Замын компаниуд иргэдийг золигт гаргаж байна
2013/06/20
Нийслэлийн авто зам нэг үеэ бодвол өнгө нэмж, “үзэмж төгс” болсон. Гэтэл сайны хажуугаар саар зүйл зөндөө байна. Авто замд арчлалт, засвар хийж буйг нь буруутгах гэсэнгүй.
Харин зам засах нэрийдлээр хотын ихэнх хэсэгт “хөл хорио” тогтоосонд иргэд бухимдаж байна. Зүй нь зам засварын ажлыг эртхэн хийгээд дуусгачихвал намар хичээл, сургууль эхлэхэд амар л даа. Гэхдээ нэг замаа нээгээгүй байж, нөгөөхийг нь хаагаад байгаа замын компаниудыг би л хувьдаа ойлгохгүй юм. Миний ажил өглөө 09.00 цагт эхэлдэг. Ажлаасаа хоцрохгүйн тулд барагцаалж цагийн өмнө гэрээсээ гарах хэрэгтэй болдог. Харин одоо зам, талбай хаагдсанаас болж хоёр цагийн өмнө гэрээсээ гардаг болсон. Гэвч энэ 120 минутын хугацаанд хүсээгүй аялал хийж, машин л явж болох газруудаар холхиж үзлээ. Уураа барсан жолооч нар хоорондоо маргалдаж, “би наашаа, чи цаашаа” хэмээн арай ядан хулгайн замаар зорчиж байгаа нь энэ цаг үеийн соёл уу. Нийслэлийн зүүн хэсэг болох Баянзүрх дүүргийн замууд үнэхээр ачаалалтай байгааг албаныхан надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Мэдсэн атлаа гол гол замуудыг нь хааж, жолооч нарыг хүчээр дүрэм зөрчүүлж байна. Ажилдаа яарч, сандарсан хүмүүс хаана л орж болох гарц, зам байна зүтгээд адаг сүүлд нь түгжирч аргаа барахдаа сайн дурын зохицуулагч хүртэл хийдэг болов.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэчнээн зам засвартай байгааг танилцуулъя. Доржийн гудамж буюу Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш “Цайз” захын уулзвар хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж буй. Сансрын аюулгүйн тойргийн хучилтын ажлыг гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар тус тойргоос зүүн тийш “Тэргэл” төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нийг хүртэл хязгаарлаж, дулааны шугам сүлжээ шилжүүлэх, сувагчлах ажил явагдаж байгаа. Харин долдугаар сарын 5-ныг хүртэл Аюулгүйн тойргоос Хил хамгаалах алба хүртэлх 750 метр замын хучилтын ажлыг хийж, замын зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байгаа.
Мөн Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордны чиглэлд Баянзүрх дүүргийн Тамгын газраас Эскадрилийн хөшөө хүртэлх 300 метр замын урд урсгалыг хааж, хучилтын ажил хийж байна. Долдугаар сарын 9-нд тус замын хойд урсгалд хучилт хийх учраас дахиад л хэсэгчлэн хаана. Харин Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээх болсныг албаныхан дуулгасан юм. Нарны замын зүүн хэсэг болох Нарантуул захаас Чулуун-Овооны тойрог хүртэлх хоёр км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын өргөтгөлийн суурь хучилтыг хийсэн байна. Энэ сарын 23-28-ны хооронд урсгал тус бүрээр өнгө хучилт хийнэ. Тус дүүрэгт хийгдэж буй бас нэг замын ажил Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр авто зам юм. Тус замд автомашины нүхэн гарц хийх ажлыг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-нийг хүртэл угсралтын ажил хийгдэх аж. Энэ мэтээр зэрэг шахуу хийж буй замын ажлууд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачаалал зэргээс шалтгаалж зохиомол түгжрэл үүсгээд байх шиг. Зарим зам нь заасан хугацаандаа засварлагдаж дуусахгүй хоног алдсанаас үүдэж ийнхүү засварын ажилд дараалал үүсгэж байна.
Хотын даргын хийх ёстой ажил бол нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтыг иргэдэд саад учруулахгүйгээр явуулах нарийн төлөвлөгөө гаргах. Гэтэл сонгуулийн сургаар шоу хийж, шогтож явна, цаана чинь. Ингэж явахын оронд энэ замыг ингэж хурдан зас, тэнд тийм ачаалал үүсээд байна гээд санаа зовж сурвал яасан юм бэ, хотын дарга Э.Бат-Үүл ээ. Тендерээр шалгарсан замын компаниуд чинь хурдан л дуусгаж байвал хамаагүй мэтээр авирлаж, хулхи зам хийчих вий дээ. Хэдхэн өдрийн борооны ая даахгүй хагарч, бутарч, цөмөрсөн замууд хаа сайгүй байна. Энэ бол эрх хав шиг наалдсан хотын даргын хонхтой компаниудын хийсэн балаг юм.
Нийслэлд хаа сайгүй замын ажил өрнөж байгаа. Гэтэл борооны ус зайлуулах хоолой хийж буй компани нэг ч алга. “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр хашлага хийгээд асфальт асгаж индүүдсэн нэр зүүгээд засмал зам хэмээн нэрийддэг. Бодит байдал дээр өнөөх засмал замууд нь ширүүхэн бороонд цөөрөм үүсгэж, жолооч, явган зорчигчийг үерт автуулдаг дүр зураг зөндөө бий. Энэ байдлыг нь харсаар, мэдсээр суух атлаа толгойг нь илээд өнгөрүүлээд байгааг ойлгохгүй байна, хотын мээр ээ.
Зочин · 2013/06/21
HUUYE SETGUULCH GUYAI CHAMAIG L SAIHAN URGUN CHULUUTEI ZAMAAR YAVAG GEJ NAAD HUMUUS CHINE UDUR SHUNUGUI AJILLAJ BNA HARIN CH NAAD HUMUUSIIHEE HIIJ BGA UILDELD TUS BOLJ IRGED UURSDUU SAAD BOLOHGUI BH HEREGTEI SH DE HALUUN ASPALIT DEVSCHEED BAIHAD HENEG CH UGUI DEEGUUR NI GARAAD YAVJ BGA MALNUUD BNA SH DE ICHEECH TIIM BJ UURSDIIGUU IH HOTIIN SOYOLTOI ZALUUS GEHUU
Зочин · 2013/06/21
за сүртэй юм, сайхан замтай болж байна ш д. Ирээдүйгээ хар л даа.