх  шаардлага зайлшгүй байгаа юм. Дийлэнх иргэд захаас амьжиргаагаа залгуулж байдаг. Түрээсийн асуудал гээд олон талаас нь авч үзвэл энэ битүү зах барих нь зөв. Үүнийг нь бол дэмжиж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залууст зориулж 8 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Ер нь хүмүүсийн эрүүл амьдрах, зөв аж төрөх ёс, байр талбай зайлшгүй шаардлагатай. Энэ бүхний зарцуулалт, ажлын үр дүн ямар байх вэ гэдэг дээр хяналт тавих шаардлагатай байна. Харин 350 цагдаад торгууль бичдэг машиныг хоёр тэрбумаар авч өгч байгааг ойлгоогүй. Үүний оронд бүртгэлийн системээ картжуулах, улам нарийн болгох, камержуулах асуудлыг хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Ганц нэг тодорхойгүй зүйлүүдийг тодруулах хэрэгтэй байх. 

-Засгийн газар иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл өгөхөөр болсон. Харин үүнийг өмнөх Засгийн газрын үед хийж байсан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлтэй яг адилхан гэж зарим нэг нь үзэж байна?
-Иргэдийг орон сууцжуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Гэхдээ найман хувь гэдэг бас л өндөр хүү. Орон сууцны үнэ өсөн нэмэгдэж байгаа энэ үед төр өөрөө зохицуулалт хийж чадахгүй байна. Хэрэгцээ шаардлага байгаа зорилтод хэсэгт очиж чадахгүй байна шүү дээ.

-АТГ төрийн өндөр албан тушаалтануудтай холбоотой хэргийг шалгаж, олон нийтэд зарлаж эхэллээ?
-Монголын нийгэм том мөнгөний тоонд дасаж байгаа нь өөрөө буруу юм. Нууц хүүгийнх нь данснаас таван тэрбум олдлоо гэж байна. Нэг жижигхэн дарга залуугийн хоёр Уянгын хоорондох 17 тэрбумын тендерийн асуудал яригдлаа.  Ийм зүйлүүд нийгмийг том мөнгөнд дасгах, хүлээн зөвшөөрөх хандлага түрүүлээд байгаа нь өөрөө буруу юм. 350 сая төгрөгийг ам.доллар гэж андуурсан гэж МАН-ынхан ярьж байна. Тийм байлаа ч их мөнгө шүү дээ. Энэ мөнгө хаанаас орж ирсэн юм бэ гэдэг нь бас л асуудал. Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой бол тэр хүнийг л шалгах хэрэгтэй байх. Харин тэр эмэгтэйг яагаад барьж авсаныг би сайн мэдэхгүй байна. Ер нь  С.Баярцогтын асуудал ч тэр үйлдлийнхээ хувьд адилхан л авилгалын хэрэг юм. Нэгийг нь өршөөж үлдээгээд, нөгөөг нь хоёр сарын дотор өчиггүйгээр шоронд хорьж байна гэдэг бол шударга ёс мөн үү, биш үү. Зүгээр намчирхсан хандлага эндээс төрж байж магадгүй. Би хэн нэгнийг өмгөөлөх гээгүй. Харин намчирахгүй байх, шударга ёсыг тогтоох нь зүйтэй гэдэг бодол төрж байна.

У.САРАНГЭРЭЛ