“Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гран при тэмцээний эхний өдөр буюу баасан гарагийн барилдаанд манай жүдочид гурван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж багаараа тэргүүлж байна. Одоогоор Японы баг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, Францын баг алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар удаалж байгаа юм.

Энэ өчигдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулав. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга Г.Болдбаатарыг ялж алтан медаль хүртлээ. Тус жинд монгол жүдочид илүүрхэн алт, мөнгөөс гадна хүрэл медалийн эздээр ОУХМ Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нар тодорлоо. Харин 66 кг-д Бакугийн их дуулгын аварга Д.Төмөрхүлэг, 2014 оны Токиогийн их дуулгын аварга Японы жүдоч Хифүми Абег цэвэр ялж, алтан медалийн болзол хангалаа. Энэ жингийн хүрэл медалийг ОУХМ Д.Алтансүх, ОХУ-ын тамирчин Арсен Галстаян нар хүртэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэхүү тэмцээнд 35 орны жүдочид өрсөлдөхөөр манай нийслэл хотноо ирсэн бөгөөд гурван өдрийн турш "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Францын жүдоч Паяет Лаетита аваргын алтан медалийн эзэн болсон бол БНСУ-ын бөх Канг Юүжеон мөнгө, ОУХМ Б.Хорлоодой, Казахстаны жүдоч П.Александра нар хүрэл медалийн болзол хангав.

Харин 52 кг-д Японы бөх Ай Шишиме алтан медаль хүртэж, ОУХМ А.Цолмон мөнгө, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. 57 кг-д Манай жүдоч Д.Сумьяа аваргын алтан медалийн эзэн болж Францын бөх Хелене Рекевеакус мөнгө, Японы жүдоч Мацумото Каори, БНАСАУ-ын жүдоч Ри Хуо Санг нар хүрэл медалийн эзэд боллоо.

"Чингис хаан" Гран прид зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар, Г.Хэрлэн, Д.Амартүвшин, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, Р.Алтаннаран, 73 кг-д, Г.Одбаяр, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 81 кг-д Б.Бат-Эрдэнэ, Б.Гаажадамба, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн 90 кг-д Г.Түвшинжаргал, Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, Р.Анхбаатар, -100 кг Б.Ариун-Эрдэнэ, Б.Лхагва-Очир, Д.Пүрэвдорж, Б.Жанчивдорж, +100 кг-д Б.Тэмүүлэн, Э.Амартүвшин, Э.Энхбат, Ө.Дүүрэнбаяр тус тус хүч үзэх юм.

Эмэгтэй шигшээ багийн 48 кг-д Б.Хорлоодой, Э.Базаррагчаа, Э.Гэрэлмаа, М.Долгоржав, 52 кг-д А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, Б.Анхцэцэг, М.Бундмаа, 57 кг-д А.Батзул, Д.Сумъяа, Л.Энхрийлэн, П.Буянхишиг, 63 кг-д Б.Баасанжаргал, Ш.Ганчимэг, Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Б.Хулан, Б.Хонгорзул, М.Даваасүрэн, Ц.Батцэцэг, -78 кг-д М.Ууганжаргал, П.Лхамдэгд, С.Адилцэцэг, С.Жавзанмаа, +78 кг-д Б.Мөнхтуяа, Д.Золжаргал, Г.Энхриймаа, О.Жавзмаа нар тус тус барилдахаар нэр тодорсон.

 

Д.Өлзий