ОХУ-ын “Роснефть” компани энэ сард нийлүүлж байгаа шатахууныхаа үнийг нэмэх саналыг манайд ирүүлсэн. Гэсэн ч ма-найд шатахууны үнэ нэмэгдсэн­гүй.

Харин ч эсрэгээр нь литр тутамд нь 50 төгрөгөөр бууруул­лаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон холбогдох албаны бусад хүн өнгөрсөн баасан гарагт энэхүү баярт мэдээг ард түмэндээ дуулгасан.

Өнгөрсөн хугацаанд Засгийн  газар шатахууны зах зээлд  “гар дүрсээр” ирснийг хүн бүр буруушаадаг. Тухайлбал, Мон-голбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар ярихдаа “Ерөнхий  сайд  С.Баярын  Засгийн  газрын  үед  онцгой  татварыг сулладаг  системийг  сонгосон.  Ингэснээр  дэлхийн  зах  зээлийн  үнэ  өсөх  тусам  онцгой  татва­рыг бууруулдаг  механизм  руу  орсон.  Үүний  дагуу  өнгөр­сөн  жилийн  хавар  дэлхийн  зах  зээлд шатахууны  үнэ  өсөж  бай­хад  жижиглэнгийн  үнээ  барихын  тулд  онцгой  татварыг  тэглэсэн.  Ийнхүү онцгой  татваргүй  болж,  дэлхийн  зах  зээлийн  үнээр  нэмэгддэг  байсан  шатахуунтай  болоход  ОХУ манай  улсад  экспортолдог  татвараа  нэмсэн.  Иймд  шатахуун  импортлогчид 8-11сард  шатахууны үнээ  нэмэхийг  хүс­сэн  боловч  зөвшөөрөөгүй.  Ийм  маягаар  явж  байгаад  саяхан  хамтарсан  Засгийн газар  салах  үед  үнэ  нэмэх  зөвшөөрлийг  олгосон  шүү  дээ.  Тооцоолоод  үзсэн  чинь 260  төгрөгөөр өссөн байсан. Дэлхийн ямар ч эрүүл эдийн засагтай улсад нэг шөнийн дотор шатахууны үнэ нь 260 төг­рөг  буюу 18  хувиар  өссөн  түүхийг  би  сонсоогүй.  Энэ  бол  эдийн  засгийн  хамгийн  том  шок, сөрөг  нөлөө.  Үүний  гарал  үүсэл  нь  салбарын  сайд  болон  Ерөн­хий  сайд  С.Батболд  анхааралгүй байснаас үүдсэн хэрэг биш. Гарал үүсэл нь өнгөрсөн хавар онцгой татвар тэглэснээс үүдсэн” хэмээн ярьсан байдаг.

Энэ бүхнээс харахад Засгийн газар шатахуун импортлогчдод татаас өгөх аль эсвэл онцгой албан татварыг бууруулах замаар али­ваа сонгуулийн өмнө шатахуу­ны үнийг хүчээр барьдаг уламж­лал­тай болсон гэхэд болохоор бай­гаа юм. Энэ жилийн хувьд “Монгол 93” хэмээх “эрлийз” шатахуу­ныг Хятад улсаас авах болсноор ОХУ-аас шатахууны хараат байдлаа 40 хувиар бууруулах боломжтой болсон гэж холбогдох албаныхан хэлж байгаа. Гэхдээ үнэн хэрэг­тээ хэрэглэгчид уг шата-хуунтай төдийлөн “сайн танил­цаж” амжаагүй байгаа. Тиймээс манай улсын хэрэглээний 40 хувийг хангах хэмжээний шата-хуун байсан ч ойрын хугацаанд үр ашгаа өгч чадахгүй байж магад­гүй юм. “Роснефть” шатахуу­ныхаа үнийг нэмэх санал ирүүлж байхад монголд шатахууны үнэ нэмэгдэх нь тодор­хой. Гэхдээ сонгуулийн өмнө биш сонгуулийн дараа шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдэг амлал­тыг л холбогдох албаныхнаас сонсмоор байна. Шатахууны үнэ нэмэг­дэх шалтгааныг холбог-дох албаныхан нь “Засгийн газар шатахуу­ны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас болж шатахуун импортлогчид нөөцийнхөө агуулах, савыг нэмсэн. Тиймээс экспортлогч шатахууныхаа үнийг нэмэх саналыг энэ сард ирүүллээ гэхэд шатахууны үнэ тухайн сардаа бус хоёр, гур­ван сарын дараа нэмэгддэг” хэмээн тайлбарладаг. 50 төгрөгөөр хямдарсан шатахууны үнэ эцэст нь буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 100 төгрөгөөр нэмэгдэхгүй гэсэн баталгааг л авмаар байна.

 

Р.Сарангоо