Сургуулийн барилгуудын суудал өнцөгджээ
2013/06/09
Нийслэлийн хэмжээнд барилгын чанар, стандарт алдагдсан нураах шаардлагатай цэцэрлэг, сургуулийн тоог албаныхан гаргасан байдаг.
Тодруулбал, 27 сургууль, 51 цэцэрлэгийн жагсаалт бий. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011- 2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжид “гэнэт”-ийн шалгалт оржээ.
Шалгалт өнгөрсөн дөрөвд үгээр сарын 8-наас тавдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилсэн байна.
Шалгалтад 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтан хамрагдсан аж. Энэ үеэр барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж буй “Немон”,”Интеко инженеринг”, “Баз констракшн” компанийн зөрчлийг мэргэжлийнхэн ил болгожээ.
Мөн барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дууссан байгууллагаар гүйцэтгүүлж байсныг тогтоосон байна. Барилга байгууламжийн ажилд зураг төсөл чухал. Гэтэл зураг төсөл нь зөрчилтэй сургуулийн барилга баригдаж буйг илчлэв. Зураг төсөл муу барилгуудын чанар ямар байх нь тодорхой юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургуулийн “Мон мос” компанид боловсруулсан 008/2004 тоот нэг маягийн зургийн суурийн холболтын төсөлд магадлал хийгээгүй байжээ.
Түүнчлэн тус барилгын суурь хөрс нь хүчтэй овойлттой нөхцөлд хамарч байсан аж. Барилгын суурь овойлтын бүсэд суухаар төлөвлөгдсөн нь хийцийн бат бэхийн шаардлагыг хангахгүй журам зөрчсөн үйлдэл юм.
Мөн тус дүүргийн XXVII хорооны нутаг дэвсгэрт 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” компани нь зохиогчоос өгсөн албан ёсны зөвшөөрөлгүйгээр зураг төслийг өөрчилсөн байна. Дам нуруунаас гарсан угсармал хавтанд бэхлэгдэх бүс бетоны арматурын гаргалгааг тайрч бетоны ажлыг гүйцэтгэсэн аж. Энэ мэт стандартын дүрэм, журам зөрчсөн байдал барилгын компаниудад газар авчээ.
Бас нэгэн зөрчлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Баянгол дүүргийн XXII хорооны сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Цаст констракшн” нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2011 онд дууссан. Улмаар туслан гүйцэтгэгч “Хасу цамхаг” компаниар гүйцэтгүүлсэн байжээ. Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” компани нь тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус иргэдээр барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байсныг тогтоожээ.
Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” нь барилгын суурийн болон нэгдүгээр давхрын каркасын ажлыг туслан гүйцэтгэгч “Баянзүйл” компаниар гүйцэтгүүлснээс болж цутгамал төмөр бетон дам нуруу хөдөлсөн байжээ. Мөн хоёрдугаар давхрын нийт багана 5-10 см хазайж, хүлцэх алдаанаас хэтэрсэн зэргээр даацын үндсэн хийцүүдэд газар хөдлөлийн болон цутгамал төмөр бетон хийцийн норм, дүрмийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн байна.
Тэгвэл Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн барилгын анги болон ариун цэврийн өрөөнүүдийн салхивчийн систем ажиллахг үйгээс хана таазанд хөгц, мөөгөнцөр үүссэн аж. Эл барилгын гүйцэтгэгч нь “Аганист”, “Назу” компани юм. Тэдэнд улсын комиссоос үүрэг даалгавар өгсөн ч биелүүлээгүй байжээ.
Б.Чанцал