Ерөнхий сайд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2013/02/07
Элэг нэгт Монгол ахан дүүс ээ!
Та бүхэндээ “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, ахас ихсээ хүндэтгэн, сайхан шинэлэхийн ерөөл өргөе!
Улиран одож буй баясгалант хэмээх луу жил, Монгол түмэнд маань ээлтэй сайхан жил байлаа. Ажилч хичээнгүй ард түмний маань хүч хөдөлмөр, байгаль дэлхий өгөөжтэй байсны үрээр мал сүрэг өсч, тариа будаа үржиж, бусад бүхий л салбарт ахиц дэвшил гарлаа. Монголчууд бид луу жилд ирээдүйн хөгжил дэвшлээ даатгах Улсын Их Хурлаа сонгосны үр дүнд иргэдийнхээ их итгэлийг тээсэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Манай Засгийн газар эх орныхоо ирээдүйн хөгжилд иргэн бүрээ оролцуулахын төлөө, иргэдийнхээ дуу хоолойг сонсох болно. Нийгмийн бүх талын оролцоог зөв бүрдүүлж гэмээнэ бид амжилтанд хүрнэ.
Бид тунгалаг Засгийн газар байхыг зорьж байна. Төр иргэн хоёрын хооронд хана байх ёсгүй. Бидний хийсэн, хийх гэж байгаа бүхэн иргэн таны нүдэнд ил байх болно. Манай Засгийн газар тайлагнадаг Засаг байна. Юу хийж амжуулснаа, алдсан оносноо цэгнэж, ард олноороо хэлэлцүүлдэг байх нь бидний эрхэм зорилго.
Усан могой жилийн хаврын Тэргүүн сар гарахтай зэрэгцэн эх оронд минь их бүтээн байгуулалт эхэлнэ. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 5 сар гаруйн хугацаанд бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөж, хөрөнгө хүчээ зэхэж, хүн хүчээ бэлтгэсэн. Энэ ажилд Монгол хүн бүрийн оролцоо хамгийн чухал юм.
Монгол Улсын Ерөнхий сайд миний бие ирж буй усан могой жилд хүн бүр эрүүл саруул байж, эрчимтэй ажиллаж хөдөлмөрлөн, өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, улс орныхоо төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө чармайн ажилласан их амжилтаар дүүрэн жил байгаасай гэж хүсч байна.
Монгол түмэн маань эртний сайхан уламжлалаа дагаж, бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн, өтгөс буурлаа өндөрт хүндлэн, галын бурхан, байгаль дэлхийгээ баярлуулж, бор дарсыг цээрлэн,сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ