2013 онд Монголд онцгой авьяастай, гойд хөгжилтэй хүүхдүүд төрнө
2013/02/06
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л орчлон ертөнцийн оньсого мэт нууцуудыг тайлж мэдэхийг хичээсээр ирсэн билээ. Тэдгээр нууцуудын нэг нь индиго хэмээх гоц гойд авьяас чадвартай хүүхдүүдийн асуудал хүн төрөлхтөний анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.
Тэртээ 2000 оноос хойш гоц гойд авьяас, чадвартай буюу индиго хүүхдүүд мэндэлж эхэлсэн талаар хэвлэлийн хуудаснаа бичиж мэдээллэсээр ирсэн.
"Энэ нь цаг үеэ даган хүний хөгжил ч хувьсан өөрчлөгдөж буйн нэгэн жишээ. Өөрөөр хэлбэл хүний хөгжлийн дараагийн шинэ шат төрөн гарч байгаа. Тийм учраас л дэлхий тэдгээрийн хүмүүжил, хөгжилд анхаарлаа илүү хандуулцгааж байгаа юм" хэмээн зарим эрдэмтэд тайлбарласан нь бий. Маш олон оронд энэ төрлийн хүүхдүүдэд өндөр анхаарал тавьж, тэднийг хамгаалж, зөн совин мэдрэмжийг нь хөгжүүлэхэд бүх төрлийн дэмжлэг узүүлсээр иржээ.
Учир нь тэдгээр хүүхдүүдийг ирээдүйд ихийг бүтээх, өөрөөр хэлбэл дэлхийг аврах хүмүүс гэж ярьдагтай холбоотой аж. Индигочууд далд ухамсрын тархиа ашиглах чадвартай тул янз бүрийн гоц чадвар, авьяастай төрдөг. Ийм хүүхдийг жирийн хүүхэд шиг өсгөх боломжгүй гэнэ. Тиймээс манай хөрш ОХУ-д индиго хүүхдийн сургууль хүртэл нээгджээ. Ийм хүүхэдтэй том хүн мэт, найз мэт харилцах, хүмүүжлийн арга барил чиг хандлагыг зөв тийш нь залах хэрэгтэй гэжээ.
Тэдний аура нил ягаан өнгөтэй байдаг ч гэж энергийн шинжлэх ухаан үздэг байна. Зарим эрдэмтэн индиго хүүхдүүд бидний дараагийн үеийнхэн гэж батлахыг оролдож эхэлжээ. Хүүхэд эхээс мэндлээд 14 хоносны дараа харц нь тогтдог болсон, бүр 10 сартайгаасаа явж эхэлсэн, 3 настайгаасаа бичиж зурж, шинийг бүтээх гэж оролддог болсон гээд "үл итгэм" мэдээллүүд бидний чихэнд сонсогдсоор.
Дэлхий дээр индиго хүүхэд мэндэлж байна гэдэгт итгэхийг ч хүсэхгүй хүн олон бий. Одооны хүүхдүүд ээж, аавынхаа багаас ч илүүтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх чадвартай, илүү сэргэлэн, нүүрэмгий, юмны учир олох гэж чармайдаг болсон. Тиймээс нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж буй тэдний сэтгэхүй, үзэл бодлыг "индиго" хэмээн ташаарч байна гэж тэд тайлбарлаж, үгүйсгэсээр ирсэн билээ.
Саяхан нэгэн эмэгтэй сэтгэлзүйчид хандсан байна. Тэрээр зургаахан настай охинтойгоо харьцах ухаанаа олохгүй байгаагаа учирлажээ. Заримдаа охин нь өөрийг нь сургаад байх шиг санагдаж, хэн нь ээж, охин болохоо ялгаж мэдэхэд бэрх болоод байгааг өгүүлж. Гадны нэгэн эмч индигогийн дээд түвшин инперигон гэсэн "онош" тавьсан сурагтай. Иймэрхүү асуудалд орсон олон эцэг эх эмч, сэтгэл зүйчид ханддаг байна.
Энэ чиглэлийн судалгааг сүүлийн 20 жилийн турш хийж буй Оросын эрдэмтэн Евгений Виноградов "2013 онд Монголд онцгой авьяастай, гойд хөгжилэй хүүхдүүд төрнө" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Түүний тайлбарласнаар энэ онд наран дээрх дэлбэрэлт идэвхжиж, агаарын гол урсгалууд Еврази, тэр дундаа Төв Ази, Монгол, Оросын өмнөд нутаг руу чиглэнэ.
Тиймээс ирэх онд дээр дурдсан газруудад онцгой авьяастай, гойд хөгжилтэй хүүхдүүд төрнө гэж "айлдсан". Улмаар энэ үзэгдэл тодорхой давтамжтайг ч мэдэгдсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн 40 жилийн турш нарны идэвжлийн улмаас Швейцарь, Дани, Норвеги, Финляндад онцгой хүүхдүүд олноороо мэндэлжээ. Энэ нь тус улсуудын одоогийн хөгжил, амжилтын үндэс болсон байх магадлалтай гэнэ.
Эцэг, эхчүүдийн ярьж буйгаар урьд цагт хүүхдийг аргадаж, "хуурах" боломжтой байсан бол одооны хүүхдүүд тэс өөр. Учир утгагүй гэнэт уйлах, аргадаад тайвшрахгүй, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэх, эсвэл загнаж зандрахаар өөдөөс нь ухаантай чухал харцаар хараад байдаг. Өөрт хамаагүй зүйлд заавал хошуу дүрнэ" гээд гэр бүлийн олон "зовлон" тоочдог болсон дуулдана...
2013 онд Монголд онцгой авьяастай, гойд хөгжилтэй хүүхдүүд олон төрнө гэж батлаад буй. Энэ асуудал "дэлхий сүйрнэ" гэж хямраасан шиг бас нэг цуурхал, дэмий хоосон яриа биш байгаасай.
Э.Энх-Эрдэнэ
Эх сурвалж: "Завхан" сонин