Шинээр тусгаар тогтноод удаагүй байгаа Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ өнөөдөр Facebook-ээр дамжуулан аавдаа зургаа илгээгээд байна. Тэрээр НҮБ-аас явуулж буй UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай 2 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүнд багтан Өмнөд Суданд алба хааж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард Африкийг зорьсон тэрээр ирэх есдүгээр сард багийнхныхаа хамтаар эх орондоо хүрэлцэн ирнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар дөрвөн хүүтэй, харин Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа Эрдэнэ хоёр дахь нь хүү нь болж мэндэлсэн юм. Төрийн тэргүүн залуустаа хандан “Монгол залуу хүн бүр цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба хүнийг хүн болгож хатуужуулдаг юм” гэж сургадаг. Тэгвэл хоёр дахь хүү Эрдэнэ эцгийнхээ бахархах дуртай албанд тэр дундаа дэлхийн халуун цэг болсон Өмнөд суданд алба хааж явна. Хүүгээрээ Ерөнхийлөгч бахархаж байгаа нь лавтай. Ерөнхийлөгчийн залуу насных нь дүр төрхтэй тун адилхан харагдаж байгаа биз. 

Сануулахад, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай Монгол Улсын Зэвсэгт II ээлжийн Мотобуудлагын батальоныхонд өнгөрсөн тавдугаар сард 5 метрийн гүнтэй нийтийн бие засах газрын нүхэнд нярай хүүхэд унасан дуудлага ирэхэд “Румбек” баазад үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Б.Бат-Амгалангаар удирдуулсан татан гаргалтын бүлгийнхэн ослын газарт шуурхай очин ажилласнаар эхээс дөнгөж мэндлээд байсан нярайд анхны тусламж үзүүлж аварсан баяртай мэдээг монголчууддаа Өмнөд Суданаас илгээж байсан билээ. Харин энэ удаад Элбэг аавтайгаа ийн зургаар мэндчиллээ. 
 
Г.ДАРЬ