“AПУ” компани түрүү магнай болон айргийн тавд хурдалсан 6 насны морины 30 хүүхдийн сүү, жүүсний жилийн хэрэглээг хангана
2015/07/12
Хүнсний манлай үйлдвэр “АПУ” ХК үндэсний их баяр наадмын түрүү магнай болон айргийн тавд хурдалсан 6 насны морины 30 хүүхдэд Маамуу брэндийн сүү, ундаа, жүүсний жилийн хэрэглээ болон нэрийн бэлгээ бэлэглэлээ.
Энэ талаар АПУ трейдинг компанийн борлуулалтын газрын дарга Н. Оюунбаатар: “АПУ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Маамуу брэндийг эрүүл Монгол хүүхдийн төлөө хүүхэд багачууддаа зориулан шинэчилж 2014 оноос хэрэглэгчдэдээ хүргэж байгаа хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн юм. Маамуу брэнд Монгол үнээний цэвэр сүүг хүүхдийн биеийн дархлааны системд сайн А, С, B витаминүүд болон кали, кальци, магни зэрэг эрдсээр баялаг байгалийн цэвэр органик жимсээр баяжуулан, олон улсын 22000 стандартад нийцсэн технологиор үйлдвэрлэдэг. Өнөөдөр бид айргийн тавд хурдалсан морь унаач хүүхдүүдийнхээ сүү, ундааны бүтэн жилийн хэрэглээг хангахаар болж байгаадаа баяртай байна.” гэв.
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд:
Хязаалан насанд: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын Загал
Шүдлэн насанд : Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы хонгор
Азарганы уралдаанд: Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар хээр
Их насанд: Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан
Соёолон насанд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд
Дааганы уралдаанд: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр морь тод магнай, торгон жолоогоо өргөж, түмэн олноо баясгасан юм.