-       Дэлхийн банкнаас “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд 45 мянган ширхэг бүрэн шаталттай зуух шалгаруулах арга хэмжээ явагдаж байгаа юм байна. Энэ үйл ажиллагаанд танай компанийг оролцож байгаа гэж дууллаа. Ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-       2007 оноос Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулах ажилд өөрийн компаний зүгээс хувь нэмрээ оруулах зориулалтаар олон удаагийн туршилтаар  ACE 7 бүрэн шаталттай зуух хийж, олны хүртээл болгосон боловч ямар нэгэн төрийн дэмжлэг байхгүйгээр 2013 оныг хүргэлээ. Энэ арга хэмжээнд манайх АСЕ 7 зуухаа өгсөн. Туршилтын хариу гарахыг хүлээж байна. Үндэсний зуух үйлдвэрлэгч 5 компани зуухаа өгсөн байгаа. Зориулалтын бус багажаар шалгаруулалт явуулж байгаа тул тэр өөдтэй шийд гарахгүй л байх гэж бодож байна шүү. Орчны бохирдлыг хэмждэг багажаар зуухны яндан руу хийж хэмжилт хийж байгаа. Харин яндангийн тоосонцор буюу PM 2.5-ийг хэмжих багаж нь Нийслэлийн Агаарын Чанарын Албанд байдаг юм. Тэр багажаар хэмжээгүй л байхгүй юу. Тийм болохоор үнэн зөв, шударга ажил болно гэдэгт итгэх арга алга.

-       Та 2007 оноос хойш зуух хийсэн гэлээ. Энэ хугацаанд төр засгаас зарласан төсөл тендэрт оролцож байгаагүй юм уу?

-       Төр засагтаа хандалгүй л яахав. 2010 онд Нийслэлийн Агаарын Чанарын Алба, Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах үндэсний хорооноос зуухны шалгаруулалт зарласан. Сүхбаатарын талбай дээр арван гэр бариад л сүйдтэй юм болов. Тэр шалгаруулалтанд манай компанийн бүрэн шаталттай утаагүй асаах технологиор хийсэн АСЕ 7 зуух нэгдүгээр байранд орсон. Батламж нь одоо ч манай ажлын байрны хананд өлгөөтэй байна. 200 зуух үйлвдэрлэх эрхийг Нийслэлийн Агаарын Чанарын Албанаас өгсөн боловч тус газрын дэд дарга Ч.Батсайхан гэдэг нөхрөөс болж ажилд саад учирсан даа.

-       Яагаад?

-       Авилгал нэхэхгүй юу.

-       Хэдэн төгрөгний хэдийг нь авна гэх юм бэ?

-       Нийтдээ 29 сая төгрөг болох байсан юм. Ч.Батсайхан дарга гуай 4-5 сая төгрөгийг нь авна гэсэн дээ.

-       Тэгээд шууд өг гэх юм уу?

-       Бааранд сууж байгаад л өгөөрэй гэж байсан. Чиний амьсгалах агаарыг цэвэрлэж байж юу гэж би чамд авилгал өгөх вэ дээ гэсэн. Ажил бүрэн зогссон учир би Ч.Батсайхан даргыг АТГ-т өгсөн. Авилга аваагүй, нэхсэн гэдэг үндэслэлээр ажил дээрээ үлдэж, надаас албан ёсоор уучлалт гуйсан. Ингэж би 200 ширхэг зуухийг хэрүүл тэмцэл дундуур нийлүүлсэн дээ.  Авилгал нэхэж, утааг багасгах ажлыг бужигнуулж явсан дэд дарга байсан Батсайхан одоо Нийслэлийн Агаарын Чанарын Албаны дарга болчихсон жинхэнэ хороо найруулж сууна даа. Улаантбаатарын утааг ерөөсөө л мөнгө гэж хардаг амьтад утаа, үндэсний үйлдвэрлэгч хоёрт мөн ч их гай тарьж байна даа.

-       Түүнээс хойш ямар ажил өрнүүлэв?

-       Мянганы сорилтын сангаас 2010 онд бас зуухны төслөөр шалгаруулалт явуулсан. Анард ХХК тэнцсэн гэсэн бичиг өгсөн. 2011 онд нийлүүлэлт хийх ёстой учир бид бүтэн жил бэлдсэн. Манай компани дан ганц зуух хийдэггүй. Байшин барьдаг. Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Мангал 6х7  хэмжээтэй хоёр давхар мансардтай байшинг Баянзүрх дүүргийн цанын баазын  доод талд бариулсан юм. Үнэ нь ердөө л 16 сая төгрөг л дөө. Найман саяыг нь өгчихөөд үлдсэнийг нь өгдөггүй. Нэхэж байгаад авчихсан чинь л жилийн дараа танай комдани тэнцээгүй гэсэн бичиг хүрээд ирсэн. Энэ чинь бүтэн жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл шүү дээ. Тэр найман сая төгрөгийг авахгүй байж би болох л байсан. Гэхдээ энэ дарга нар даргынхаа ажлыг хийхгүй байна.

-       Мянганы Сорилтын сангийн төсөлд хамрагдсанаар та зуухаа айлуудад ямар үнээр өгөх байсан юм бэ? Айлд суурьлуулж өгөх зуухны тоо хязгаартай байсан уу?

-       Зуухны тоо хязгааргүй байсан. Манай зуухны үнэ 220 мянган төгрөг. Мянганы сорилтын сангаас 77 хувийн татаас төлнө. Харин “Цэвэр агаар” сангаас 50000 төгрөгийн татаас өгснөөр манай компаниас үнэгүй суурилуулж өгөх ёстой байсан юм. Ийм боломж, зах зээлээ ах нь алдсан. Улаанбаатарын утааг мөнгө олох зах зээл гэж харсан төрд шургалсан авилгачдаас болж үндэсний үйлдвэр хөгжихгүй байна. Уг нь уг төсөл Улаанбаатарын утааг бууруулах зорилготой болохоос айлын зуухны үзэмжийг сайжруулах ёсгүй юм.  Үндэсний үйлдвэрийн зуух дээд тал 250 мянга, харин Хятад Туркаас оруулж ирсэн зуух 500 ам.долларын үнэтэй. Ийм их зөрүүтэй байхад төрийн оролцоотойгоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна шүү дээ.

-       Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ гэхэд Монгол улсын хэрэгцээг хангахуйц зуухны үйлдвэр Монголд байна уу?

-       Харин наадахыг чинь ихэнх гол шалтгаан болгодог байхгүй юу. Массаар нь үйлдвэрлэх боломж байхгүй гэдэг. 2010 онд зуух хийдэг 15 компани, 4 хувь хүн нийлээд өдөрт 200 ширхэг зуух үйлдвэрлэх баазыг бий болгосон. Тэгтэл дэмжээгүй, өнөөх л үнэтэй зуухаа Хятад, Турк хоёроос зөөсөн.

-       2011 онд Үндэсний үйлвэрлэгчдийн дунд зуухны тендэр зарлаад байсан. Тэр тендэр юу болсон бэ?

-       2011 оны 6 сард үндэсний үйлдвэрлэгчдийн дунд тендэр зарлаж, ажлыг нь эхлүүл гэсэн үүргийн Үндэсний хорооноос ЭБЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон. 2012 оны 11 сард тендэр зарлаж, 12 сарын 15-нд шалгаруулсан. Цаг хугацааны хувьд айл амьтал зуухаа аваад өвөлжилтийн бэлтгэлээ базаачихсан хойно шалгаруулсан. Энэ нь үндсэний үйлдвэрлэгчийг дэмжээд ажил өгөөд байхад та нар хийж чадаагүй гэдгээр гадныханд төрийн оролцоотойгоор хийх ажлыг булааж өгч байгаа арчаагүй арга юм. 2012 оны 6 сард Нийслэлий Агаарын Чанарын Албанаас нам даралтын зуух, бүрэн шаталттай гэрийн зуухны 28 тэрбум төгрөгний тендэр зарласан. Гадны зуух оруулж ирэх хоёр компани тендэрт ялж, гурав гурван тэрбум төгрөгийг тус компаниудад урьдчилгаа болгон Нийслэлийн Агаарын Чанарын Албанаас өгсөн. Үндэсний үйлдвэрлэгч гурван компани нийлээд 10 мянган ширхэг зуух хийх тендэр авсан боловч, урьдчилгаа болгож нэг ч төгрөг өгөөгүй. Албан бичиг барьж гуйгаад өгөөгүй. Монгол хүн монгол хүндээ ингэж л элэггүй ханддаг. Монгол төрийн хамгийн муухай доройтол.

-       Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ? Танай компани одоо хэдий хэрийн хүчин чадалтай ажиллаж байна?

-       Би цахилгааны инженер мэргэжилтэй. Зөвхөн манай компани одоогийнхоо хүчин чадлаар бол өдөрт 50 зуух хийж чадна. Энэ “Улаанбаатар цэвэр агаар” төсөлд хамрагдаж чадвал өдөрт 100 зуух хийх хүчин чадалтай болж болно. Одоо манай нөгөө нэгдэж нийлсэн компаниуд нийлээд өдөрт 750 зуух хийх хүчин чадалтай болсон. Энэ төслийг Монголчууд талыг нь ч гэсэн авч чадвал өчнөөн олон хүнийг ажлын байртай болгоно. Дор хаяж нэг хүн саяас дээш цалинтай болно. Үүнийг манай төрийн хурган дарга нар ойлгохгүй байна. Амиа л бодож байвал Монгол орны хувь заяа хамаагүй болж дээ. Энэ дарга нарын зорилго нь өөрийн талын компанид төслийг өгч өөрсдөө голоос завших, идэх сонирхол нь хэтийдчихээд байна. Ийм монгол элэггүй, харийнханд дулдуйдсан дарга нарыг төр нь шийтгэдэг баймаар байна. Импортын зууханд төрийн мөнгийг өгөхгүй болчихвол манай үндэсний үйлдвэрүүд Монгол улсын хэмжээнд зуухны асуудлыг бүрэн шийдэх боломжтой.

-       Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх уг төсөл ч энэ салбарынхны хувьд бөөн л ажил тарьж байгаа юм байна даа.  Таны хэлснээр өнөөх  зуухны наймаачид энэ жил их ажилтай байх нь дээ л гэж..?

-       Хятад улсад лав түрүүчийн зуухаа захиалаад эхэлсэн сураг байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 45 мянган зуухыг энэ ондоо багтааж тараа гэдэг үүргийг Дэлхийн банкинд өгснөөс болж одоо зуух шалгаруулах ажил өрнөж байна. Эндээс үндэсний үйлдвэрлэгчдийг хасдаг юм бол ёстой үзэж тарна. Би ч одоо заргач, хэрүүлч гэж хамт зуух хийдэг хэдтэйгээ ч гэсэн хэрүүл хийж байна. Манайхан тэр хахуулийг нь өгөөд ч болов шалгаруулалтанд тэнцэе гэж байна.

-       Аргаа л барсан хүмүүсийн үг байх л даа. Нээрээ та тэр хүсээд байгаа мөнгийг нь өгчихье гэж бодож байв уу?

-       Монгол хүн монголдоо сайхан амьдрах боломж алга. Хийж бүтээе гэснээ ч ойлгодоггүй цөвүүн цаг байна. Шударга ардчилсан нийгэмд би нэг ч төгрөг өгөхгүй. Энэ ажлыг нэг ч төгрөг өгөхгүйгээр хийнэ. Өгөхгүй гэдгээ ч хэлсэн. Ингэж хэлснийхээ хүчинд хүнтэй хамтарч ажиллах чадваргүй гэсэн нэр авчихаад л явж байна даа. Авилгал өгвөл хамтарч ажиллах чадвартай гэж дүгнүүлэх юм байна л даа. Ийм л нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Утаа гэж уугисан их мөнгө  хэсэг бүлэг  хүмүүсийг угаартуулж байна. Утаанаас илүү, мөнгө л тэднийг угаартуулж байна. Улаанбаатарын хотын утааг мөнгө гэж харчихаад байна. Харин утааг багасгая гэж ер бодохгүй байна.

-       Утаа багассан л гээд манай дарга нар яриад байгаа шүү дээ?

-       Үгүй ш дээ. 100 гаруй тэрбум зарцуулчихаад утаа багасаагүй. Харин дарга нар 17.5 хувиар буурсан гээд яриад байгаа.   Яасан сүрхий нарийвчлалтай хэмждэг юм бэ. Худлаа шүү дээ. Агаарын бохирдолыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж түлхүү оруулбал Монгол гал голомтоо ядаж авч үлдэж чадна шүү дээ. Ганцхан утаа биш, Монгол гал голомт ариун байх асуудал давхар яваа юм шүү. Энэ бол бүр чухал.

 

Ярилцсан Чулуунцэцэг