Зам тээврийн ноцтой осол боллоо /бичлэг/
2013/06/18
Өнөөдөр өглөөний 9 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хүмүүсийн хэлж заншсанаар 10 дугаар хорооллын замд ноцтой осол болжээ.
Нийтийн тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөн ихээхэн хэмжээний хохирол учирсан осол болсон байна. Том оврын автобус жижиг машины дээр гарсан байсан бөгөөд эндээс харахад жолооч нар хурд хэтрүүлсэн бололтой. Холбогдох албаны шинжээчид хэргийн газар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ослын шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хариулсан юм.
Хэргийн газар байсан иргэдийн хэлснээр жижиг оврын тэрэг 1 дүгээр эгнээ рүү орохдоо огцом дарснаар цаанаас ирж байсан автобусны хөдөлгөөнд саад учруулан ийм осол гарсан аж. Энэ ослын байдлаас харахад аль аль жолооч нар хурдаа тохируулан яваагүй бололтой.
Энэ ослоор аз болж хүний амь эрсдээгүй юм. Сүүлийн өдрүүдэд 1 дүгээр хорооллын зам хөдөлгөөний ачаалал их байгаа билээ. Саппорогийн тойргийн зам засварын ажлын улмаас замын түгжирэл тус газар ихээр нэмэгдсэн. Харин хөдөлгөөн сийрэгжих үед жолооч нар хурд хэтрүүлэн давхиснаас энэ осол гарсан гэж дүгнэж байгаа юм.
Тиймээс жолооч нар хөдөлгөөний хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөндөө оролцох нь зүйтэй болов уу. Ямартаа ч өнөөдөр Саппорогийн тойргийн зам засврын ажил дуусан нээлтээ хийхээр болсон. Энэ нь замын хөдөлгөөний түгжирэлийг багасгах бөгөөд жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.