СЕХ-ноос сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар дахин мэдээллээ. Зургаадугаар сарын 27-ны 02 цаг 53 минут 22 секундийн нэгдсэн мэдээгээр сонгуулийн 1879 хэсгийн хороонд 1.234.692 сонгогч саналаа өгчээ.

Урьдчилсан мэдээгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчдоос 620.123 санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 512.209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80.398 санал авсан байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хорооноос 17 хэсгийн хорооны дүн мэдээ ирээгүй байгаа бөгөөд Баян-Өлгий аймагт 10, Дорнод, Өвөрхангай, Увс аймагт тус тус хоёр, Дорноговь аймагт нэг хэсгийн хороо мэдээллээ ирүүлээгүй байгаа юм байна. 

Сонгуулийн дүн мэдээгээ ирүүлээгүй 17 хэсгийн хорооны хувьд алслагдсан, үүрэн телефоны сүлжээгүй газарт байрлаж буй тул 300 км хүртэл хол зам туулж, мэдээллээ төв серверт дамжуулах шаардлагатай  бөгөөд бороо, үерийн улмаас зам бартаатай байгаа тул ийнхүү саатаж байгаа аж.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хувьд нийт 4242 сонгогч саналаа өгснөөс 2739 сонгогч Ц.Элбэгдоржид, 1283 сонгогч Б.Бат-Эрдэнэд, 182 сонгогч Н.Удвалд тус бүр саналаа өгсөн байна.

 Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн мэдээллийг авч нэгтгэсэний  дараа СЕХ  сонгуулийн албан ёсны дүнг гаргах юм.  Зургадугаар сарын 27 буюу өнөөдөр 09.00 цагт СЕХ мэдээлэл хийхээр боллоо.

 

СЕХ-ноос өгсөн сонгуулийн урьдчилсан дүн