СЕХ-ноос сонгуулийн нэгдсэн дүнг зарлалаа
2013/06/26
СЕХ-ноос дөнгөж сая буюу 9 цаг 40 минутад мэдээлэл хийж, сонгуулийн нэгдсэн дүнг зарлалаа. Монгол Улсын хэмжээнд санал авсан нийт 1896 хэсгийн хорооны дүнгээр энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 622.794 сонгогч буюу нийт сонгогчдын 50.23 хувийн саналаар ялалт байгуулжээ.
Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520.380 саналаар 41,97, МАХН-аас нэр дэвшигч 80563 саналаар 6.5 хувийн санал авчээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "МУ-ын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан урьдчилсан дүн гарлаа. Энэ дүнг СЕХ-ны хуралд танилцуулахаас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын нэдсэн дүнг авна. Үүний дараа СЕХ хуралдаж, УИХ-д нэр дэвшиж сонгогдсоныг өргөн мэдүүлнэ" гэлээ.
Энэхүү урьдчилсан дүнгээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 64.78 хувьд хүрч, санал хураалт хүчин төгөлдөр болсон байна.
Нэр дэвшигчдийн аймаг, дүүрэгт авсан саналын тоог тодорхой мэдээлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийт дүнгээр улсын хэмжээнд 622 мянга 794 сонгогчийн санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520 мянга 380 санал, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80 мянга 563 сонгогчийн санал авсан.Нэр дэвшигчдийн авсан саналын дүнг хувиар илэрхийлбэл, Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авсан байна. Энэхүү тооллогын дүнг үндэслэн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдэгдэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн олонхийн санал авч болзол хангасан гэлээ.
Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор холбогдох хуульд заасан. Мөн хуульд зааснаар олонхийн санал гэдэг нь 50+1 хувийн саналыг хэлэх юм байна. Нэр дэвшигчдийн саналын зөрүүг тооцвол Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс 102414 сонгогчийн санал, Б.Бат-Эрдэнэ Н.Удвалаас 542 мянга 231 сонгогчийн саналыг илүү авчээ.