Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон. Харин Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх уг төлөвлөгөөг хууль зөрчсөн гэж үзэн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд  мэдэгдэл хийсэн юм. 

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг батлалцан тохиролцож гарын үсэг зурсантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаварыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна.

 

Хоёр. Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан 8 бүлэг, 57 зүйл, заалт бүхий “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө“ гэх “Гэрээ”-нд тусгагдсан заалтуудаас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг шуурхайлах, Монгол Улсын холбогдох бүх хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах, санхүүжилтийн бүртгэлийг өөрийн санхүүгийн бүртгэл, тооцоонд ил тод хөтлөх, тайлагнах, бүтээгдэхүүний агууламж, хэмжээг болон баяжмал дахь зэс, алт, мөнгийг тооцох зарчмыг тогтоох зэрэг 30-н зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч харилцан хяналттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

 

Гурав. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.

 

Дөрөв. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна.

 

Тав. Оюутолгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах, менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам.доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна.

 

Зургаа. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна.

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Оюутолгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдлээ.

 

Г.Мягмарсүх