Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод төвшиндөө хүрч, унци нь 1000 ам.долларт хүрлээ. Уг нь таван жилийн өмнө шинжээчид шал өөр таамаг дэвшүүлж байсан. Тодруулбал, дараагийн таван жилд нэг унци алт 2000 ам.долларт хүрэх нь гарцаагүй хэмээж байлаа. Гэвч яг эсрэгээрээ унци алтны үнэ таван жилийн дараа эргээд байрандаа ирж байна. Шинжээчдийн таамгийг эвдсэн гол шалтгаан юу байв.

 

Ийн буурсны нэг шалтгаан нь Евро бүс дэх өрийн хямрал болсон. Мөн сүүлийн хэдэн өдөрт Грекийн нийслэл Афин хотноо олныг хамарсан жагсаал, цуглаан өрнөсөн нь алтны үнийн уналтыг түргэтгэжээ. Нөгөөтэйгүүр Евро бүс дэх өрийн хямралд орсон орнуудад хэрэгжүүлж буй төсвийн хэмнэлтийн бодлого хөрөнгө оруулагчдын еврод итгэх итгэлийг бууруулсан байна. Үүнтэй зэрэгцээд Америк долларын нэр хүнд ч өсч эхэлснээр алтны үнэ дэлхийн зах зээл дээр уруудах замдаа оржээ.

 

Хүмүүс илүү найдвартай валютад хөрөнгө оруулж эхлэх үед алтны үнэ унадаг. Харин эсрэгээрээ дэлхийн эдийн засаг хүндэрч, валют найдваргүй болж эхлэхэд алт худалдан авалт нэмэгдсэнээр шаргал металлын үнийг хөөргөдөг жишигтэй. Эдүгээ хөрөнгө оруулагчид “амь аврах” мөнгө тэмдэгтээ доллар хэмээн итгэж байна. Яг таван жилийн өмнө ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл навс унаад байсан юм. Тухайн үед буюу 2011 онд АНУ өөрийн хамгийн өндөр зээлжих зэрэглэлээ алдсан. Ингэснээр алтны үнэ ам.долларын эсрэг 1971 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр төвшиндөө хүрч байж. Харин одоо бүх зүйл эргээд хэвэндээ орж байна.

 

 

Гэхдээ алтны үнэ эргээд өсөх магадлал бас бий болчихоод байна. Америк долларын нэр хүнд хэдий сайн байгаа ч алтны үнэ энэ удаад Хятадын юань хаашаа эргэхээс хамаарахаар болжээ. Грек тэргүүтэй хямарсан Евро бүс буюу еврогийн зах зээл алтны ханшийг тогтоон барихаас нэгэнт өнгөрсөн. АНУ хэдийгээр ам.долларын нэр хүндээ сэргээж авсан ч цаашдаа 2014 он гэхэд ДНБ-д эзлэх өрийн нийт хэмжээ нь 200 хувьд хүрэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, ам.долларын нэр хүнд тийм ч урт удаан хугацаанд сайн байж чадахгүй нь.  

 

Европ болон Америкийн хоорондын өрсөлдөөний дундаас урд хөрш хожиж авахаа мэдээж мартсангүй. Хятадын Төв банк саяхан алтны нөөцөө тайлагнасан бөгөөд тус улс 2015 оны зургаадугаар сарын байдлаар төв банкиндаа 1670 тонн алт хадгалаад байна. Энэ үзүүлэлтээрээ Бүх Хятадын Ардын банк дэлхийд тавдугаарт жагсах алт хадгалагч болжээ. Хятад дээрх 1670 орчим тонн алтныхаа бага 50 хувийг 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бүрдүүлсэн гэж байна.

 

 

Нэгэнт Хятад багагүй хэмжээний алттай учраас энэ зах зээл дээр хүчтэй болсон гэсэн үг. Тэгвэл энэ өдрүүдэд Урд хөршийн хөрөнгийн зах зээл дээр “хөөс хагарах” үзэгдэл болж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр уналт ажиглагдаж эхэлсэн. Грекийн хямралтай холбоотойгоор Азийн хөрөнгийн зах зээл доргиж буйгийн дотор Хятадын том зах зээл ч багтжээ. Урд хөршийн хөрөнгийн зах зээл энэ янзаар доргисоор байвал юанийн ханшид ч бас муугаар нөлөөлнө. Харин юань алтны зах зээл дээр хүчтэй “тоглогч” болсон гэдгийг дээр дурьдсан. Мөн дэлхий даяар юаньд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид ч чамгүй бий. 

 

Тэд юаниа зараад, алт худалдаж аваад эхэлбэл, шаргал металлын үнэ эргээд өснө. Энэ дөнгөж сайжирч буй ам.долларын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Ам.долларын нэр хүнд унавал эргээд дэлхийн эдийн засаг хүндрэлд орох эрсдэл бий. Харин америк болон европчууд 2009, 2010 оных шиг олон улсын санхүүгийн зах зээлийн хүчтэй “цүнами”-г хүсэхгүй.

 

Тийм ч учраас АНУ-ын холбооны нөөцийн банкны зүгээс энэ өдрүүдэд БНХАУ-ын санхүүгийн зах зээл болон Грек дэх хямралыг анхааралтай ажиглаж байна. Тэд шаардлагатай бол зах зээлийг тогтворжуулахад хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Л.Энхдэлгэр