Ихэнх хүмүүс энэ хорвоогийн хамгийн агуу эрхэм эр хүн хэн бэ гэхэд аав гэж хамгийн түрүүнд хариулдаг.

Гэтэл ихэнх бус цөөнх нь “яагаад” гэдэг асуулттай үлдэж хоцорно. Тэгвэл үүнд хариулахад тун амархан. Аавыгаа хэзээ ч хараагүй, бас түүнийг үзэн яддаг хүмүүс л тэгж хариулах байх. Тиймдээ ч тэдэнд хэн ч, хэзээ ч шүүдрийн дуслаар цай чанаж өгдөггүй байж магад. Гэхдээ энэ бол тун ховор тохиолдох зүйл юм л даа. Аавдаа хайргүй хүн гэж үгүй. Харин одоо цагт аавдаа хайргүй, аавдаа элэггүй үр хүүхэд байдаг болж. Эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал хүнийг ийм болгодог гэдгийг бид бэлхнээ харж байна. Аавынхаа төлөө амиа өгөхөд ч бэлэн мэт аяглаж явсан залуу өнөөдөр албан тушаалаар амаа үдүүлчихээд таг дуугүй л суугаад байх юм. Бүр өрөөнд нь явж ороод алгадаад авмаар. Тэр хүүг Батшугар гэдэг.

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, өдгөө өргөст торны цаана хүүгээ, охиноо, ханиа харуулдаж суугаа Н.Энхбаярын хүү. Нэгэн цагт хэвлэлийнхэн хаана байна, тэнд оччихсон аавынхаа дуу хоолой болж, туг нь болон хийсч явсан залуу одоо хаана байна. Уг нь гадаадад бус Монголд байгаа. Албан тушаалдаа ханачихаад, илүү үг дуугарвал сандал суудлаасаа ховхорчихно гэж айгаад бүр таг болчихож. Тэр яг аалз шиг байна. Өлсөхөөрөө “аавыгаа, ээжийгээ” идчихдэг аалз шиг. Гэтэл хэнд ч хамаагүй, ямар ч өр төлөөсгүй намынх нь нөхөд амьтан хүний элэг доог болон болон  аавыг нь гээд явж байна. Бүр амиа ч өгөхөөс буцахгүй явж байна. Сайдын суудал, парламентын гишүүнийхээ нэр хүндийг ч гаргуунд хаян Батшугарын аавын төлөө явж байна. Харин аалз хүү нь л чимээгүй суусаар. Аавынхаа төлөө дуугарч чаддаггүй юмаа гэхэд, аавынх нь төлөө тэмцэж байгаа тэдэнд урам өгчих сэтгэл Шугар хүүд лав алга. “Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол Н.Энхбаяр даргыгаа суллана” гэж хэнээс ч ичилгүйгээр, айлгүйгээр зоригтой хэлж байгаа хар элгийн эмэгтэйгээс ч долоон дор үрд монголчууд гомдож байна.

 Түүний аавынх нь үйлдсэн хэргийг Монгол Улсын шүүх шүүсэн. Ялласан. Гэхдээ төрсөн үр нь аавыгаа албан тушаалаар шүүж, яллаж болохгүй. Энхбаярын хүү Батшугар биш хаа хамаагүй хар элгийн Н.Удвал гэдэг эмэгтэй Н.Энхбаярын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч явна.  Н.Энхбаярт задарч явсан үе бий. Харин ядарч явахад нь төрсөн үр нь бус Н.Удвал тэргүүтэй намынх нь хуруу дарам хэдэн хүн л түшиг тулгуур болж явна.

Баривчлагдаж, хоригдож, бие нь муудаж, доройтож байх үед “хайртай аав минь үхлээ шүү дээ” хэмээн хоолой зангируулж байсан хүү нь одоо хэн болчихоод, ямархуу байгааг аав нь гайхаж, гомдож л суугаа байх даа.  Албан тушаал олдоно оо. Харин аав л дахиж олдохгүй. Цусаар уйлсан ч эргэж олдохгүй. Ажил, албан тушаалтай болчихсон юм чинь аав хэрэггүй гэж бодоогүй л байлтай. Аав чинь чиний одоогийн хийж байгааг байтугай энэ улсын хаан нь явахдаа төрсөн үрээ тээршааж үзээгүй л байж таарна. Барууны оронд олон жил суралцаж, өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуу хүн Монгол Улсын мөнгөний эх үүсвэр дээр суучихаад ингэж ч өөрчлөгдөх гэж. Ичиж байна, өмнөөс нь. Мөнгийг бол хэвлээд л гаргаад ирнэ. Харин төрсөн эцгээ хэн ч “скайнер”-ддаггүй юм шүү, Шугар аа.  Хэвлийдээ арван сар тээж, мах цусаа уран байж төрүүлээгүй ч энэ хорвоод хүн болгосон эцгээ санан гансардаггүй эр хүн байдгийг үзлээ. Н.Энхбаяр хүү шигээ залуу байж үзсэн, хүүгийнхээ насан дээр бараг л сайдын суудалд сууж байсан.  Тэр үед хүүдээ баатар мэт харагдаж байсан байх. Одоо харин “том” болсон хүүдээ аав нь хогийн, хөгийн амьтан шиг санагдаж байгаа нь энэ юм болов уу. Эцсийн эцэст эцгийнхээ “буян”-аар энэ суудалдаа суусан гэдгээ эрхбиш Э.Батшугар мэддэг л байгаа даа. Албан тушаал нь үүрдийнх биш гэдгийг бас ойлгодог л байгаа даа.  Аавынхаа төлөө дуугардаггүй юмаа гэхэд яс арьс болтлоо турж эцээд, сэтгэл санаагаар уначихаад байгаа аавыгаа хүү нь эргэж очдог гэдэгт итгэхийг хүсч байна. Хүмүүс аавыг нь авлигач, хийсэн үйлийнхээ лай ланчгийг үүрч байгаа нь тэр гэж муулдаг. Хэдий тэр муу хүн ч гэлээ эцэг хүн. Үр хүүхдээрээ хайрлуулах, хамгаалуулах эрхтэй аав хүн. Яагаад гэвэл тэр хүүгийнхээ гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж чадсан буянтай аав.

Э.Батшугар аа, би аавтай хүн. Гэхдээ буян амлаж, бурхан гуйсан ч аавыгаа хэнээр ч, юугаар ч солихгүй аавын хүү.

 

Э.Баясгалан