Т.Хангэрэл хариулт өглөө
2013/02/06
Энэ удаагийн “Mobile news”-ээр Номин-Талст хамтлагийн гишүүн Т.Хангэрэлтэй ярилцаж “Номин-Талстын Т.Хангэрэл 3 жолооны үнэмлэх, 2 номертой байжээ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулга авлаа.
Өнгөрсөн 01 дүгээр сарын сүүлээс эхлэн Т.Хангэрэлийг давхардсан номертой тээврийн хэрэгсэл унаж явснаас гадна 3 жолооны үнэмлэхтэйгээр замын хөдөлгөөнд оролцсоныг нь тогтоож хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авлаа хэмээн Замын цагдаагийн газраас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн юм.
Түүнтэй утсаар холбогдож дээрх мэдээллийн тодруулгыг авахад:
-Өнгөрсөн 01 дүгээр сарын 23-ны өглөө Замын Цагдаагийн Газраас яаралтай ирж уулзана уу гэсэн бичиг ирсэн даруйд нь холбогдож, 16:00 цагт очиж уулзахаар цаг товлоод явж байтал 14:00 цагийн үед ХУД-ийн замын цагдаагийн зохицуулагч “дэд ахлагч” зогсоогоод түүнийг орон даяар зарласан байгаа тул бичиг баримтаа шалгуул гээд ажлын байрандаа орж 15-20 минут орчим болсон. Учрыг тодруулахаар араас нь ороход Замын Цагдаагийн Газрын дэд хурандаа С.Энхтөртэй очиж уулз гэсэн. Тэгээд түүнтэй нь очиж уулзахад улсын дугаар давхцалтай байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн тул таныг шалгана гэсэн.
Тухайн үед би "Жолооны ангилал нэмүүлэх гээд 2 үнэмлэхтэй болчихоод байсан тэрнийгээ хүлээн зөвшөөрч арга хэмжээг нь хууль ёсны дагуу авахуулъя. Машины бичиг баримт зөрчилгүй тул түүнийгээ авъя" гэтэл таныг "утсаар дуудтал түр явж" гэсэн. Ингээд маргааш нь С.Энхтөр дэд хурандаа өөрөө холбогдож миний машины зөрчилгүй тул "ирж ав" гэсэн. Тэгээд авахаар очтол урьд өдөр нь бичиг баримт хурааж авсан цагдаа миний бичиг баримтыг авчирч өгөөгүй байсан. Тэгэхээр нь би ингэж чирэгдүүлэх ямар шаардлага байна аа, яахав энэ удаад би өөрөө очоод авчихая гэхэд Дэд хурандаа С.Энхтөр намайг муухай харьцаж байгаа тул эрүүгийн тасаг руу шилжүүллээ шүү гэж 3 ч удаа асуусан. Тэгэхэд нь би "шилжүүлэх шаардлагатай бол шилжүүл ээ та нарын хийх ёстой ажил чинь л шүү дээ. Харин намайг худал үнэн чирэгдэл учруулж ийш тийшээ явуулах юм бол би ЦЕГ болон Хууль Зүйн, Яаманд гомдол гаргана" гэдгээ хэлсэн.
Тэгээд 40 орчим минутын дараа миний бичиг баримтыг авчирч өгсөн. Дээрхи үйл явдлууд нь 01 дүгээр сарын 24-ны өдөр байсан юм. Ингээд 01 дүгээр сарын 30-ны өдөр ЦЗГ-ын эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч .....................................тэр гэх нь над руу утсаар холбогдож ирж уулзах шаардлагатай байна гэсэн очиж уулзахад намайг машиныхаа гэрчилгээг аваад ороод ир гэсэн. Түүний шаардсанаар авчирч өгөхөд дахин улсын дугаараа аваад ир гэсэн. Мөн шаардлагын дагуу оруулж ирж өгсөн. Тэгээд би тэр цагдаагаас миний машины улсын дугаар миний нэр дээр байгаа тул яагаад хурааж байгаа нь тодруулахад, Зам тээврийн яамнаас манайд албан тооттой бичиг ирсэн таны улсын дугаар, гэрчилгээг хурааж авна уу гэсэн агуулгатай бичиг ирсэн байна гээд А-4 цаасан дээр бичсэн албан тоот гэх цаасыг 2 метр гаруй зайны цаанаас цаасан дундаас дэлгэж харуулсан. /Уг албан бичгийг мэдээллийн төгсгөлөөс үзээрэй/
Тэгэхэд нь би гайхаад "ямар сонин юм бэ, наад бичигтэй чинь сайтар танилцмаар байна хувилж өгнө үү" гэсэн хүсэлтээ тавьсан боловч манайд ирсэн тоотыг танд хувилж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би наадах асуудлаар чинь Зам тээврийн яам болон холбогдох газруудаас нь тодруулгыг авч үнэн зөвийг нь олох болноо гэсэн. Маргааш өглөө нь би ажил цугларахад Зам тэээврийн яам орж өөрийнхөө машинтай холбогдох улсын дугаарын талаар холбогдох тодруулгыг хүсэлт тавьж авахад тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг хурааж ирүүлэх тухай тоотын хуулбарыг надад өгсөн. Үүнийг уншаад миний хууль зөрчөөгүй гэх хангалттай үндэслэл байгааг мэдсэн юм. Тэгсэнээр ЗЦГ-ын тодорхой алба хаагчдад хандаж холбогдох яаманд /ХЗЯ/ гомдол гаргах шаардлагатай тулгарсан.
Энэ явдлуудтай давхцаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр болон сайтууд, телевиз, сонингуудаар жолооч Т.Хангэрэл нь 3 үнэмлэхтэй, хуурамч номертой гэх гарчигтай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тус мэдээллүүдийн сэтгэгдэл болох уншигчдын хандлагуудыг уншихад намайг буруутгаж гутаан доромжилсон өнгө аястай байсан.
Үүнийг би ХЗЯ-нд гаргасан өргөдөлдөө тусгаж өгсөн юм. Дээрхи хувь хүнтэй холбогдолтой мэдээллийг замын цагдаагийн байгууллагын тангараг өргөсөн алба хаагчид нууцалж хадгалах үүрэгтэйг мэдэж байсан тул дээрхи алба хаагчдад гомдолоо илэрхийлсэн нь энэ юм.
Ийнхүү 02 дугаар сарын 06-ны өдөр замын цагдаагийн газраас хошууч ...................... нь ирж бичиг баримтаа ав гэж утсаар холбогдож хэлсэн. Тэгээд миний авто машины гэрчилгээг өгсөн. Тэгэхээр нь би улсын дугаараа авъя гэтэл ЗТЯ-нд өөрийн биеэр очиж ав манайд ирээгүй байна гэсэн. Тэгээд л би ЗТЯ-аас очиж улсын дугаараа аваад өөрийн машинаа салхи татуулан унаж эхэллээ дээ.
Тус гомдлыг минь барагдуулж миний өргөдлийг хүлээн авч зохиох журмын дагуу барагдуулж өгсөн Хууль зүйн яамны холбогдох ажилтан албан хаагчдад баярласан талархснаа илэрхийлж байна.
Надтай адил яг иймэрхүү асуудалтай тулгарсан жолооч нар тус веб сайтаар дамжуулан надтай холбогдож зөвлөгөө авч болно.
Дашрамд дуулгахад Т.Хангэрэл миний бие нийт уншигчдадаа хандаж хэлэхэд миний буруутай үйлдэл ба хууль зөрчсөн аливаа асуудал байгаагүй нь үнэн болно. Иймд та бүхэн аливаа мэдээ мэдээлэлд нухацтайгаар хандаж байх нь зүйтэй юм гэж би ойлгож байна.
Би хэн нэгнийг гомдоохын төлөө бус зөвхөн үнэн зөвийг олохоор сүүлийн хэд хоногт цаг заваа зарцууллаа. Баярлалаа.
Хангэрэлийн улсын дугаар нь хууль ёсны болохыг батлах бичиг баримт дараах болохыг харуулж байна. Харин Lexus570 маркийн машин нь хууль бусаар дээрх дугаарыг эзэмшиж байсныг хураахаар болжээ.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш