Нэгэн үе дэлгэцийн бүтээлд жүжигчин МУСТА У.Батбаатар ёстой л “ноёлж” байсан гэхэд хилсдэхгүй бизээ. Тэрбээр тоглосон дүр бүхнээ үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулж чаддаг гайхалтай уран бүтээлч.

Түүний тоглосон “Жинжиймаа” кино бид бүгдийг  уярааж бас уйлуулж чадсан дэлгэцийн бүтээл юм. Тэр хэмжээгээрээ өдгөө ч үзэгчээ алдаагүй, үзэх дуртай кинонуудын нэг хэвээр байгаа билээ.

Жүжигчин У.Батбаатар хамгийн сүүлд  “Огцом эргэлт”, “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кинонуудад тоглож үзэгчидтэйгээ уулзсан юм. Түүнийг аль ч цагт үзэгч олон хүндэлж, хүлээж  шинэ бүтээлүүдээс эрхгүй түүнийг хайдаг.  У.Батбаатар тийм л хүндтэй басхүү үнэтэй жүжигчин.

Харин түүний хүү Б.Анхбаярыг бид “Хайрлахсандаа”, “Чи итгэхэүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь мэдэх болсон. Залуу жүжигчин маань өдгөө аавынхаа байгуулсан “Grand Film” продакшинд ажиллаж, “Улаан дөрвөлжин” кинонд хамтарч тоглоод байгаа юм.

Түүний хүүг харахад жүжигчин У.Батбаатарын залуугийн төрх эрхгүй харагдана. Тэд урлагийн төлөө хүч, хөдөлмөрөө өргөж яваа удам дамжсан уран бүтээлчид.

Б.Хорлоо