Монголын тамгатай есөн хутагтын нэг болох Энэтхэг улсад шавилан суугаа Ламын гэгээнтэй ярилцлаа.


-Сар шинийн баярын өмнө таньтай ярилцаж буй тул хоёулаа яриагаа ирж буй жилийн өнгө Монгол түмэнд маань ямар байхаас эхлэх үү?
-Ирж буй усан луу жил монголын ард түмэнд маань ээл ивээлээ харамгүй хайрлах болно хэмээн бууж байгаа. Усан луу жил “Баясгалан” гэдэг хочтой. Хоч гэдэг нь тухайн жилийн гол өнгө байдаг. Тэгэхээр “Баясгалан” гэдэг хоч бол инээд наадам элбэг, идээ цагаа арвин байхын бэлгэдэл юм. Хур ус нь цагтаа бууна. Салхи шуургагүй. Хүн бүрийн санасан хэрэг бүтнэ ирж буй жилийн өнгийг бэлгэшээж байгаа.


-Таны анхдугаар дүр өнөөгийн бидний хэрэглэж буй зурхайг зохиосон гэдэг. Анхдугаар дүрийнхээ эрдэм чадал хийгээд, өнөөгийн зурхайн ухаанд зарим зөрчилдөөнтэй асуудлууд үүсдэг. Үүний ялгаа, ойлголтын зөрүүний талаар та тайлбар хэлээч?
-Бурханы шашинд багш шавь гэсэн ойлголт бий. Түвдийн бурханы шашин болох буддын шашныг үүсгэгч бурхан багш, түүний хоёр шавь байдаг. Монголд бурханы шашныг үндэслэгч нь Өндөр гэгээн. Өндөр гэгээний хоёр шавь болох Ламын гэгээн, Заяын гэгээн. Эдгээр хүмүүс монголын шарын шашны үндэслэгчид юм. Эдгээр хүмүүсийн хойд дүрүүд тодорсоор, буян номоо үйлдсээр байна. IX Богд маань саяхан таалал төгссөн. Түүний хоёр шавь болох Ламын гэгээн, Заяын гэгээн хоёр хоёулаа энэ цагт Энэтхэг улсад шавилан сууж байна. Ламын гэгээний анхдугаар дүр монголд бурханы шашныг түгээн дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулсан, цаг тооны бичиг зохиосон гээд сүсэгтэн олныхоо төлөө олон зүйлийг хийсэн байдаг.  Анхдугаар дүрийн талаар ярихад бурханы шашинд "би" гэх ойлголт байдаггүй тул энэ талаар ярихад бага зэрэг тохиромжгүй байна. Буддын шашны нэг онцлог нь манай шашинд би гэсэн ойлголт байдаггүй. "Би" гэдэг зүйлийг хайж, олдошгүй тийм ойлголт гэж үздэг.


-Энэ жил Энэтхэгт анх удаа Далай багшид таны айлдсанаар монголчуудад зориулсан их номын хурал хийсэн. Номын хурлын талаархи тань сэтгэгдэл ямар байна вэ?
-Номын хурал их сайхан болж, мянга гаран монгол Энэтхэгт хүрэлцэн ирж, Далай багшийн монголчуудад зориулсан номын дууг сонссон. III Далай багшийг монголд  цусан далайг сүүн далай болгосон гэж үздэг. Учир нь тухайн үед монголчууд бөөгийн шашинг тахин шүтэж, улмаар аливаа үйлийг хийхдээ махан биеэр тахил өргөж, цусан далай үүсгэж байсан. Үүнийг III Далай багш өөрчилж, Буддын шашинг монголд нэвтрүүлж, махан биеэр биш, сүү, цагаагаар элдэв үйлийг хийдэг болгосон. III Далай багшийн хувьд монголын 40 хуварга багшид хандан, бурханы гэгээрлийг олоход хөтлөх ном айлдаж хайрлаач гэхэд Бодь мөрийн зэрэг "Тунгаамал алт" гэдэг номыг зохиож, эдгээр хуварууд өөр өөрийн хийддээ энэхүү номыг очиж, бясалгаснаар гэгээрсэн гэдэг. Тиймээс Далай багш энэ жил монголчуудад зориулан энэхүү номыг айлдсан гэж байсан. Нууц тарины ёсноос энэ удаа Язгуурын таван бурханы ван айлдсан. "Ван"-гийн авшиг хүртээнэ гэдэг бурханы шашны маш том зан үйл. Тэр дундаа Очирвааны бурханы авшигийг хүртэнэ гэдэг нууц тарины ёсны дээд үйл юм. Очирвааны бурхан бол манай монголын нийт бүсийн сахиус л даа. Хятадыг Манчир, Төвдийг Жанрайсаг, монголыг Очирвааны орон гэдэг юм.


-Далай багш монголчуудад зориулан айлдсан айлдвараас та аль хэсгийг нь онцлон сүсэгтэн олонд сануулах вэ?
-Далай багш Монголчуудад зориулан Язгуурын таван бурханы авшиг хүртээсэн. Энэ үед Монголын сүсэгтэн олон энэ номондоо сүсэглэж, бурханы номонд хүрэх замаа Обумид бурханаар дамжуулан олох ишлэл лүндэн буусан. Сүсэг бишрэлийн талаасаа монголчууд их, зөв сүсэгтэй. Монголчууд нэг зүйлд зүтгэхээрээ их үр дүнд хүрч чаддаг. Энэ мөн чанараараа бурханы шашинд сүсэглэтгүй гэж багш айлдсан. Үүнийг л сүсэгтнүүд минь онцгойлон санаж яваасай гэж хүсэж байна.


-Бурханы шашныг мухараар сүсэглэж буй хүмүс олон бий гэж нэг хэсэг хүн шүүмжилдэг. Та сүсэг, бишрэлийн талаар юу хэлэх вэ?
-Бурхан ном гэдэг маань хүний сэтгэлийг засаж, муу сэтгэлийг арилгаж, зөвийг бий болгох агуулгатай. Далай багш ч Бурханы ном гэдэг сэтгэлийг засаж, бурханы гэгээрлийг олох хэрэглэгдэхүүн гэсэн байдаг. Харин мухар сүсэг гэж мэдэхгүй сүсэглэхийг хэлж байг буй хэрэг. 1937 оны үед бид бурханы шашин гэдэг зүйлийг мэдээд сүсгэлдэг байсан. Тухайн үед бүх түвшинд бурханы шашин хөгжсөн байсан. Гэтэл тэр цагт бурханы шашны бүх мэдээллийг хаасан тул түүнээс хойш бидэнд мухар сүсэг байх үндэслэлтэй.


-Монголд хэчнээн хувилгаан байдаг вэ. Эдгээрийг ямар учир шалтгаанаар тодруулдаг юм бэ?
-Энэ бол шашны нэг том зан үйл. Монгол хувилгаануудыг Далай багш, Богд багш нар тодруулдаг байсан. Харамсалтай нь Богд багш нь жанч халчихаад байгаа. Миний дүрийг Далай багш тодруулсан. Одоогоор монголоос есөн тамгатай хутагт тодроод байгаа.


-Богд гэгээнтэний дараагийн дүр хэдийд тодрох бол. Монголын шашны тэргүүний дараагийн дүрийг тодруулах асуудал хэлэлцэгдэж эхлэсэн үү?
-Одоогоор Далай багш энэ талаар айлдаагүй байгаа. Нэг их удахгүй тодруулна гэж найдаж байна.


-Сүсэгтэн олондоо хандаж та юу хэлэх вэ?
-Та бүхэн минь нүгэлийг тэвчиж, буяныг үйл ихээр хийж, Сани сүнчи гэдэг номыг бясалгаж, сэтгэлдээ буян хураагаарай гэж хүсье. Ирж буй жилдээ бүх зүйлсийг сайхнаар сэтгэж, хайр халамжаар бялхаж байх болтугай гэж ерөөе.

С.Энхзаяа