“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ Л.Баяржаргал Сонгууль, Элбэгдорж 2013/06/17 2013-06-17 17:31:46 2024-11-23 08:26:38 Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч байдгаас сүүлийн үед тэдний тал хүрэхтэй үгүйтэй хувь нь сонгуульд саналаа өгдөг болсон байна. Тэртээ 1992 оны УИХ-ын сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2012 оны парламентын сонгуульд 65.24 хувь болтлоо буурсан гээд бодоод үз л дээ. Тэнгэр, газар шиг дээрх ирцийн дүнд зөвхөн зохион байгуулагчдын ажлын алдаа төдийгүй сонгогчдын идэвхи ч нөлөөлж буй. Иймд хэсэг залуус “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг байгуулж, үе тэнгийнхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхэлжээ. Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд цаашид өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо баталгаажуулж, тэрхүү сонголтоороо дамжуулан үүрэг хариуцлагыг нь нэхдэг болох хэрэгтэй” хэмээв. Түүнчлэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулах тохиолдолд төсвөөс 28 тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулах тул бид дор бүрнээ саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой” гэж хэлж байлаа.