Монгол Улсын тосны хэрэгцээг дангаараа шахуу "дарлаж" сүлжээний бизнесийг "атгасан" эмэгтэй бол Г.Оюунгэрэл. Харин Орифлэймийн гэх "овгоороо" олонд алдаршиж амжилттай явсан бизнес хадагтайн сураг сүүлийн үед тасрах боллоо.

Тодруулбал, олныг хулхидаж, айдас хүйдэст автуулаад "оргон зайллаа". Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ, аль эсвэл харанхуй болох нь баталгаатай гээд Монголчуудыг лааны эрэлд морьдуулсан мань хүн хаана явна.
Олныг хуурч, нийтийн сэтгэл санаанд том цохилт өгчихөөд өөрөө алга болсон нь улсын хуулийг уландаа гишгэсэн хариуцлаггүй үйлдэл болсон. Тиймээс түүний тэнэглэлд таарсан том хариуцлага шаардаж байна. Тэрбээр нэгэн удаа вагонаар тос зөөж орифлэймд орж байсан тухайгаа дурьдсан. Түүний тэр цаг үеэс өнөөдрийн өндөрлөг рүү нь шагайвал үлгэрт гардаг дагина шиг амьдарч байгаа нь Г.Оюунгэрэл өөрөө аж.

Хэн бүхэн хүсээд олдоггүй их хөрөнгө,  хангалуун амьдралд умбаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадсан ч "дэлхийн сүүлийн өдөр" хамгийн үнэтэй зүйлээ алдав. Тэр нь түүний нэр төр байж. Тиймээс түүнд өөр нэр байгааг нь сануулж байна. Тэр нь "шизотой авгай". Доромжлол гэж битгий ойлгоорой өөрөө сонгосон нэр учраас зүгээр л сануулах гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, олонд танигдсан талаа ашиглаж, лаа шүдэнзний борлуулалтыг даруй өсгөж явах үедээ тэрбээр "Намайг шизотой авгай гэж бодоод байх шиг байна. Тэр өдөр хэн нь үнэн, худал хэлснийг тунгаагаад өгөх биз" хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр тэр өдөр тунгаан айлдахдаа түүний алдрыг "шизотой" хэмээн сольсон байх нь. Түүгээр ч зогсохгүй олон хүнийг "шизотой" болгож "амьд үлдэх замыг би л заана тиймээс намайг дагавал амьд үлдэх учиртай" хэмээн айлдсан юмдаг.

Тэгтэл cap шинэ хаяанд тулж, амьдрал зогсоогүй гэдгийг амар мэндийг нь айлтгаж баталгаажуулах гэж байна. Тиймээс түүний төөрөгдөлд автаж, маячуудын тухай гүн гүнзгий судалсан гэх худал үгтэй лекцэнд мөнгөө үрсэн хүмүүс толгойгоо газарт"шааж" буй байх. Тиймээс олныг мунхруулсан оюуны "бядтай" Г.Оюунгэрэл хариуцлага үүрэх ёстой.

Нийгмийн сэтгэлзүйг урвуулж, нийтээр нь төөрөгдүүлж орхисон тэр хүн өнөөдөр хаана явна. Хятадад хүртэл "дэлхий сүрнэ" гэх цаас тараасан хоёр хүнийг хорьж байхад хэдэн зуугаар нь итгүүлж, хуурамч лекц зохион байгуулсан алдарт наймаачин хариуцлага үүрэх ёстой. Мөн түүний энэ тэнэглэлийг сонгуульд бүдэрсэнтэй холбож болно.

Хэрэв зээ улс орныг толгойлох 76 хүний нэг нь орифлэймчин өөрөө байсан бол хэзээ ч "дэлхий сүйрнэ" гэж ам нээхгүй байсан нь ойлгомжтой. Сүйрнэ гэж бодож байлаа ч уруулаа тас хазаад чимээгүй явах байсан биз. Тиймээс төрийн ордонд багтаж шингээгүй учир оюун санаа нь балартсан ч байж болох юм шүү. Харин үүнд хариуцлага тооцох хэн нэгэн байхгүй улмаас дуртай нэг нь Монголын нийгмээр наадаж болохын "өнгөт” үлгэрлэл болж үлдлээ дээ.


Б.Ширнэн

Эх сурвалж: “Нийгмийн толь”