Дархан аварга А.Сүхбат  өнгөрөгч сард “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо энэ жил наадамд зодоглоно гэдгээ мэдэгдсэн.

Харин үүний дараа Г.Өсөхбаяр аварга хэвлэлд ярилцлага өгч, өнгөрсөн наадмаар А.Сүхбат наадмын талбай дээр ирж хэрүүл хийгээд байхаар нь зүүнийг манлайл гээд өгчихсөн. Надтай нэг биш удаа ийм асуудал үүсгэж байсан учраас би одоо дуугарч байна хэмээн ярьсан удаатай. 

Мөн Бөхийн холбоо, Баяр наадам зохион байгуулах комиссын дунд хоёр дархан аваргын хэн нь зүүнийг манлайлах вэ гэсэн маргаан хүртэл гарч, Баяр наадмын комисс Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг амжилтаар нь эрэмбэлж Г.Өсөхбаяр зүүнийг манлайлах нь зөв гэсэн шийдвэрийг хүртэл гаргасан.

Тэгвэл өнөөдөр аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан байсан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний 30 жил дэвжээнд гарсны үр өгөөж юм. Миний бие 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан" хэмээн мэдэгдлээ.

Д.Ана