Эрхэм  та замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн мөн үү? Өөрөөр хэлбэл ногоон гэрэл, цагаан шугамаар гарч хэвшсэн үү? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Бид өглөө гэрээсээ гараад л  замын хөдөлгөөнд оролцох шаардлага зүй ёсоор үүсдэг.  Гэвч иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл багатай байдгаас осол гэмтэл гарах нь цөөнгүй билээ. Тиймээс  иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн боловсрол олгох ажлыг холбогдох газрууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Юуны өмнө энэ оны байдлаар бүртгэгдсэн зам тээврийн ослын талаарх баримтыг сөхье.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн зам тээврийн ослын 141 мэдээллийг шалгахад, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс харвал, зам тээврийн ослын багагүй хэсэг нь гэмт хэргийн шинжтэй гарсан байгаа нь харагдаж байна.

Мөн зам тээврийн ослууд ихэвчлэн ажлын өдрүүдэд гардаг болохыг өнгөрсөн онд гаргасан судалгаанаас харж болох юм. Тухайлбал,  даваа, пүрэв гаригуудад 14 хувьтай гарсан бол мягмар, лхагва гаригуудад 13,6 хувьтай байна. Харин баасан гаригт осол гэмтэл хамгийн өндөр буюу 16 хувьтай гарчээ.   

Манай улсад гарч байгаа нийт хэргүүдийн 6,5 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гарсан байдаг аж.      Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь  хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах хэргийн дараа буюу дөрөвдүгээрт орж байгаа нь зайлшгүй анхаарч үзэх асуудал болсныг илтгэж байна.   

Харин энэ асуудалд дэлхий нийт анхаарлаа аль хэдийнэ хандуулаад эхэлчихэж.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” 10 жил болгож зарлажээ.

Харин зам тээврийн осол хөдөө орон нутагт ямархуу түвшинд байгаа нь сонирхол татаж байгаа юм.  

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2000-2009 онд нийт 13477, жилд дунджаар 1348 бүртгэгдсэний 56.9 хувь нь нийслэлд, 43.1 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Энэ тоо бол энэ төрлийн осол гэмтэл хөдөө орон нутагт ч цөөнгүй гардаг болохыг харуулж байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 43.1 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж, нас барсан хүний 64.0, гэмтсэн хүний 42.8 хувийг тус тус эзэлж байна. Ийнхүү нас барсан тохиодлын дийлэнх хувь нь орон нутагт гарсан нь  ослын газар хугацаа алдаж очих, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх нь удаашралтай байгаатай холбоотой гэж болох юм.

Мөн үүнийг орон нутгийн замын цагдаагийн албаны хяналт, шалгалтын ажил хүрэлцэхгүй байгаатай, ялангуяа шаардлагатай унаа, бензин шатахууны зардал, техник, хэрэгслийн хангалт дутмаг байгаатай холбож үзэхээс өөр аргагүй юм. Тиймээс энэ асуудалд анхаарч, дорвитой ажил хийх цаг болжээ. Ийнхүү санаангүй осол гэмтлийн улмаас өдөрт хэд хэдээрээ хорвоог орхиод байвал цөөхөн монголчууд минь яах вэ?

Ямартай ч аймгуудын хэмжээнд гэрлэн дохио, хурд сааруулагч, замын тэмдэг, заалтуудын судалгааг нарийвчлан гарган, аймгийн засаг дарга нарт МУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбогдуулан тэмдэг заалт, гэрлэн дохио, телекамерийн нөхөн сэргээлт, засварлах, хяналтанд авах тухай саналыг хүргүүлснээр авто замын осол, гэмтэл багасах талтай хэмээн холбогдох албаныхан онцолж байна.

Мөн жолооч бэлтгэх, шалгалт авах үйл ажиллагааг шинэчилж дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд бага наснаас нь замын  хөдөлгөөнд оролцох дэг соёл, хууль дүрмийг дагаж мөрдөх сахилга, дадлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна.

Авто ослоос урьдчилан сэргийлэхэд бидний үүрэг оролцоо ч чухал. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай хандах нь чухал байна.   

Б.Хорлоо