Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Вук Еремич бараалхав
2013/06/21
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Монгол оронд анх удаагаа зочилж буйд болон НҮБ-тай манай орны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад талархаад өөрийн улсын эдийн засгийн өсөлтийн талаар болон олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс авлигыг хамгийн хурдацтай бууруулж байгаа орноор тодорсон тухай танилцууллаа. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, аюулгүй байдлыг дэмжин хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, НҮБ-ын бусад гишүүд дэмжсэнтэй холбогдуулан ноён Вук Еремичийн даргалсан НҮБ-ын Ерөнхий Ассамблей уг асуудлаар тогтоол баталсныг чухал үйл явдал хэмээн онцлон тэмдэглээд өнгөрсөн намар бас ардчиллын боловсролын асуудлаар тогтоол батлуулахад дэмжсэнд талархал илэрхийллээ.
НҮБ-ын харьяанд усны төрөлжсөн бие даасан байгууллага байгуулах, энэ чиглэлээр болон байгаль орчны салбарт улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, архины буруу хэрэглээний хяналтын конвенц батлуулах Монгол Улсын санал санаачилгыг дэмжихийг Ерөнхийлөгч түүнээс хүслээ. Мөн архины хэрэглээний хяналтын талаарх конвенц батлуулах манай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим орон дэмжиж байгааг дуулгав.