Цагаан сарын  бэлтгэлээ базаахад цөөхөн хоног үлдсэн энэ үеэр өргөн хэрэглээний барааны үнэ, борлуулалт  ямар байгааг сонирхохоор  үнэ харьцангуй хямд гэддэг нийслэлийн “Дэнжийн мянга”-д  байршилтай  “Хүчит Шонхор” захыг зорилоо.

Цагаан сар хариугүй хаяанд тулсан  үе /2013.01.5.15.00 цаг/ гэхэд хүнсний захын  хөл хөдөлгөөн бодож байснаас харьцангуй бага байлаа. Тус захын түрээслэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн жилтэй харцуулахад хүнсний бараа, бүтээгдэхүүний борлуулалт муу байгаа аж.

Тус захад том, жижиг ачааны  машинуудын  тэвшээр өрөөстэй ууцнаас иргэд сонголт хийх амаргүй байгаа бололтой. Хэдийгээр ууцны нийлүүлэлт сайн байгаа ч иргэд төсөвтөө тааруулж сонголт хийх гэж  холхих аж. Нэг үгээр хэлбэл, боломжийн үнэтэй, өнгө үзэмж сайтай ууц авах гэж тэр. Ууцыг ихэнхдээ гулууз хэлбэрээр нь үнэ тогтоож, зардаг ч иргэдийн худалдан авах чадвартай уяж, килограммын үнээр  тооцох нь  ч байв. Цагаан сар болох дөхөхтэй зэрэгцэн ууцны үнэ олон нийтийг “айлгасан”. Өдөр тутмын зарим сонин дээр арваад хоногийн өмнө ууц 250.000-400.000 төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлж байсан. Харин тус захад өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс ууцны үнэ “уруудаж”, өнөөдрийн байдлаар 80-320 мянган төгрөгийн  үнэтэй байна. Тус захад тав дахь жилдээ ууц зарж буй Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэний хэлж буйгаар ченж нарын гарт “орсон”  ууцны үнэ, малчдынхаас өндөр байдаг гэнэ. Хэмжээний хувьд ижил ууцыг зэрэгцэж зогссон  хоёр машинд 220 мянга, 300 мянган төгрөгөөр худалдаалж байх жишээтэй. Үнэ ийм зөрүүтэй байгаа нь аль аймгийн, ямар сумаас ирсэн гэдгээсээ нэлээд хамаарч байгаа бололтой.  

Нийслэлийн махны худалдааны төв цэгээр очсон болохоор махны жижиглэн худалдаалах үнийг сонирхоод авлаа. Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос нэг кг тутамд дунджаар 200-500 төгрөгөөр өсч, ямааны цул мах 6500, ястай 5500, хонины цул мах 7000-7500, ястай 5500-6000, үхрийн цул мах 7800-9300, ястай 7200-7500, адууны цул мах 5000-5200 ястай 3500-3800 төгрөгийн үнэтэй байна.

“Цесна” гурилын борлуулалт “гялалзаж” байна

Цагаан сарын бууз амттай, сайхан болоход гурилын чанар чухал нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл, Цагаан сарын бууз гурил “голох” нь бий.  Зах зээлд чанартай, боломжийн үнэтэй гурилын нийлүүлэлт хэвийн ч энэ удаа  буузны гурилын сонголт дээр иргэд  Оросынхыг илүүд үзэж байгаа аж. Учир нь, улсын хэмжээний гурлын хангамжид ахиу жин дардаг “Алтан тариа” компанийн бууз хийхэд тохиромжтой Дээд гурилын чанар муу байгаа нь ийнхүү иргэдийг импортын гурил чухалчилахад хүргэжээ.  Гэхдээ “Улаанбаатар” үйлдвэрийн Дээд, “Хурх” зэрэг дотоодын үйлдвэрийн гурилын борлуулалт сайн байгаа аж. Үнийн хувьд  борлуулалтаасаа хамаараад “Цесна” гурилын үнэ нэмэгдсэн талаар “Хүчит шонхор” захын  гурил борлуулдаг наймаачид  хэллээ. Тус гурилын үнэ кг тутамд дунджаар 1000 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 10 кг-ын савлагаатай нь тасраад байгаа гэнэ. Тэгвэл 50 кг-ын савлагаатай нь  өнгөрсөн долоо хоногт 75 мянган төгрөгөөр тус захын гурилын худалдаачдад  ирж байсан бол өнөөдөр  80 мянган төгрөгийн үнээр нийлүүлэх болжээ. Наймаачид  ч ирж байгаа үнэ дээрээ 5000  төгрөг нэмж иргэдийн гарт хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн иргэд бууз, баншинд зориулж тийм их хэмжээгээр нь гурил аваад байдаггүй. Ихэнхдээ 10, 25 кг-ын савлагаатайг авдаг учраас 50 кг-ын “Цесна” гурилыг задалж зарж буй юм.

“Алтан тариа”-н гурилын чанарын талаар тус  компанийн Маркетингийн албаны дарга Ч.Аюушжаваас тодруулахад “Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард манай  Дээд гурил  будааны чанараас шалтгаалаад  жаахан чанаргүй гарсан тал бий.  Гэхдээ бид дараа сараас нь  будааны чанартаа анхаарч, гурилын чанараа  хэвийн байдалд нь  оруулсан. Тиймээс манай гурилыг хэрэглэхэд асуудалгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Чихэртэй ааруулын үнэ 500 төгрөгөөр нэмэгдэв

Цагаан сарын тавгийн идээний чимэг болох цагаан идээний  эрэлт ихэсч, “Хүчит шонхор” захын энэ төрлийн  лангууны худалдагчид тун  завгүй.  Цагаан идээний наймаачдын төлөөлөл “ Цагаан идээний үнэ харьцангуй тогтвортой байгаа” гэх боловч  чихэртэй ааруулын үнэ  гурав хоногийн өмнөөс 500 төгрөгөөр нэмэгдэж, кг нь 8000-9000 төгрөгт хүрсэн байна. Харин хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна.

Тэмдэглэлт баяр бүрийн үеэр олны хөлд дарагддаг Улаанбаатар хотын тоотой хэдэн худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захаар иймэрхүү сонинтой байна.
Г.Орхон