Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ
2015/06/11
Одоогийн байдлаар Завхан, Увс, Хөвсгөл аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад байна. Зургадугаар сарын аравдын өдийд бөхийн бэлтгэл ерөнхийдөө жигдрэх тал руугаа хандсан байдаг. Гэвч өнөө жил бөхчүүдийн гол амь тариа болох бэлтгэлийн бааз суурь сайн хангагдаж өгөхгүй зовоож байгаа аж.
Дам сураг дуулбал, эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа гэнэ. Наадмынхаа бэлтгэл дээр наранд биеэ шараад налайтал хэвтэж байх нөхөд мөнгөний эрэлд мордоцгоож нутаг нутгийн компанийн захирлын үүдийг сахиж суугаа юм байх. Зарим нэг нь юун бэлтгэлтэй манатай байгаа бололтой. Сүүлийн дөрвөн жилийн наадмын түрүүг хүртээд байгаа Увс нутгийнхан сэргэлтийн бэлтгэлдээ зургадугаар сарын эхээр гарчээ. Уламжлал ёсоор Туулын хөвөө, Харзтайн амралтаа бараадсан байна. “Увс нуур” дэвжээний галыг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох ахалж байгаа ажээ. Өнгөрөгч жил Б.Гантогтох гарьдаар ахлуулсан Увс нутгийн галаас төрийн наадмын түрүү хүчтэн тодорсон. Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурь ес давж арслан цолны болзол хангасан билээ. Өмнө нь “Увс нуур” галыг О.Балжинням аварга ахалж байв. Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон жил ажиллаж олимп, тив, дэлхийн наадмаас бахдам амжилттай ирдэг аварга ус нутгийнхаа бөхчүүдийг шигшээгийн тамирчид шиг бэлдсэн. Маш нарийн тактик боловсруулж бэлддэг байв. Ямар сайндаа “Балжаа аваргын хар дэвтэр” гэх яриа бөхийн хүрээнд гарч, бусад аймгуудын галыг ахалж буй бөхчүүд Балжаа аваргын тактикаас суралцах хэрэгтэйг манай сонин сануулж байсан.Балжаа аваргын “хар дэвтэр”-т бичигдсэн нарийн тактик, олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр заан цолноос дээш ахиж өгөхгүй байсан Б.Ганбат төрийн наадамд түрүүлж, улмаар дараа жил нь буюу 2011 оны ерэн жилийн түүхт ойгоор харцага цолтой С.Мөнхбат шууд арав давж түрүүлэн аварга болж, дараа жил нь улсын цолгүй байсан П.Бүрэнтөгс гэдэг горзгор залуу шууд ес даван түрүүлж арслан болж байсан. Балжаа аварга хар дэвтрийнхээ нууц төлөвлөгөөг Гантогтох гарьдад шилжүүлсэн нь үр дүнгээ өгч Батсуурь гэдэг залуу арслан болох жишээний. Харин Гантогтох тэр хоёрыг өнөө “хар дэвтэр”-ээ өгөлцөж авалцаж байх сиймхийгээр Сэлэнгийн Г.Эрхэмбаяр төрийн наадамд түрүүлээд авсан байх шүү.
“Увс нуур” галд залуу аварга Сүхбаатарын Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, уран барилдаант начин Т.Баасанхүү нарын хүчтэнүүд бэлтгэлээ базааж буй. Д.Бумбаяр заан зарим жилүүдэд “Алдартан” спорт клубийнхээ тамирчдыг аваад тусдаа бэлтгэлд гардаг байсан. Сүүлийн жилүүдээс “Увс нуур” галтайгаа нийлжээ. Энэ галаас улсын цолонд баараггүй хүрнэ гэх найдварыг хүлээгээд байгаа хоёр хүчтэн бий. Тодруулбал, аймгийн хурц арслан Оюуны Гантулга, цэргийн арслан Бадрахын Ганзориг нар юм. Тэр хоёрыг цолонд хүрчих болов уу гэх итгэл галынханд нь байгаа. Мөн Тулгаа зааны хүү аймгийн арслан Сүрэнжав, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Д.Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Жаргалбаяр нар цолонд зүтгэнэ. Удам дагасан хүчтэнүүд гээд юм бодож л суугаа нь мэдээж.
Сүүлийн хоёр жилийн наадмын үзүүрийг булааж, Цэрэнпунцаг, Баяржавхлантайгаа нийлээд дөрвөн ч гарьдтай болоод авсан Завханы бөхчүүд Сүүж уулын энгэрийг барааджээ. Тэд Отгонтэнгэрийнхээ бэлд зарим жил сэргэлтийн бэлтгэлээ хийдэг. Түрүү жил Баяржавхлан, Гончигдамба нар ахалж нутгийнхаа дэнж дэвсэг дээр бэлтгэлээ базаагаад наадам тулгаж Сүүжид ирж байсан. Харин өнөө жил Б.Гончигдамба гарьд нутгийнхаа хэдэн бөхийг, мөн “Алдар” спорт хорооны тамирчдын хамт Хандгайтад аваад гарчээ. Гончигдамба гарьдын ахалсан галд сүүлийн үед бөх сонирхогчдын дунд дуулиан шуугианы эзэд болоод байгаа аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нар байгаа гэнэ. Пүрэвгарьдын хувьд биеэр жижиг, жин багатай ч хэнд ч бярдуулдаггүй уран дайчин барилддаг нэгэн. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд Мөнхбат аваргатай оноолт таарч залуу аваргыг ихэд сандаргасан. Пүрэвгарьд арсланг өнөө жил улсын цолонд хүрэх болов уу гэж бөх сонирхогч олон тааварлаж байгаа.
Сүүж ууланд улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, аймгийн хурц арслан Данзангийн Батжаргал тэргүүтэй Завханы хүчтэнүүд гараад байна.
Жаргалсайхан гарьдын хувьд энэ жил дээшээ барилдана гэж зүтгэнэ. Түрүү жилийнх шигээ цойлоод өгөхийг таашгүй. Мөнхбат, Эрхэмбаяр, Мөнхбаатар, Ганбаатар гээд улсын наадмын түрүү, үзүүр бөхчүүдийг таваас наймын даваанд дараалуулан тахимдах мэхээрээ хаяж үзэгчдийн цөсийг хөөргөсөн Жаргалсайханыг яаж барилдах бол хэмээн олон хүн харж байгаа. Эдний галын бөхчүүдээс улсын уран барилдаант начин Л.Нямсүрэнг цолоо батлах, Д.Батжаргал, Б.Ганбаатар нарыг улсын цолонд хүрэх болов уу гэж Завханыхан харж байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга 11 түрүүгээ хүртсэн Сүүж уулын амралтад нутаг нутгийн бөхчүүдийн гал багтаж ядан байдаг газар. Энд хуучин цагт “Хүч” спорт хорооны бөхчүүд улсын заан Д.Мягмар, Ч.Бямбадорж нараар ахлуулж гардаг байлаа. Сүүлд Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын заанууд “Хүч”-ийнхээ бөхчүүдийг авч гардаг байсан. Өсөхөө аваргын хэд хэдэн түрүү, Сумъяабазарын 2006 оны түрүү Сүүж уулаас тодорсон гэдэг.
Сүүлийн жилүүдэд “Аварга” дээд сургуулийн багш Б.Адъяахүү шавь нараа авч энд галд гарах болсон. Удахгүй тэд Сүүжээ бараадна. Адъяахүүгийн шавь гэвэл улсын харцага Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд гээд тун эвгүй нөхөд байгаа. Бараг л өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдах залуу хүчтэнүүд. Хэнтийн Өмнөдэлгэрийн Э.Оюунболдын хувьд энэ жил бэлтгэл тун сайтай байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхөд тэрээр арав давж түрүүлсэн. Тэрхүү 1024 бөхийн тал нь буюу 512 нь энэ жилийн наадамд зодоглоно. Тэгэхээр Оюунболдыг түрүү үзүүрт шалгараад зогсож байхыг нь үгүй гэх аргагүй. Цаана нь Ховдын Пүрэвсайхан гэж гайхал байна. Бас л дээгүүр барилдана гэж яригдаж байгаа бөх. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн чансаа өндөр128 бөхийн барилдаанд тэр торолгүй түрүүлсэн. Энэ цаг үеийн бүх л шилдгүүдтэй хүч үзээд түрүүлсэн. Адъяахүүгийн галд “Аварга” дээд сургуулийн төгсөгчдийн нэг Сүхбаатар нутгийн Ш.Мөнгөнбаатар арслан гарна. Тэр жилийн цагаан сараар түрүүлсэн Мөнгөнбаатарыг улсын цолонд хүрчихээсэй гэж ард түмэн олон жил хүлээж байгаа. Өнөө жил нэг юм дуулгаж, халхын алдарт Буянтоо аваргын нутаг Сүхбаатарынхныгаа баярлуулах биз ээ.
Алтайнхан өнөө маргаашгүй бэлтгэлдээ гарахаар базааж байна. Тэд улсын начин Доёдын Бадрахаар ахлуулж Цонжин Болдогийн хойхно талд “Мандал” амралтын газар бэлтгэлдээ гардаг. Бадрах начинтай холбогдоход “Ирэх амралтын өдөр Бүх цэргийн наадам болно. Уг наадмыг өнгөрөөгөөд бид бэлтгэлдээ гарна. Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гарьдууд, Б.Соронзонболд заан, Ду.Батбаяр, Л.Гантулга, Л.Цэрэнтогтох нарын начингууд гээд манай Алтайн хүчтэнүүд бүгдгарна. Д.Тангад, Ж.Алтаншагай, Б.Хишигбаатар, Ш.Шинэбаяр нарын улсын цол горилж байгаа залуучууд байна даа” гэв. Говь-Алтай болоод Архангай аймгийн галд хоёр хэцүүхүн байгаа. Тэд өнгөрсөн жил улсын начин цолны болзол хангасан ч наадмын дараа допингийн шинжилгээнд бүдэрч цолоо хураалгаад байгаа Говь-Алтайн аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар. “Хантайшир” дэвжээний дасгалжуулагчаас Суманчулуун бэлтгэлдээ гарах эсэхийг тодруулахад “Одоогоор холбогдоогүй байна. Суманчулуунтай бөхийн асуудлаар, наадмын бэлтгэл гээд ярихад их хэцүү байна. Сэтгэл зүй ямар байгааг нь багшийн хувьд мэдэж байна. Ямар ч байсан бэлтгэлд гарах өдрөө дөхүүлээд холбогдоно доо” гэх хариултыг өгөв.
Архангайн бөхчүүд өнгөрсөн жил бэлтгэлээ базаасан “Монгол номадс”-ын амралтыг зорих гэнэ. Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахалж байгаа. Ерөнхий дасгалжуулагчаар нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Чимидийн Гочоосүрэн ажиллаж байгаа юм. Архангайн галд өнөө жилийн наадмаар тун дээгүүр барилдана хэмээн олны таавар дэвшүүлж суугаа өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагва, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар бэлтгэлд гарна. Пүрэвдагва начны хувьд энэ жил жигд бэлтгэлтэй, бөхийн өргөөний барилдааныг бараг өнжөөгүй нэгэн. Заал танхимын барилдаанд ихэвчлэн түрүү үзүүр, их шөвөгт шалгарч байсан. Өсөхөө аварга, Гочоо заан нар Пүрэвдагва, Санжаадамба нартай түлхүү ажиллах нь дамжиггүй. Тэр хоёрыгоо морь шиг л сойж байгаа. Пүрэвдагвыг Ховдын Пүрэвсайхан, Хөвсгөлийн Содномдорж, Хэнтийн Оюунболд гурвын аль нэгтэй тавын даваанд тунана гэх таамаг дэвшүүлж байгаа байх. Тэгээд л хүн хүн дээр нь ажиллаж “уяа сойлго”-ыг нь тааруулна. Санжаадамбыг бол Гончигдамбатай тунана гэж үзнэ. Өнгөрсөн жил хоёр Дамба долоогийн даваанд тунасан. Энэ жил дахиад тунах магадлал өндөр. Архангайн галд Ч.Ганзориг, Ш.Шинэбаяр, Э.Ванданцэрэн нарын аймгийн идэрхэн арслангууд бий. Тэдулсын цолны босгонд ойрхон яваа бөхчүүд. Мөн Хишигдорж зааны авчирсан Бадарч гэж хүү бий. Тэрхийн цагаан нуурын хөвөөнд сарлаг хариулаад явж байсан хүүг Хишгээ заан “Бөхбилэгт” дэвжээндээ авчирч бэлтгэл хийлгэсэн байдаг. Аймгийн арслан Мягмарын Бадарч улсын наадамд Балжаа аваргаар дөрөв давж начны даваанд хүч үзсэн нэгэн.
Гочоосүрэн заан “Адъяабат маань амьд мэнд л байгаа дуулдана” гэж яриан дундаа хэлээд авсан. Допингийн дуулианаар улсын начин цолоо хураалгасан Найдангийн Адъяабатыг хэлж байгаа нь тэр. Адъяабат түрүү жилийн наадмаар Булганы М.Өсөхбаяр заанаар дөрөв давж, тавын даваанд нутгийн ах Өсөхөө аваргыг өвдөг шороодуулснаар улсын начин цол хүртсэн. Харин допингийн дуулианаас хойш чимээ сураг тасарчээ. Тиймийн учир багш нь “Амьд мэнд л яваа сурагтай” гэж хэлээд байгаа хэрэг л дээ.
Одоогоор Булганы бөхчүүд хэрхэн бэлтгэлдээ гарах нь тодорхойгүй байна. Нэг хэсэг нь Бугын сангийн аж ахуйд Өвөрхангайн “Хилчин” спорт хорооны бөхчүүдтэй бэлтгэлд гарахаар болжээ. Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын заанууд “Хилчин” спорт хорооны тамирчид юм. Зарим нэг нь Доржсамбуу гарьдаа дагаад уламжлал ёсоор “Дугана хад”-ны амралтаа бараадах бодолтой байгаа аж. Булганаас өнөө жил хэд хэдэн бөх улсын цолонд зүтгэж байгаа. Тухайлбал, Б.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын аймгийн арслангууд бий. Мөн “Женко” дэвжээний бөх жүдогийн олон улсын хэмжээний мастер, аймгийн харцага Д.Пүрэвдорж байна. Тэрээр саяхан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд Увсын Н.Батсуурь арсланг тонгорч хаяад одтой барилдсан. Өсөхөө аваргын ижий аав хоёр түүнд Буур аваргын нэрэмжит шагналыг хүртээсэн юм. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн Богд уулынхаа өвөр бэлийг, Сэлэнгийн “Таван хаан” дэвжээнийхэн Г.Эрхэмбаяр аваргаар ахлуулаад Төр хурахын амыг, Баянхонгорын “Хонгор нутаг” дэвжээнийхэн Д.Батболд харцагаар ахлуулаад Бугын сангийн аж ахуйг бараадахад бэлэн болжээ.
Бугын сангийн аж ахуйд уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Бандийн Ганбаатар арслангаар ахлуулаад гарна. Түрүүчээсээ сэргэлтийн бэлтгэлдээ гарч, ирэн очин байгаа сурагтай. Энэ галд аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддорж, Батсүхийн Батдорж, аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга нарын улсын цолонд ойр яваа залуучууд бий. “Хилчин” спорт хорооны дарга нь Ховдын Ц.Мягмарсүрэн заан болсон. Улсын цолны тааварт тун дээгүүр яваа аймгийн арслан Оргихын Хангай энд бэлтгэлд гарах болов уу гэсэн таамаг байна. Мөн Мягаа зааны шавь Баян-Өлгийн Баатарцол тэргүүтэй залуучууд Бугын сангийн аж ахуйд гарна байх. Улсын цолонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа Б.Одгэрэл “Таванхаан”-д, Эрдэнэбатын Даш “Хур харцага” дэвжээнд, Болдын Эрдэнэхүү “Хонгор нутаг” дэвжээнд наадмын бэлтгэлдээ гарах юм.
Ө.МАНЛАЙ