Р.Пүрэвдагва түрүүлж, ”Даншгийн Арслан” цол хүртлээ
2015/08/10
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв.
Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, "Даншгийн Арслан" цол хүртлээ.
Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэв. Хурдан морины Азарга насны уралдаанд түрүү байранд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга хурдаллаа. Их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг түрүү байр эзэлсэн бол Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлсэн байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэллээ. Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлжээ.