Нэгэн хэрэглэгч манай сайтад хандан ХААН банкны үйл ажиллагаанд гомдолтой байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр энэ сарын 9-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Номингийн салбар дэлгүүрээр үйлчлүүлэн тооцоогоо ХААН банкны картаар хийжээ.

Тооцоо хийх үед карт уншигч машин алдаа зааж, мөнгөө уншиж чадахгүй байжээ. Түүний өмнө мөн нэг үйлчлүүлэгчид ийм зүйл тохиосон аж. Тэрээр үүний дараа картаа АТМ-ээс шалгахад дансан дахь мөнгөнөөс нь тухайн барааны мөнгө хасагдсан байжээ.

Ингээд тэрээр зохих газар хандахад Номин дэлгүүрийн зүгээс сүлжээний саатал гарсан, банктай холбоотой гэжээ. Харин тэрээр энэ талаар ХААН банкны 1917 утсанд хандан санал гомдлоо хэлсэн байна.

Банкны зүгээс сүлжээнд алдаа гаран ийм зүйл болсон талаар тайлбар хийсэн аж. Түүнчлэн 14 хоногийн дотор тухайн хэрэглэгчийн мөнгийг оруулж өгнө гэсэн ч өдийг хүртэл хугацаа алдаж байгаа нь хэрэглэгчийн хувьд бухимдал төрүүлж байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн өөрөөс нь гадна нэлээд хэдэн хүн тус дэлгүүрийн салбараар үйлчлүүлэхэд ийм зүйл болсон гэдгийг тэрээр хэлсэн.

Харин энэ талаар Номин 32 салбарын холбогдох хүнээс тодруулахад, энэ нь банкны гүйлгээний алдаа бөгөөд манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд хүмүүсийн дунд ийм зүйл гарсан гэдгээ хэлэв. Үүнээс гадна энэ нь Номингийн салбар дэлгүүрийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэж хэлсэн юм.

Ямартаа ч банкны гүйлгээний сүлжээнд алдаа гарснаас хэрэглэгчид хохирсон нь үнэн бөгөөд хамгийн гол нь хэрэглэгчдийн зүгээс худалдан авалт хийгээгүй байхад дансан дахь мөнгөнөөс нь хассан болон тэдний хохирлыг барагдуулахад хугацаа удааж байгаад гомдолтой байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм.

Ер нь ХААН банкны хувьд гүйлгээ нь энэ мэтээр саатсан олон тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд салбартаа нэлээд томоохон байр суурийг эзэлдэг тэд энэ мэтээр үйлчлүүлэгч хэрэглэгчдээ хохироож, хохиролыг барагдуулахдаа хугацаа авч байгаагаа засаж залруулмаар юм аа ...

С.Отгон