Хүүхдийн амиар бус, хүлгийн шандсаар л наадах юмсан
2013/06/14
Монгол зоны үндэсний их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бөхчүүдийн гал тогтсон газраа төвлөрч бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлчихсэн, уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан унаач хүүхдүүд нь өнөө зуны наадамд торгон жолоо өргүүлж байна гэж зүүдэлж байгаа.
Бөх хүн унана гэж барилддаггүйтэй адил хурдны морь унах хүүхэд хоцорно гэж бодохгүй нь тодорхой. Эрийн гурван наадмын нэгэн үзүүштэй хэсэг нь хурдан морины уралдаан байдаг. Зургаан насны морьд зурхайгаас эргээд барианд орж ирэх хүртэл тэр мөч ямар сэтгэл догдлом байдгийг наадамчин олон андахгүй. Харин унаач хүүхдүүд ямар өрсөлдөөн дунд, ямар замыг туулж, биднийг баясгадгийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Өөдөсхөн чинээ нялх амьтныг хөнгөнийг нь бодож , адууны нуруун дээр тавьж, өчнөөн км замыг туулуулж, дөрвөн туурайны эрчилсэн хурдан дунд туучуулчихаад, түрүүлээд ирэхэд нь хөлс шороо болж халтартсан нүүрийг үнсмэр аядаад, жолоо эвхэхийн зуурт хүүхдээ умартаж, цаашаа эргэн баярладаг монгол наадам мөн чанараа алдаад удаж байна.
Хэн гэдэг манлай, алдарт уяач уяснаасаа илүүтэй ямар хүүхэд унаад торгон жолоо өргүүлэв гэдэг нь чухал баймаар. Гэтэл морины хорхойтон хийгээд уяачдын хувьд унаач хүүхдээсээ илүүтэй өгөх бай, авах алдар нэр нь чухал болчихсон нь нууц биш. Өнөөгийн нөхцөлд морины уралдаан, баяр наадам өвөл, зунгүй хэн нэгний хүсэл, санал, янз бүрийн ой, бүсийн, тэр уяачийн ой гэхчилэн өргөн дэлгэр болсон. Харин удаа дараа балчир хүүхдийн аминд хүрч, баячууд баярлаад байсан болохоор өнөө жил уламжлалт “Дүнжингарав” уралдаанаас хойш энэ зургадугаар сарын 1 хүртэл ямарваа нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь ч цаг үеэ олсон зөв шийдвэр байлаа. Одоо хорио тавигдаж, мөнгө мөрөөдөж, машин зүүдэлсэн уяачид хурдан гэсэн бүхэнтэйгээ жинхэнэ утгаараа “тулж ажиллаж” байгаа. Хүүхдүүдийн сургууль амарч, хөдөө гэртээ очиж олонх нь наадмаас наадам дамжин нас насны морьд унах мэргэшсэн ажилдаа гарч байгаа. Унаач хүүхдүүдийн асуудлыг хөндөж тавьснаараа сайжирдаг бол өнөө зун их л өөр болох учиртай. Хамгаалалтын хувцас, малгай шинэчлэгдэнэ, сайжирна гэдэг улигт үгээрээ аргацаабал урьдын л адил өнгөрнө.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч тавдугаар сарын 17- ны өдөр “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалт болж, зургаан яам болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар комисс, Морин спорт уяачдын холбоо, унаач хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон ТББ-ынхан унаач хүүхдүүдийн, амьд явах баталгааны талаар хөндөж, зунаас бусад цагт хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, 10 нас хүрсэн хүүхэд морь унахыг хуулиар зохицуулахыг зөвлөж байсан бол, уяачдын төлөөлөл ‘Унаач хүүхэд гэж Өлзийт хороололд байгаа хэдэн хүүхдийг хэлэхгүй. Монгол Улсын 360 гаруй сум бүхэнд унаач хүүхэд бий. Ойролцоогоор 60 гаруй мянган уяач байна. Тэд зөвхөн өөрсдийгөө бодоод, унаач хүүхдээ боддоггүй юм биш. Хэтэрхий нэг талыг барьж, туйлширч, сөрөг мэдээлэл нийгэмд тарааж байна. Ямар ч судалгаагүйгээр монгол наадмын нэг төрөл болох хурдан морины уралдааныг зарим улиралд хорих асуудлыг ярьж байгаа нь буруу” гэж байснаас л дүгнэхэд бай бодож байна уу, хүүхэд бодож байна уу гэдэг тайлбаргүйгээр тодорхой байсан. Тэгээд ч хурдан хүлгээ 800 саяар төвөггүйхэн даатгуулдаг хэрнээ унаач хүүхдийнхээ төлөө наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад 100-250 мянган төгрөг ослын даатгалд өгдөг уяачид, эздэд уралдаанд түрүүлсэн гэх нэр л хэрэгтэй бус уу. Тэр 60 мянга гаруй уяач дотор хаялгатай, хоншоортой нь л унаач хүүхдүүдийнхээ төлөө дээрх хэмжээний мөнгийг гаргадаг. Ихэнх нь эс тоодог. Хүний нялх үрийг амьдралын нөхцлийг нь далимдуулж хэдэн халтар төгрөгөөр хуураад зуны турш адууны хөлстэй тохом тэврүүлчихээд нэг их гийгүүлсэн хүн болж, хөхүүрийн ам цаашлах цагаар гэрт хүргэж өгдөгөө их ачлалд бүү бод.
Харин тэдний сурч боловсроход нь хөрөнгө оруулалт хийж, ирээдүй хойчид нь анхаарвал өөр хэрэг. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг салхинд хийсгээд тавиад туух уу, суран жолоо өргүүлж, асрын өмнө цоллуулах уу гэдэг хариуцлагатай агшин чухамдаа унаач хүүхдийн авхаалж самбаа, атгасан жолоо, гарт барьсан ташуурт байдаг гэвэл хилс болохгүй биз. Тиймээс тэднийг хайрлах хэрэгтэй. Энэ үүднээс тэдний хөлсийг үүрдэг цүнх, элдэв чихэр, Эрээний хувцсаар бус бодитоор үнэлэх хэрэгтэй. Унаач хүүхдийн хөлсийг бүр бага гэхэд 250 мянган төгрөгөөс доошгүй байхаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй.
Яагаад гэвэл тэр жаахан хүүхдүүд амиараа дэнчин тавьж та биднийг цэнгүүлдэг юм. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн хүүхдийн тоо зөвхөн 2009 оны эхний есөн сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд хоёр хүүхэд нас барсан байна. Сайн хар даа. Дандаа өссөн үзүүлэлт байгаа биз. Гэхдээ энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй байгаа юм. 2013 он гарсаар эхний гурван сарын байдлаар энэ зэрлэг цэнгэлийн золиос болж таван хүүхэд амиа алдсан. Мөнгөнд сагасан шинэ монголчуудын ёс жудгаа энэ уралдааныг харах гэж ирсэн хөөрүү хүмүүс цастай, цустай уралдааныг бахдан үзэж, хэний допинг шахуулсан хүлэг түрүүлэх вэ гэдэг дээр бооцоо тавьж байснаас бус, хэний хүүхэд эндэв гэдгийг ар гэрийнхнээс нь өөр хэр олон хүн тоогоогүй нь даанч харамсалтай.
Хаа холын Ховдод хоёр хүүхэд мориноос унаад эндсэн тухай мэдээлэл өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Хүн нь дөргүйдээд энэ үү, хүлэг нь эрлийзжээд энэ үү. Морь, монгол хүн хоёр салшгүй ойлголт байсан цаг үе бий. Харин одоо өөр болсон. Наадам дөхөөд ирэнгүүт л уралдааны морь, унаач хүүхдүүдийн тухай бодол сэтгэл өвтгөдөг болоод удлаа. Соёолонгийн тоосонд орно гэж Хүй долоон худгийн дэнжийг хотолзуулж байдаг наадамчин олон байны зурхайн наана бахардаж унах хүлгийг хараад, тоосонд дундаас жолоондоо бүдчин ирэх эзэнгүй хурдыг тосоод нулимс задгайлдаг мөртлөө унасан хүүхэд нь хаана гээгдээ бол, зүгээр байгаа гэж хэд нь сэтгэлээ чилээж боддог бол. Энэ жилийн наадам болдгоороо л болно. Хүүхдийн амиар бус, хүлгийн шандсаар л наадах юмсан
moldova news · 2013/07/12
Jr52Bm Looking forward to reading more. Great blog post.Much thanks again. Will read on...
cool news · 2013/07/09
RWbLUd Great, thanks for ***ring this blog post. Really Cool.
Зочин · 2013/06/15
2013 on garsaar 5 huuhdiin ami aldsan ... mash aimshigtai too bna, ene talaar yariad baih ch uim baihgui, eniig hurdan zogsooh heregtei. ene ulamjlalaa halj uneheer mori uralduulmaar bval nasand hursen huneer unuuldag boloe ,oo
Зочин · 2013/06/15
www.bataar.mn/lottery/ linkeer orood 5 asuultad hariulj 50000 togrog hojij bn
Зочин · 2013/06/15
www.bataar.mn/lottery/ linkeer orood 5 asuultad hariulj 50000 togrog hojij bn
Зочин · 2013/06/15
yag unen huuhed unuuldag asuudliig boliulah heregtei
Зочин · 2013/06/15
yag unen huuhed unuuldag asuudliig boliulah heregtei
Зочин · 2013/06/15
yag unen huuhed unuuldag asuudliig boliulah heregtei