Улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгох гээд эвээ дүйгээ олохоо больсон улс төрчид хамтын гэрээгээ цуцалж буйгаа ард түмэндээ дуулгасан. Ардчилсан нам сөрөг хүчинтэй байхыг илүүд үзэж ийн шийдвэр гаргасан бололтой.

Уг нь хариуцлага хүлээх тогтолцоогоо сайжруулах талаараа хэрэлдэж, эвлэлдвэл зүгээрсэн. Ингэвэл талцаад байх шаардлагагүйгээр сонгуулийн амлалтаа биелүүлээд явчихмаар санагдах юм. Даанч хэрүүлийн алим хувааж идэхдээ гарамгай тэд энэ замыг сонгохыг хүсээгүй юм байлгүй. Энэ зуураа хагаралд-ах үеэр нь гадаад валютын ханш чангарсаар дорвитой буухгүй нь. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларын үнэ 1976 төгрөгтэй тэнцэв. Арилжааны банкнууд 1955-1960 төгрөгөөр авч 1975-1978-аар зарж байна. Харин хар зах буюу валют арилжааны төвд 1980-1985 төгрөгийн ханштай байгаа юм.

Эдийн засагчид долларын ханшийн өсөлтийг засаг төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байна. Засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад нөлөөлж, улмаар дотогшлох долларын урсгалыг царцаахад нөлөөлөх болжээ. 

Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 0.1 тэрбум ам.доллар болно гэж Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд урьдчилан таамаглаж байна. 

Монгол улсад нэмэгдсэн зүйлийн үнэ өртөг буурахгүй гэсэн бичигдээгүй хуультай гээд хэлчхэж буруутахгүй биз ээ. Үүний нэгэн тод жишээ гэвэл, Нефтийн үнэ. Олон улсад нефтийн үнэ буурсан. Гэвч манайд өнөөдрийг хүртэл энэ талаар хэлэлцэж ярилцсан асуудалгүй. Иргэд нь энэ талаар өөр хоорондоо ярилцдаг ч гэлээ "одоо байгаа үнэ нь нэмэгдчихгүй бол яахав дээ, дуугарахгүй нь байя" хэмээдэг. Монголын компаниуд ОХУ-ын Роснефть  компанитай Сингапур Улсын үнийг үндэслэн худалдан авах хэлцэл хийж байгаа. Тэгвэл Сингапур Улсын биржийн үнэ зургадугаар сарын байдлаар А- 92 бензин 1 тонн нь 531 ам.долларт хүрсэн. Сингапур Улсын бензиний үнэ олон улсын зах дээрх нефтийн үнийг шууд дагаж хөдөлж буй нь мэдээжийн хэрэг.  Бензиний үнэ ирээдүйд ямар байхыг мэдье гэвэл олон улсын нефтийн үнийг анхаарах хэрэгтэй гэлцдэг. гэсэн хэдий ч манайх нефтийн үнээ буулгах талаар бодохгүй байна.

Ийн улс төрийн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн эдийн засаг сэхэхгүй нь. Угтаа бол өдийд эвтэйхэн шийдээд эдийн засгаа мөлхүүлэхгүй тэнхрүүлэх цаг юмсан.

 

Х.Даваа