Бүжин гэх эмэгтэйн дүрээр олны танил болсон жүжигчин Б.Баярмаа киноны саналд дарагддаг. Уран бүтээлийн ажлаа ч амжуулна, гурван охиноо ч өсгөнө гээд олон ажлыг зэрэг амжуулдаг эмэгтэй. Тэрбээр өчигдөр гол дүрд нь тоглосон киноныхоо нээлтэн дээр БСШУЯ-ны жуух бичгээр шагнуулжээ.

Одоогоос хоёр сарын өмнө гурван охиныг нь харах хүнгүй байсан тул киноныхоо зураг авалтанд хамтдаа явсан гэдэг. Мэдээж ээжийн үүргээ гүйцэгдэхийн хажуугаар ажлаа амжуулна гэдэг амаргүй даваа. Гэтэл энэ үеэрээ охидуудтайгаа хамтдаа авахуулсан гэрэл зураг олны шүүмжлэлд өртөж, хэсэг бүлэг хүмүүс охидыг зүй бус үг хэрэглэж сэтгэгдэл үлдээж байсан нь жүжигчин бүсгүйг гомдож тайлбар хийсэн билээ.

Тэрбээр "Жоохон тайлбар хийе гэж бодлоо. Зарим хүмүүс буруу ойлголттой байх шиг байна. Охидуудыг минь тэр өдөр харах хүн олдохгүй зураг авалтандаа аваад явсан. Бас охидууд ихэнхидээ аавыгаа дуурайдаг шүү дээ. Миний хүүхдүүд хичнээн хөөрхөн хайр татам, авьяаслаг, ухаалаг гэж санана. Тиймээс найзуудаа хүүхдүүдийг минь янз бүрээр битгий бодож бичээрэй. Эх хүн болгон л над шиг эмзэглэх байх. Ер нь охин хүүхэд өсч том болох тусмаа улам л үзэсгэлэнтэй болдог шүү дээ.Өөртөө анхаарал тавьдаг л бол ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй" гэсэн юм.

Харин энэ удаад тэрбээр эх үрсийн баяраар ийн гангарч, хөөрхөн охидуудтайгаа хамтдаа авахуулсан гэрэл зургаа цахим хуудаснаа нийтлэв. Дайчин, хөөрхөн жүжигчин бүсгүйдээ болон гурван гүнжид нь эрүүл энх, аз жаргалыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Д.Ана