-ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЭХ БОЛОМЖ & ҮНЭ ЦЭНТЭЙ НЭГ ХУВЬ-

​Өчигдөр үнэхээр “чка” өдөр байлаа. Монголбанк бодлогын хүүгээ нэг пунктээр бууруулав. Төв банк мөн­гөний бодлоготой холбоотой шийдвэр гар­гах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд дуншсан. Инфляци тогтвортой бай­гаа хэдий ч зээл олголт өсөн нэмэгдэж буй зэрэг бусад шалтгаан нөхцөлтэй холбоотойгоор төв банкны бодлогын хүү буурч мэдэх юм гэсэн эргэлзээ ч байв. Гэвч зарим эдийн засагч “Энэ бол бодлогын хүүг бууруулах, эдийн засгийг тэлэх хамгийн боломжит цаг үе” хэмээн мэдэгдэж байсан. Тэдний таамаглаж байсанчлан Монголбанк өчигдөр бодлогын хүүгээ бүхэл нэг пунктээр буу­рууллаа.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг тогтворжуулж чад­сан төв банкны хувьд энэ нь хувийн хэвшлийнхнийг, цаашилбал дундаж давхаргынхныг дэмжсэн зүй ёсны шийдвэр мөн.

 

Дашрамд дурьдахад өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд тухайн үеийн Монголбанкны удирдлагууд бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж 13.25 хувьд хүргэж байв. Энэ нь 2012 оны төсвийн “сулралт”, бэлэн мөнгө тараасан алдаа, нөгөө талаас эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч өгөхгүй байсантай холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Харин Монголбанкны өнөөгийн удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард мөнгөний бодлогын хүүг 0,75 хувиар бууруулсан. Энэ нь 2009 оноос хойшхи томоохон хэмжээний бууралт байсан төдийгүй хувийн хэвшлийнхний хувьд удаан хүлээсэн дохио байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Энэ удаад төв банк санаачилгыг гартаа авч, Засгийн газартай хамтран дэд хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлснээр инфляцийн дарамтыг “өөрийн гараар” буулгасан юм. Ингээд одоо бодлогын хүүгээ “нэмж, хасах” эрхээ гартаа оруулж эдийн засгаа тэлэх бодлогоор удирдаж эхэллээ. Өчигдөр гаргасан шийдвэрээрээ Монголбанк бодлогын хүүгээ 11.5 хувиас нэг хувиар бууруулж 10.5 хувь болгосон байна. Энэ эрчээрээ бол тун удахгүй бодлогын хүүг нэг оронтой тоонд оруулж ч мэдэх юм. Нөгөөтэйгүүр Монголбанкны бодлогын хүү репо зээл болон овернайт хадгаламжид хамаардаг хүүний коридорын өөрчлөлтийн бодлого явуулах болсон билээ.

Тухайлбал Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд хуралдаад “Хүүгийн коридорын арга” гэгчийг нэвтрүүлэхээр болсон. Урьд нь төв банкны мөнгөний бодлого  “хатуу, зөөлөн” байх нь эдийн засагт дохио өгөхийн зэрэгцээ зээлийн хүүд яаж нөлөөлөөд байгааг тэр болгон ойлгогддоггүй байв. Ямартай ч эдийн засагт эерэг, эсвэл сөрөг дохио өгөөд байна. Тэр нь төгрөгийн ханшны үнэ цэн болон хувийн хэвшлийнхний зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засаг тэлэх хийгээд хумигдахад ямар нэг байдлаар хамааралтай бололтой гэж таамагладаг байв.

Тэгвэл хүүгийн коридорыг нэвтрүүлснээр арилжааны бан­куудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжрах юм. Мөн барьцаагүй “өдрийн зээл”-ийн хүү нь бодлогын хүүтэй тэнцүү байсан бол одоо хоёр хувиар хасагдаж өчигдөр зарласан бодлогын хүүгээс хоёр хувиар бага буюу 8.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчид очно. Хэрэв өдрийн зээл аваад өдөртөө төлж чадаагүй бол төв банкны овернайт буюу хоногийн зээлд шилжүүлдэг. Энэ хүүг Мөнгөний бодлогын зөвлөлийн сүүлд гаргасан мэдэгдлээр бодлогын хүүгээс хоёр хувиар бага байхаар болгож үүнийгээ “Хүүгийн коридорын өргөнийг нэмэгдүүллээ” гэж яриад байгаа юм. Харин +2 буюу ямар хүүг хоёр хувиар нэмэгдүүлэв.

Овернайт хадгаламж гэдэг нь мөн л шинэ буюу идэвхтэй ашиглаж эхэлж буй арга хэрэгсэлд тооцогдож болох юм. Үүний хоног тутмын хүүг мөнгөний бодлогын хүүгээс хоёр хувиар илүү хүүтэй байхаар болгосон аж. Өөрөөр хэлбэл нэг хоногийн хугацаатай зээл авахад уг зээлийн хүү өчигдөр зарласан байдлаар 10.5 хувиар хоёр хувиар “өргөтгөсөн” гээд бодохоор 12.5 хувийн хүүтэй болж байна.

Энэхүү арга хэмжээг авснаар банк хоорондын зах илүү үр ашигтай, идэвхтэй ажиллах боломжтой. Ингэснээр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нэмэгдэх юм. Мөн Төв банкны үнэт цаасны хэмжээ буурах суурь нөхцөл бүрдэх аж. Учир нь дээр дурьдсан “өдрийн зээл” нь Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/, репо санхүүжилт, репо арилжаа нь Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/ болон Засгийн газрын үнэт цаас, Засгийн газрын вексель, Монголын ипотекийн корпорацийн үнэт цаасыг барьцаа хөрөнгө болгон авч үздэг. Тиймээс шинээр авч буй энэхүү арга хэрэгсэлтэй холбоотойгоор Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч эдийн засаг идэвхжих эерэг нөлөөлөлтэй юм. Дашрамд дурьдахад богино хугацаат зээлийн хүүг үр дүнтэй удирдах нь банк хоорондын төлбөр түргэн гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлж улмаар хувийн хэвшлийнхэнд ашигтай тусах эерэг талтай. Энэ талаар сүүлийн жилүүдэд олонтаа ярьсан ч ийнхүү ажил хэрэг болох эхлэлээ тавьж байгаа бөгөөд бодлогын хүүгийн бууралтыг арилжааны банкууд зээлийн хүүндээ тусгах боллоо.

Ямартай ч инфляцийн хувь хэмжээ зорилтот төвшинд нийцтэй байгаа нь мөнгөний бодлогыг сулруулах боломжийг олголоо хэмээн эдийн засагчид тайлбарлаж байв. Түүнчлэн цаа­шид Монголбанкны Мөн­гөний бодлогын зөвлөлөөс арилжааны банкууд болон хувийн хэвшлийнхнээ дэмжсэн эдийн засгийн өсөлтийг онилсон олон шинэ шийдвэрийг цаашид гаргах байх гэсэн хүлээлтийг үүс­гээд байна. Ингэхдээ өн­гөрсөн дөрөвдүгээр сард нэмснээс хойш бодлогын хүүг түр мартаж инфляцийг өсгөөд байгаа нийлүүлэлтийн гаралтай шалтгаануудтай “тэмцэж” эхэлсэн. Тэр зорилгодоо ч хүрч өнөөдрийн байдлаар инфляци улсын хэмжээнд 9.7 хувь болж нэг оронтой тоонд багтаад байгаа. Энэ бол том зорилтынхоо захаас атгаад авсан хэрэг. Гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн сайнгүй ч дотоодын үйлдвэрлэгчдээ, дун­даж давхаргынхнаа дэмжсэн эдийн засгийн өсөлтийг онилсон Монголбанкны удирдлагуудын энэ шийдвэрийн үр дүн удахгүй сайн мэдээ дуулгах биз ээ.

 

У.Оргилмаа