Хөвсгөл нутгийн хүчит арслан Ц.Бадамсэрээжид
2015/08/01
Дэлгэр хорвоогийн дөрвөн хүчтэн гэж луу, хангарьд, арслан, барсыг нэрлэдэг ардын уламжлал бий. Тийм хүчтэн ч хүмүүст бий. “Амьдралын арван гурван хүчтэн” дөрөв ба найман мөрт шүлэг бяцхан номынхоо талд би “ХҮН” хэмээх хүчтэнг өгүүлсэн. Тэгэхээр хүмүүн бол хүч тэнхээ, оюун ухаантай орчлонгийн нэгэн бөлгөө. Арслан шиг хүч бяртай хүнээ монголчууд эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн барилдааны хамгийн дээд цолын хоёрт “Арслан” гэж адислан хүртээжээ.
Арслан цолтой хүн Монголд ховор. Дэлхийд бол бүр ховор. Харин манайхан /монгол/ зүйрлэн нэрлэдэг /Арслан гэж/ байж болох. Жишээ нь: Японы сүмо барилдааны бөхийн “Озэки” цолыг “Арслан” гэж монголчлох болов.
Монгол Улсад үндэсний бөхийн барилдааны дээд цолын тэргүүний хоёр дахь цолыг Арслан гэж нэрлэн том наадамд барилдааны давсан амжилтаар нь цоглог утга бүхий “чимэг" нэмэн олгодог. Бас аймаг, хот, цэргийн наадамд түрүүлэгчдэд арслан цол олгодог билээ.
Монгол Улсын арслан цол, чимэгтэй үндэсний бөхийн нэг бол Цэрэннадмидын Бадамсэрээжид юм. XX зууны дунд үеэр /1948-1970 он/ 20 гаруй жил Ц.Бадамсэрээжид хурц арслан гэж Монгол орон даяар нэр алдраа мандуулж, тэр нь одоо ч ярилцдаг хүчтэн. Ц.Бадамсэрээжид бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат бөгөөд Гурван хайрхан уулын өвөрт Уйлган голын эхэнд 1925 оны өвөл хөхөгчин үхэр жил мэлмий нээн мэндэлжээ.
Цагаан-Үүр нутаг бол уул ус, ургамал ногоо, агаар улирал жигд хосолсон хангай сайхан газар юм. Ер нь Хөвсгөл аймгийг Монголын Швейцарь гэдэг.
Ц.Бадамсэрээжидийн эцэг Нанзадын Цэрэннадмид нь Өвөрхангай нутгийн уугуул бөгөөд Манж чин улсын ноёрхлын үед XX зууны эхээр Хөвсгөл хязгаар газарт хилийн харуулд цэргийн албанд хэдэн цөөн мал хөрөнгөтэйгөө дайчлагдан очжээ. Ц.Бадамсэрээжидийн ижий Галсангийн Маахүү нь Уйлган голын унаган иргэн. Харуулын албанд олон жил болсон учир Цэрэннадмид Маахүү нар танилцан ханилан сууж ижилснээс 15 хүүхэд төрүүлсний гурав дахь нь Бадамсэрээжид.
Миний аав төрийн хар хүн, төрөлхийн малчин. Харуулын албанд байсан учир сонор соргог, ажилч хичээнгүй, аливаа юманд шударга үнэнч гарын ур дүйтэй, төлөв даруу хүмүүстэй эелдэг харилцдаг хүн байв. Ижий маань том биерхүү, хүч тэнхээтэй, эрэмгий чийрэгжих ажилсаг, оёдол үйлэнд уран хүн байсан. Би дүү нартайгаа аав ижийнхээ үг сургаалаар ажил хөдөлмөр хийж сурцгаасан. Манайх мал цөөн хэдэн үхэр, хонь, ямаа, унааны морьтой илүү хөрөнгө зоорьгүй учир бид хар багаасаа аав ижийдээ тусалж, тэдний хүчээр өсч хүн болцгоосон гэж Ц.Бадамсэрээжид дурсан ярьдаг.
13 настай байхад нь аав нь 55 хүрээд өөд болсноос хойш Ц.Бадамсэрээжид айл гэрийг тэргүүлэх болж, 20 насандаа 1945 онд Ардын цэрэгт татагджээ. Хүүгээ 10 нас хүрэх үеэр аав нь “Миний хүү эрийн цээнд хүрч бөх болж барилдаарай. Аав нь хүүдээ тугалтай үнээгээр торгон зодог шуудаг авсан. Миний тал бөхийн удамгүй ч ижий чинь их бяр хүчтэй. Ер нь манай Өвөрхангай, Хөвсгөл нутаг хүчит бөхчүүдийн орон. Тэгэхээр чи сайн бөх болно шүү. Чамд хүч тэнхээ байна. Миний хүү сайн бөх болно" аав нь хүүдээ улаан далбаа, цэнхэр шуудаг бүхий шинэ зодог өгч байжээ. Цэрэгт татагдаж иртлээ Ц.Бадамсэрээжид ганц ч удаа тус хязгаар нутагтаа барилдаж нөгөө зодог шуудгаа хэрэглээгүй аж.
-Миний тухай бөх болж барилдсан тухайд сурвалжлагч, сэтгүүлчид сонин хэвлэл, радио, телевизээр олон удаа бичиж нийтэлж нэвтрүүлсэнд би их баярладаг. Ялангуяа Хөвсгөл нутгийн эрдэмтэн, доктор профессор Бираагийн Лааган "Монгол Улсын Хурц Арслан” гэсэн номдоо миний амьдралын намтар, бөх болсон тухай аман үнэн мөнөөр бичсэнд өвгөн арслан бөх би хязгааргүй баярладаг гэж 2015 онд 90 нас хүрэх гэж байгаа Ц.Бадамсэрээжид гуай хэллээ.
Ц.Бадамсэрээжид анхнаасаа бөх болох гэж барилдаж эхлээгүй аж. Цэрэгт нийслэл хотод байхдаа гэнэт их таргалж хувцсандаа багтахгүй болжээ. Эхний хоёр жил өнгөрөв.
-1947 оны сүүлчээр ангийн даргын тушаалаар улсын заан Төмөртогтохыг дагаж Улсын циркэд очиж тоглолтын дараа албаар барилдах болов. Циркээс гутал, зодог шуудаг өгч Циркийн дэвжээ /манеж/-д гарч анх барилдах болов. Эхний даваанд Чимэд-Осор бөхтэй таарч шууд харваж ороод өргөж хаяв. Хоёрын даваанд Самданжигмэд гэдэг бөхтэй таарч дахиад харваанд орсон чинь би дээшээ хараад хэвтэж аманд цус амтагдах шиг болж билээ.
Ингэж би амьдралдаа том бөхчүүдтэй барилдаж эхлэв. Циркийн жүжигчин Даарийжав, Дорж, Дамдинсүрэн, Цэнд-Аюуш, Цэрэндулам нарын зөвлөгөө, тусламж, дасгалжуулалтаар тус бүр 16 кг-ын хоёр туухайгаар гурван сар эргэж хичээллээд миний нөгөө их тарга турж, бие хаа хэвийн байдалд орсон гэж Ц.Бадамсэрээжид бөх болсон хөгтэй намтраасаа ярьдагч Циркийн дэвжээд олон удаа барилдаж улам зориг хүч орж, 1947 онд улсын баяр наадамд анх удаа барилдаж гурав давжээ.
Түүнээс хойш бяр хүч, уран мэх, зориг самбаа нь нэмэгдэн сайжрав. 1948 онд улсын их баяр наадамд зодоглоод дөрөв даваад үдийн завсарлагаар Туул голын эрэгт очиж сэрүүцэж байгаад унтаж орхисноос тавын даваанаас хасагдаж байв. 1950 оны улсын их баяр наадамд заавал долоо давна гэж ангийн даргадаа өргөдөл гаргаж өгч барилдаад мөн үдийн завсарлагаар Циркийн байранд наадмын талбайн байранд бас унтаж байгаад долоогийн даваанд нэлээд хоцорч очоод улсын арслан Цоодолтой барилдаж сээрэндунгуй мэхээр унагаж долоо давж улсын начинг алгасч шууд улсын заан цолонд хүрсэн гэдэг.
Залуу зааны эрч хүч бүр нэмэгдэн барилдсаар 1954 оны улсын их баяр наадамд улсын аварга Ш.Батсууриар давж, Дархан аварга Б.Түвдэндоржид унаж үзүүрлэн улсын арслан цол хүртжээ. Тэрбээр баяр наадамд 16 жил зодоглож 11-д нь шөвгөрсөн гэж Б.Лааган номдоо дурдсан байдаг.
Харьшгүй хүчит хурц шаламгай арслан маань 1948-1968 он хүртэл Ардын хувьсгалын их баяр улсын наадамд барилдаж гурван удаа тав, нэг удаа зургаа, таван удаа долоо давж дөрөвт үлдэж, хоёр удаа найм давж үзүүрлэж байсан алдартай хүчит бөх ажээ. Улсын аварга бөх болоход хоёр ч удаа ширүүн өрсөлдөөнд аз дутжээ.
Хөвсгөл нутаг үндэсний бөх ихтэй. Тухайлбал, Цагаан-Үүр сум-Уйлган голоос сүүлийн үед алдартай олон бөх төрж гарчээ. Уйлган голд төрсөн Монгол Улсын Дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, дөрөв дэх аварга болохдоо шахсан улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, улсын гарьд Д.Бадраа, улсын харцага Д.Лхагва-Очир, улсын начин Г.Бат-Эрдэнэ, Баттүвшин, Х.Баянмөнх зэрэг алдар цуут шилдэг бөхөөрөө гайхуулах нутаг юм.
Ц.Бадамсэрээжид бол өнөө үетэй адил бөхийн тусгай сургуульд суралцаагүй, үргэлж шахам барилдаж байнгын бэлтгэл дасгал хийдэггүй байсан өнгөрөгч зууны дунд үед өөрийн хүч оролдого, авьяас санаачилгаар үндэсний бөхийн уламжлалт мэхүүдийг сурч улмаар баяжуулан барилддаг байжээ. Ялангуяа сээрэн дунгуй гэдэг дээр үеийн бараг хориотой байсан хурц шалмаг хөдөлгөөнт мэхийг оновчтой сурч дархан мэхний онцгой нэгээ болгожээ.
Монгол бөхийн нэвтэрхий толь /2013 он/ номын 162 дугаар хуудаснаа "Зүүн талтай, сээрэн дунгуй хийх, зүүн давуулж гуядах дархан мэхээрээ алдаршсан” гэж бичсэн байдаг. Ц.Бадамсэрээжид гагцхүү бөхийн төдийгүй биеийн тамирын олон төрлийг чадмаг эзэмшсэн аж. Хүндийн өргөлт, цана, тэшүүр, бөөрөнцөг, түлхэлт, шатар, волейбол, хөлбөмбөг, сур харвалт зэрэгт идэвхтэй оролцдог учир өөрийн оронд болоод гадаад оронд /ЗХУ, Зүүн Герман, Чехославак, Өвөрмонгол/ явж амжилт гаргадаг байв.
-Намайг анх цэрэгт ирэхэд /1945 он/ Ж.Жамъян хурандаа, бөх болгохоор хязгаарын цэргийн авто ротод хуваарилж, 1949 онд цэргээс халагдахад Хязгаарын цэргийн газрын дарга Б.Дорж хурандаа 45 хоногийн чөлөөгөөр нутагтаа очоод ир. Чамайг бөх болгоно гэж хязгаарын цэрэгт намайг офицер болгон ажиллуулснаар би тогтмол барилдаж улсын нэртэй бөх болсноо дээрх хоёр генералын ивээл гэж бодож явдаг хэмээн хурц арслан маань хэлдэг.
Энэ өгүүлэл тэрлэгч би Ц.Бадамсэрээжид хурц арслангийн түүх намтрыг дэлгэн гаргах гээгүй зөвхөн ямар бөх байсныг товч өгүүлэх гэсэн юм. Түүний намтрыг бүрэн гаргах гэвэл хэдэн ч тууж роман цом болох билээ. Нэгэнт эхний ном нь гарсан /2005 он/ учир дахин давтаад яах вэ. Харин ажил амьдралаас нь товч дурдъя.
-Миний бөх болсон, ханьтай болсон анхны гараа бол Монгол Улсын цирк гэж Ц.Бадамсэрээжилд гуай хэлдэг. Циркийн жүжигчин агаарын гимнастик алдартай хийдэг Намхайдагвын Төгс гэдэг эрэмгий зоригт залуу бүсгүйтэй гэрлэж, Сарантуяа гэдэг хөөрхөн охинтой болжээ. Нийслэлийн нэгэн сайхан айл өрх болон амьдарч байтал Төгс хань нь хүнд өвчний улмаас ид залуухан ертөнцийн мөнх бусыг үзжээ.
1949 онд цэргээс халагдаад очиход нь ижий Маахүү нь бурхан болсон байж. Тэгээд Ц.Бадамсэрээжид төрсөн дүү нараа Хөвсгөл нутгаас Улаанбаатарт авчирч ажил мэргэжил амьдралд оруулсан буянт ах билээ. Одоо өөрөөс нь нэг дүү Ханд гэдэг эдүгээ 89 нас хүрсэн эмээ уугуул нутаг Хөвсгөл-Цагаан-Үүр, Уйлган голдоо байгаа болой.
Ц.Бадамсэрээжид бол аав шигээ төрийн хар хүн. Урьд аль ч нутагт ихэнх айл хүүхдээ лам болгохыг хүсдэг байж. Түүний бяр чадал, төлөв даруу зан, биеэ цэвэр цэмцгэр авч явдаг, үнэнч шударга төрөлх чанар нь хязгаарын цэргийн албанд арын албаны хангалтад голдуу 40 гаруй жил бага дэслэгчээс ахмад, хошууч ахлах офицер болж идэвх зүтгэл үр дүнтэй ажиллажээ.
1980-аад оны Улсын төлөвлөгөөний комисс, Худалдаа бэлтгэлийн зах зэрэгт хориод жил ажиллаж байгаад насны тэтгэвэртээ гарсан аж. Хаана ч ажиллаж байхдаа бөх, биеийн тамирыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргадаг байв. Ажиллаж байсан газар бүртээ нэр хүндтэй, хамт олонтой найрсаг дотно явжээ. Аливаа байгууллага, хүн бүр өөрийг нь хүндэтгэж байдагт их баярлаж байдаг. Хүний амьдрал нэгэн хэв янзанд байдаггүй учир хүчит арслан маань хувь заяаны эрхээр Ховд аймгийн Очирын Цэдэв гэдэг долоон хүүхэдтэй бүсгүйтэй түүний хүслээр 1967 онд гэрлэжээ. Түүний нөхөр нь усанд унаж эндсэн аж.
-Бид долоог хүний хүүхэд гэж гололгүй авч, ээжтэй минь ханилан амьдрах болсон. Ингэж аавтай болсон маань бид долоогийн хувьд од шүүрсэн заяа төөрөг байсан.
Таныхаа ачлал энэрлийг зүйрлэн хэлэх сайхан үг олдохгүй байна. Он жилүүд өнгөрч өдгөө 40 жилийг ардаа орхижээ.
...Аавыгаа дагадаг байсан үр нь өдгөө эрийн цээнд хүрч, элэг бүтэн энхлүүн, амжилт бүтээлээр арвин сайхан амьдарч яваа нь таны минь л ач зүтгэл шүү дээ, аав аа гэж дээрх долоон хүүхдийн нэг хүний их эмч Галсангийн Оюунтунгалаг “Сонгодог гэр бүл" сонины 2013 оны гуравдугаар сар №3-т шүлгийн хамт дурсан бичжээ.
Ц.Бадамсэрээжид О.Цэдэв нарын дундаас хүү, охин хоёр төрж, арван хүүхэд өсгөн хүмүүжүүлэн сайн сайхан амьдралд хүргэжээ. Ач, зээ нь нийлээд 30 гаруй өнөр өтгөн гэр бүл болсон байна. Олон жилийн хань О.Цэдэв нь өвчний улмаас 2014 он гараад өөд болжээ. Иймд аварга хүчтэний ааг омгийг туулж өнгөрүүлсэн амьдралын жаргал зовлонг эдлэх нас өндөр болж яваа ч Ц.Бадамсэрээжидийн сэтгэлийн хат тэнхээ буураагүй, сээрэн дунгуй мэхээ марталгүй яваа өнөө үеийн өндөр хүчтэний нэг.
Сээрэн дунгуй бол орчин үеийн ямар ч бөхийн барилдаанд түргэн шалмаг хийж сурвал заавал даваа авах уран мэх. Ялангуяа манай эмэгтэй бөхчүүд сайн сурч судалж эзэмшвэл аль ч тэмцээнээс алтан медалийн эзэн болох ховор чухал мэх шүү. Би тэр мэхийг заан сургая гэж санал болгосон ч дээрээс дэмжлэг авсангүйд өвгөн хүчтэн маань харамсан ярьдаг.
Өнөө үеийн монгол үндэсний бөхийн барилдаанд хурдан шаламгай биш, мэх хүчээ даацтай хурдан хийдэггүй, удаж ухаж барилддаг зуршилтай болоод байна. Болбол барьцанд хүрч тулгаж ноцолддог боллоо. Тэгэвч үндэсний бөхийн барилдаан эрчимтэй хөгжиж шинэ залуу бөх олноор гарах боллоо. Монголын бөхийн холбоо янз бүрийн арга хэмжээ авч, ‘‘Монгол бөхийн нэвтэрхий толь” бөхийн холбогдолтой ном гаргасан зэрэг өгөөжтэй ажил хийж байгаа ч монгол бөхийнхөө барилдааны уламжлалыг гээж хаялгүй шинэ зүйл хийх талаар дутмаг байгааг Ц.Бадамсэрээжид гуай шүүмжилдэг билээ.
Ц.Бадамсэрээжид бол зөвхөн бөх-олон төрөл спортын тамирчнаар зогсохгүй эрдүү сайхан дуу хоолой тод хэллэгтэй хүн. Тэр аятайхан дуулдаг, радио телевизээр цэвэр эвтэй ярьдаг, бөхийн хүч мэхийг сайн мэддэг учир бөхийн барилдааны талаар гарамгай чадмаг тайлбарладаг. Ер нь үндэсний бөхийн барилдааны тухай тайлбарыг Монголын радиогоор анх хийсэн хүн.
Тиймээс олон нийт, төр засаг түүний удаан жилийн өгөөж бүтээлийг өндөр үнэлж 1998 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол Ц.Бадамсэрээжидэд олгожээ. Монгол бөхөө сурталчлах барилдааны арга мэхийг зааж сургах талаар шургуу ажилладаг учир олон зуун шавь, мянга мянган дэмжигчтэй билээ. Охин Б.Баярмаагийн хүү, өөрийн зээ, Ням-Очирын Болор-Эрдэнийг миний удам залгах хүчит бөх болно гэж найдаж торгон зодог шуудаг, гэртээ тахиж тохижуулсан барилдааны бүхий л хэрэгсэл, дурсгал үзмэрээ эзэмшихийг түүнд зааж өгөөд байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн төв болон Цагаан-Үүр суманд Ц.Бадамсэрээжид арслангийн бөх болсон бөх болсон үйл ажиллагааны булан, танхим, үзмэр гарган сурталчилдаг аж. Нэрт аварга, арслан олон бөхийн хөшөө дурсгалыг зарим аймаг, суманд босгосон байдаг ч Ц.Бадамсэрээжид хурц арсланд зориулсан хөшөө дурсгал одоо ч үгүй аж. Хүчит энэ бөх барилдааныхаа зохих шагнал, урамшил маш олныг авч дурсгал болгон хадгалжээ.
Зөвхөн одон медалиуд нь өнгөт зураг дээрх энгэр дээрээс нь хараад тоолж болох. 2014 оны долдугаар сард Хөвсгөл аймагт болсон Хотгойдын чуулганы даншиг наадамд улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидийг урьж оролцуулан тус аймгийн удирдлага, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээ 2015 онд болох насных нь ойг угтаж суудлын япон машин, үнэт зүйлсээр урамшуулан шагнажээ.
Хүчтэн хүчтэнээ түшдэг гэдэг үнэн бололтой. Ц.Бадамсэрээжидийн төрсөн дүү Ц.Норжмоогийн охин Б.Болормаатай Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ханилан суусан нь хоёр их хүчтэн Ц.Бадамсэрээжид Б.Бат-Эрдэнэ яах аргагүй худ ургийн холбоотой нь сонин учрал. Харин энэ хоёр эрхэм даруу хүчтэн бөх маань тийм худууд гэдгээ хэнд ч зарлаад байдаггүй.
Хөвсгөл нутгийн Цагаа-Үүр сумын
Хүндэт олон хүчтэний нэг
Хуй салхи шиг
Хурдан шаламгай
Хуйрнан шуугигч
Хурц арслан
Цэрэннадмидийн Бадамсэрээжид ээ.
Батхүү · 2015/08/02
урт наслагдаа хөөрхий
отгоо · 2015/08/02
Энэ буянтай сайхан хөгшин минии аавын дүүтэй амидарч нэгэн насны жаргал эдэлж явсан гэж бодохоор би эгчээрээ бахархаж бас баярлаж сууна даа .Урт наслаж удаан жаргаарай Авирмэд Отгоо
Зочин · 2015/08/01
:like