Монгол Улсын арслан, гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарамтай хийсэн ярилцлагаа уншигчдадаа толилуулъя.

 
-Таныг 2007 онд гавьяат дасгалжуулагч болоход найз нөхөд, шавь нар тань “Хожуу ч гавьяат дасгалжуулагчаар шагнасан нь эзнээ оллоо. Уг нь эрт энэ цолыг авах ёстой хүн шүү дээ” гэцгээж байсан. Танай нутгийн бөх дархан аварга А.Сүхбат таныг гавьяат болоход баярлахдаа азарга адуу бэлэглэсэн. Бэлгийн адуу тань өсч байгаа биз дээ?
 
 
-Адуу өсч байгаа.
 
-Та ХААИС-д тавь шахам жил багшилж, дөч гаруй жил сонгомолоос бусад бөхийн дасгалжуулагчаар ажиллаж, олон алдартай бөх төрүүлсэн. Шавь нарынхаа талаар ярихгүй юу? 
 
 
-Намайг улсын наадамд зодоглож өсөх ирээдүйтэй залуу бөх гэгдэж эхэлсэн 1950- аад оны сүүлч, 1960-аад онд үндэсний бөхийн дасгалжуулагч байгаагүй. Улсын арслан Чойжилсүрэн бид хоёр ХААДС-д нэг жил элссэн үеийн оюутнууд болохоор сав л хийвэл хоорондоо барилдаж, бие биеэ дасгалжуулдаг байлаа. Улсын арслан У.Мижиддорж ч бид хоёртой барилдаж, бэлтгэл хийдэг байв.
 
Бид гурав хэн хэнээ дасгалжуулж, улсын арслан болцгоосон юм. Манай ХААДС бөхөөрөө алдартай байлаа. ХААДС- ийн ректороор тасралтгүй 26 жил ажилласан профессор Ц.Жамъянжав бөхийн шинжийг гойд сайн мэддэг, бөхөд хачин их хайртай. Жа багш бөх болох ирээдүйтэй олон зуун хүүхэд сургуульдаа элсүүлэн сургаж, тал бүрээр дэмжиж, улсын цолтой олон бөх төрүүлсэн.
 
Манай сургуулиас надаас гадна Чойжилсүрэн, У.Мижиддорж, М.Мөнгөн, Ж.Хайдав нар улсын арслан, Амгаа, Д.Дүвчин, Ишгэн, Мягмар нар улсын заан, О.Бахыт улсын харцага, Жанчивдорж, Чулуун, Гомбосүрэн, Р.Лхагвасүрэн, Ч.Батбаатар, Х.Түвшинсанаа, Г.Эрдэнэбат, П.Эрдэнэбаяр, Ю.Батаа, С.Дангаасүрэн, С.Нямжав нар улсын начин цол хүртэж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ хайр талархал хүлээж байв.
 
Шавь нараас З.Дүвчин, О.Бахыт нар гавьяат болж, Цэнгэнбаяр, Зоригоо нар дэлхийн аваргаас мөнгөн медаль авч энгэрээ мялааж, зургаан шавь минь олон улсын хэмжээний мастер болсон юм. Үндэсний бөхийн мэх зааж дасгалжуулж байсан 25 шавь минь аймгийн арслан, 106 залуу аймгийн заан, начин цолтон боллоо. Сумын заан шавь хэдэн зуу бий.
 
-Таныг нутаг амьтай хүн гэлцдэг. Баянбараат таны шүтээн юм аа даа?
 
 
-Манай нутагт Баянбараат гэж эртний тахилгатай сайхан хайрхан бий. Тэр хайрханы нэрээр манай сумыг нэрлэсэн юм. Би дөч гаруй жил улсын их баяр наадамд зодоглохдоо Төв аймгийн Баянбараат сумын харьяат, хөдөө аж ахуйн дээд (Хожим их сургууль болсон) сургуулийн бөх гэж орон даяар зарлуулж явсандаа бахархдаг. Төрсөн нутаг, төрөлх сургуульдаа үнэхээр хайртай. Баянбараат сум, Хөдөө аж ахуйн дээд сургууль хоёр намайг бөх болгосон болохоор хайрлаж дээдлэхгүй байхын аргагүй.
 
-Та нутагтаа нэртэй баян Лувсанчимэдийн отгон хүү. Эрхи танхи өссөн үү?
 
 
-Манайх мал, малын захтай, аав ан ав, арилжаа наймаа эргүүлж, хааяа жаалаад алга болчихдог байсан болохоор надад эрхэлж суух зав байгаагүй. Номхон морь унах болсон цагаасаа хонь, хурга, адуу малын хойноос давхиж, өдөржин ховоо татаж мянга гаруй малаа услах гэж тэвддэг байв. Арван хэд хүртлээ өдөр бүр ховоо татаж, мал усалсны ачаар хоёр гарын булчин эрт хөгжиж, бөх болоход нөлөөлсөн. Би цээж болон хоёр шуундаа их бяртай байлаа.
 
-Бөхийн удамтай биз?
 
 
-Манай аав өндөр чийрэг биетэй, шөрмөстэй хүн байсан боловч овооны наадамд дээлтэйгээ гарч ганц хоёр ноцолдсоноос хэтрээгүй юм билээ. Аав уг нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд төрж тэнд өсөөд хориод настайдаа гэрлэж, Баянбараатад ирж суурьшсан хүн. Ээж Хэнтийн Галшар сумын хүн. Эцэг нь хулгар Бум гэж даншгийн цолтой бөх байсан гэдэг.
 
Ээж тэмээгээр ус авахдаа хүний дэм авдаггүй бяртай хүн байлаа. Нэгэнд нь далаас наян литр ус ордог хоёр модон тоотондоо ус дүүргэж холбоод тэмээгээ хэвтүүлж байгаад хээв нэг давуулаад тавьчихдаг байсан юм. Би нагац ааваа дуурайж бөх болсон гэж боддог.
 
-Таны дархан мэх?
 
 
-Өрсөлдөгчөө эгэм тахим, хайч мэхээр голцуу хаядаг байлаа. Бяртай хүний хөдөлгөөн бүхэн мэх болдог. Би цээжиндээ бяртай байсных биз голдуу гараараа мэх хийдэг байлаа. Хөл мэх хийдэггүй болохоор гуталд гамтай байдагсан. Гэтэл хөлөөрөө голдуу мэх хийдэг улсын заан Мягмар намайг нэг гутал элээгээгүй байхад дөрвөн гутлын улыг эргүүлээд хаячихсан болно. Хөл мэх хийдэг, хүчтэй хүний гутал амархан элэгддэг юм билээ.
 
-Баянаа, Мөөеө аварга хоёр нэг үе танаас цэрвээд амладаггүй байсан гэдэг?
 
 
-Өөрсдөөс нь асуувал үнэн худлыг нь хэлээд өгнө дөө. Ах нь ид байхдаа хоёр мөнхтэй олон барилдаж хаяж бас унаж явлаа. Цөөн бодит баримт хэлье. Би Монголын ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, улсын заан цол, мөнгөн медалиар шагнуулж билээ. 1962 онд үндэсний бөхийн улсын аваргад түрүүлж, Ж.Мөнхбат аварга надад унаж, хоёрдугаар байрт орж байлаа.
 
1963 онд Монголын бүх ард түмний хоёрдугаар спартакиадад уналгүй түрүүлж, улсын арслан цол хүртэж, Х.Баянмөнх хоёр дугаар байранд орж, заан цол авч байв. Тухайн үед хоёр мөнхийн зүрхэнд шар ус хуруулж явж дээ. 1960-аад оны эхээр санагдана. Улсын наадмын наймын даваанд Ж.Мөнхбаттай таарлаа, Тэгсэн Мөөеө гарч ирчихээд хоёр гуяа байн, байн алгадаж, надаас дөлсхийгээд байв.
 
Яагаад тэгээд байгааг нь би анзаарсан ч үгүй. Тэр барилдаанд Мөөеө намайг давсан юм. Хожим учрыг нь асуухнаа нь “Танаас айж гуя чичрээд болдоггүй ээ. Түүнийгээ мэдэгдэхгүй гэж гуяа дахин, дахин алгадаж, айдсаа үргээж байсан юм” гээд инээж билээ. Баянаа ч дархан аварга болоогүй байхдаа надаас жийрхдэг байсан гэвэл одоогийн залуус итгэхгүй биз. Хоёр аваргын зүрхэнд шар ус хурааж явсныг мэдэх ахмад бөх олон бий дээ. Хоёр аварга ч худлаа гэхгүй байх.
 
-Та Японы сүмод шавь нараа оруулж, сүмо бөхөөр хичээллэх замыг нь нээж өгсөн багш, дасгалжуулагч хүн. Энэ талаараа ярихгүй юу?
 
 
-2000 онд Токио хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, тус сургуулийн сүмо бөхийн клубын эрхлэгч, Японы сонирхогчдын сүмо бөхийн 1986 оны аварга Ясу нарын сүмогийн хэдэн мэргэжилтэн Монголд ирж бөхчүүд сонгож авах болсон. Дасгалжуулагч хүн шавь нарынхаа төлөө гүйдэг жамтай. Ясутай уулзлаа. Тэгсэн Ясу таны шавь нараас авах хүүхэд байна.
 
Та нэгдүгээрт зөв боловсон хүмүүжилтэй, хоёрдугаарт бөхийн удамтай, гуравдугаарт ар гэрийн бололцоотой хүүхэд өгөөрэй гэлээ. Би бодож, бодож улсын начин Алтангадасын хүү А.Хүчитбаатар, улсын начин Даваадалайн хүү Баянбат нарыг дагуулж очиж шалгуулахад хоёулаа тэнцэж, Токио хотын хөдөө аж ахуйн их сургуульд шууд суралцахын зэрэгцээ тэр сургуулийн сүмо бөхийн клубт хичээллэхээр явсан.
 
-Танд мартагдашгүй даваа байж л таарна. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
 
 
-Төрийн наадмын торгон ногоон дэвжээн дээр барилдаж байхад тийм зүйл бишгүй л тааралдаж байв. 1984 оны улсын наадамд дөрөв давчихаад “Сүрхий барилддаг залуу байна. Алтангадасыг амлаж, начин болгодог юм бил үү дээ” гэж бодоод сууж байтал Ж.Мөнхбат аварга хүрч ирээд “Чи түүнийг начин болгож яах юм бэ. Би чамайг авлаа” гэчихээд яваад өглөө.
 
Хэлснийхээ дагуу намайг амлалаа шүү. Ж.Мөнхбат аваргад дургүй хүрч хор шар буцлаад явчихдаг байгаа. Чамайг заавал хаяна даа гэж шарлахсаар гарч хүч үзээд өөрөөсөө гурван дүү аваргыг 47-тойдоо тавын даваанд хаяж шөвгөрсөн. Ингэж би улсын наадамд 16 дахь удаагаа шөвгөрч билээ. Энэ барилдаан бөх хүн ам авахдаа учиртай, ухаантай хандаж, басалгүй барилдахыг сануулсан нэг сануулга болсон гэж боддог. Харимал бөхийн шийдсэн мэх хэцүү гэдгийг залуу бөхчүүд санаж явахад илүүдэхгүй байх.
 
ШИГТГЭЭ:
Гавьяат дасгалжуулагч, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам 40 гаруй жил улсын наадмын торгон ногоон дэвжээн дээр барилдахдаа монгол бөхийн ёс жаягийг ягштал баримталж, гараа, дэвээ, шаваа, тахим өгөх, авах дэг журмыг ёсчлон биелүүлж, булхай будлиангүй хурдан шуурхай барилддагаараа алдартай бөх. Л.Сосорбарам 22-тойдоо улсын начин, заан цолыг нэг өдөр хүртэж, Монгол бөхийн түүхэнд содон амжилт гаргасан ховорхон бөх.
 
1959 оны Улсын наадам, оюутан залуусын спартиакдад зэрэг болж. Тэрбээр спартакиадад шалгаран оролцжээ. Спартакиадад тойргоор барилдаж байгаа бөхчүүд бага цэнгэлдэхээс төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй улсын наадамд очиж хүч үздэг байж л дээ. Тэр жил Сооёо ( Түүнийг найзууд нь чингэж авгайлдаг ) улсын наадамд зургаа давж, өсөх идэр начин цол аваад хэдхэн цагийн дараа бага цэнгэлдэх хүрээлэнд болж байсан оюутан залуучуудын спартакиадын бөхийн барилдаанд 3-р байр эзэлж, улсын заан цол хүртэж байв.
 
Тэрбээр 1961 онд бүх ард түмний спартакиадын бөхийн барилдаанд үзүүрлэж мөнгө, 1963 онд хоёр дугаар спартакиадад түрүүлж алтан медаль хүртжээ. Сооёо арслан 1962 онд үндэсний бөхийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд түрүүлж, улсын аваргын алтан медалиар энгэрээ мялааж байсан алдарт бөх билээ.
 
Хоёр шуу, цээжиндээ асар их бяртай, уран хурц шуурхай барилдаантай, маш ширүүн дайрдаг, нэг л дайрсан бол учраагаа тэсгээлгүй аваад явчихдаг хийгүй бөх болохоор аваргууд түүнийг амлахаас цэрвэдэг байлаа. Сооёо арслан улсад дөч гаруй жил барилдахдаа ердөө зургаан бөхөд амлуурж үзжээ.
 
Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ш.Батсуурь, улсын арслан У.Мижиддорж, улсын заан Нагнайдорж нар түүнийг зориглон амлаж, давж бас унагаж байжээ. 1960-аад оны сүүл үед нэг цагаан сарын барилдаанд дархан аварга Х.Баянмөнх, дөч гарсан улсын арслан Л.Сосорбарам нар их удаан барилдаж, хэн хэн нь цуцаж, огт хөл мэх хийдэггүй Сооёо арслан Х.Баянмөнхийн хийг тааруулж, нарийн шилбээр нь хүчтэй хавсарч орхисонд дархан аварга дээр хөөрч ар зоогоороо унаж байв.
 
Тэр үед. Баянаа аваргын бяр чадал ид жагсч ид хаваа гайхуулж байсан үе байлаа. Ийм хүчтэй дархан аваргыг ид байхад нь тэгж хаяна гэдэг Л.Сосорбарам ямархан хүчтэй бөх байсны нотолгоо буюу.
 
Сан. ПҮРЭВ /Зохиолч/
 
Эх сурвалж: