АТГ-аас энэ оны эхний хагаст нийт хууль зөрчсөн нь тогтоогдсон 80 гаруй тушаалыг хүчингүй болгож, Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн нийт 131 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаараа өнөөдөр хийсэн мэдээлэлийнхээ үеэр мэдэгдлээ.

Авилгын хэрэгт холбогдсон 16 албан тушаалтан ажлаас халагдаж, 7 хүн албан тушаал буурч, 35 хүн цалингийн тодорхой хувиар торгуулж, 72 албан тушаалтан сануулга авчээ. 

Мөн оны эхнээс өнөөдрийг хүртэл анх удаа 20 аймагт өргөн хүрээний шалгалт явуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд "Маш муу" гэсэн үр дүнтэй шалгагдсан Баян-Өлгий, Булган, Хөвсгөл аймагт АТГ-ын бүх хэлтсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.  

 

Орон нутагт гарч буй хамгийн гол зөрчил нь "Сум хөгжүүлэх сан"-гийн хөрөнгө оруулалтын зохисгүй зарцуулалт ажээ. Тус сангийн зээл эзнээ олдоггүйгээс төсвийн хөрөнгө оруулалт талаар болж АТГ анхааруулж байв. Тиймээс тус газраас Хөдөлмөрийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, сум хөгжүүлэх сангийн журмыг энэ сарын дотор багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Мөн орон нутагт төсвийн давсан орлогыг нийгмийн халамжийн чиглэлээр хавтгайруулан тараах явдал газар авсан нь тогтоогджээ. Орон нутгийн засаг захиргаадад зөрчлөө арилгах сануулгыг АТГ-аас хүргүүлсэн бөгөөд, ирэх сарын 10-ны дотор хариугаа ирүүлэх учиртай юм.

 

Төрийн албан хаагчид давхар томилолт авдаг зөрчилд АТГ мөн анхаарал хандуулсан байна. Өнгөрсөн хугацаанд ийм зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцох боломж хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаас шалтгаалан мухардах явдал бий ажээ. Гэхдээ АТГ-аас холбогдох яамдын удирдлагуудад хандаж давхар томилолт гаргуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ. Одоогийн байдлаар зөвхөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам л тус газрын албан бичгийн мөрөөр ажилтнууддаа хариуцлага тооцжээ. 

 

Тус газар оногдсон чиг үүргийнхээ хүрээнд 250 гаруй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. Мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтын чиглэлээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5875 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 5393-ыг нь хянан шийдвэрлэжээ.

 

Иргэд, байгууллагаас авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө орлоготой холбоотой нийт 152 өргөдөл, гомдлыг хүлээн авснаас 110 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээрээс ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол дийлэнх нь байжээ. 

Я.Баяраа