Uvertura хамтлаг байгуулагдаад одоо дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Тус хамтлагийнхныг “Image FX” студи дээр “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипний зураг авалттай байхад нь таарлаа. Поп опера чиглэлээр дуулдаг эдний хамтлагийг таашаан сонсдог сэтгүүлчийн хувьд дуугүйхэн зөрөөд явчихаж чадсангүй. Хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

 

 

-       Uvertura хамтлагийнхан уран бүтээлийн олз омог дүүрэн үү? Одоо яг ямар уран бүтээл ажиллаж байна вэ?

-       Яг одоо бид “Image FX” студи дээр “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипний ажилтай байна. Зураг авалт ернхийдөө дууссан. Одоо дараагийн шатны ажлууд л явагдаж байна. Энэхүү клипээ бид Хүннү гүрэн үүссэний 2222 жилийг тохиолдуулаад хийж байгаа юм. Клипээ 7 сарын 10-ны өдөр бүх телевизээр нэгэн зэрэг цацаж нээлтээ хийнэ. Тийм учраас ажил жаахан шахуу л байна. Энэ дууны шүлгийг “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг нь МУУГЗ Т.Сэр-Од бичсэн юм. Жүжиг өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын тэргүүн шагналыг хүртсэн бүтээл шүү дээ. Мөн хөгжмийн бүтээл нь “Гэгээн муза” наадамд шилдэг хөгжмийн бүтээл болсон. Хөжмийн найруулгыг “Анир” студийн хөгжмийн найруулагч, манай хамтлагийн продюссер Б.Алтанхуяг ах маань хийсэн. Өнгөрсөн жил бид “Удиртгал” гэж анхныхаа бие даасан цомгоо гаргасан. Энэ жил “Удиртгал” цомгийнхоо үргэлжлэл болгож дараагийнхаа цомгийг хийнэ.

-       Дараагийн цомог чинь хэдийд сонсогчдын гар дээр очих вэ? Үүнээс гадна энэ жилдээ багтааж төлөвлөсөн олон л ажлууд байгаа байх?

-       Дараагийн цомогт орох дуунууд бичигдээд эхэлчихсэн. Цомог маань намраас сонсогчдын гар дээр очно. Мэдээж бид наана нь цомгоо хэвлэлийн бага хурал хийж нээх байх. Мөн “Удиртгал” цомгийнхоо DVD-ийг хийнэ. Бид анх 2009 оны 9 сарын 21-нд байгуулагдаж байсан. Дөрвөн жилийнхээ хөдөлмөр бүтээлийг нэгтгэж ирэх 9 дүгээр сард манай хамтлаг бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.  Дараа нь шинэ жилийн ажлууд байна. “Цагаан шөнө” мюзекл хийхээр бас л ажил эхний шатандаа явж байна даа.

-       Энэ жилийн уран бүтээлийн төлөвлөгөө чинь арвин байгаа юм байна. Ер нь та нар аль сургууль төгссөн дуучид байна вэ?

-       Бид Хөгжим бүжгийн коллежийн бүтээгдхүүнүүд. Тэнд дуурийн дулаачийн чиглэлээр суралцаж төгссөн мэргэжлийн дуучид, нэг ангийн хөвгүүд. 2009 онд манай хамтлагийн гишүүн Ж.Ганбаатар маань хамтлаг байгуулах саналыг гаргаж, бид хамтлагаа анх 9 дүгээр сард байгуулж байсан юм. Хамтлагийн хамгийн анхны бүтээл бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, МУУГЗ Б.Шаравын аялгуу “Өнө мөнх орон” дуу маань байсан.

-       Тэгэхээр ирэх 9 дүгээр сард болох танай хамтлагийн тоглолт бол өнгөрсөн дөрвөн жилд “Бид юу хийсэн, хэн болсон бэ” гэдгээ харуулах, нэг ёсондоо өөрсдийнхөө бярыг шалгах тоглолт болох нь ээ гэж ойлгож болох уу?

-       Өө тэгэлгүй яахав. Хэдийгээр дөрвөн жил гэдэг хэлэхэд богино хугацаа юм шиг санагдавч бидний хувьд тийм ч бага хугацаа биш. Бид энэ хугацаанд Монгол поп опера гэж шинэ урсгалыг бий болгох гэж хөдөлмөрлөлөө. Поп опера гэдэг өөрөө дэлхий дахинд шинэ урсгал л даа. Гэхдээ  биднээс өмнө энэ урсгалыг “Ньюанс” хамтлагийнхан оруулаад ирчихсэн байсан. Харин бидний хувьд поп опера гэдгийг Монгол хөрсөнд буулгахыг зорьсон. Тийм ч учраас Монгол хөгжмийн зохиолч, Монгол яруу найрагчийн бүтээлийг дуулдаг. Хөгжмийг зохиолч, яруу найрагчдаас ч гэсэн энэ чиглэлийн бүтээлийг авч дуулж байгаа. Энэ урсгалыг гаргаж ирэх гэж дөрвөн жил явсан. Тэрнийхээ хүчинд өөрийн гэсэн сонсогчтой, зрительтэй болсон гэж бодож байгаа. Тийм ч учраас бие даасан тоглолтоо хийнэ. Энэхүү тоглолтоо поп опера гэж юу юм бэ, поп опера гэж ямар тоглолт байдгийг харуулахыг зорьж байгаа. Хоёр цомогт орсон бүх дуу амьдаар дуулагдана.

-       Маш гайхалтай тоглолт болох нь гэж бодож байна. Ер нь урынхаа санд нийт хэдэн дуутай вэ? Дөрвөн жилийн хугацаанд чамгүй бүтээлтэй болсон байх?

-       Биднээр дуулуулах гэсэн нутаг усны сэдэвтэй захиалгын дуунд их орж ирдэг л дээ. Цэвэр уран бүтээл талаасаа бол 25 – 30 дуу байгаа. Нийтдээ дөч орчим дуу бий. Эхнийхээ цомгийг “Удиртгал” гэж нэрлэсэн. Харин хоёр дахь цомгоо хэрхэн нэрлэхээ тогтоогүй байна. “Удиртгал” цомгийн үргэлжлэл байх болов уу. Ер нь цуврал маягаар явна гэж бодож, төлөвлөж байгаа.

-       Саяхан би МУГЖ Ж.Алтанцэцэгтэй уулзахад одоо үнэхээр хит дуу хийх хэцүү болсон, Монголын шоу урлаг хөгжил нэг л сайнгүй байгаа юм шиг ярьж байсан. Магадгүй энэ нь цаг үе, өдрөөс өдөрт улам үсрэнгүй байгаа нийгэмтэйгээ ч холбоотой байж болох юм. Та нарын хувьд ямархуу байх юм. Жишээ нь би танай “Өнө мөнх орон” гэдэг бүтээлд үнэхээр дуртай?

-       Энэ бол харьцангуй ойлголт л доо. Бид мэргэжлийн хөгмийн зохиолч, яруу найрагчтай хамтарч ажилладаг. Мөн хөгжмийн найруулга, клипний зураг авалт гээд бүгд мэргэжлээрээ гаршчихсан мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Бидний дуу хит болж нийт масс дагаж дуулахаас илүүтэйгээр хүний зүрх сэтгэл рүү очдог. Зүрх сэтгэлд ойрхон байдаг юм болов уу гэж боддог. Дуучид дуугаа хит болгох гэж янз бүрийн замаар л явж байх шиг байна. Гэтэл бид 40 орчим дуутай байхад гурав, дөрвөн дуу л хүмүүс зах зухаасаа мэдэж байх жишээтэй. Жишээ нь “Өнө мөнх орон” байна. “Өнө мөнх орон” дуугаа бид 4 жилийн өмнө хийсэн. Хамтлаг анх байгуулагдаад “Өнө мөнх орон” дууг дуулж эхэлсэн. Дуулсаар байгаад бид хавар нь бичлэгт орж байсан. Зун нь клип хийгээд намар нь цацаж байсан гэж бодохоор бид зөвхөн “Өнө мөнх орон” дууг бүтэн жилийн хугацаанд бүрэн хийж дуусгаад сонсогчдод хүргэж байсан байна л даа. Бид энэ дуугаа сэтгэл зүрхнээсээ дуулж, энэ дууны төлөө сэтгэл зүрхээ бүрэн дайчлан ажилласан болохоор энэ дууг сонсох дуртай хүмүүс олон байдаг байх. Бүтэн жил гэдэг урт хугацаа. Тэгэхээр хит болох үгүйг хэлж мэдэхгүй байна. Ялунгуяа бидний стилийн дуу хит болоод, хүмүүс дагаж дуулна гэдэг хэцүү.

-       Нээрээ л мэргэжлийн дууг миний адил хүмүүс дагаж дуулна гэдэг тийм ч амархан биш байх? Гэхдээ л би танай дууг сонсох дуртай?

-       Биднээс кароакенууд “Өнө мөнх орон” дууныхаа фонаграммыг өгчих, хүмүүс асуугаад байна гэж гуйж байсан. Бид өгсөн. Гэтэл дараа нь “Өө ёстой больё. Энийг чинь хүмүүс ёстой дагаж дуулж чадахгүй юм байна” гэж байсан. Тэгэхээр бидний дуу хүний сэтгэлд л хүрч байна гэдэг л чухал юм байна гэж ойлгодог болсон.

-       Би “Өнө мөнх орон”-г маш гоё хайрын дуу гэж боддог. Гэхдээ инээж хөхрөөд эмоц өндөр байхдаа сонсвол тийм ч сайхан байхгүй л болов уу? Гунигтай үед сонсоход зүрх сэтгэл рүү аяархан гулгаад л ороод явчихдаг. Өөртөө л хүнийг уусгачихдаг дуу гэж ойлгодог?

-       Б.Шарав гуай өөрөө ч хэлж байсан л даа. Би хайрын маш сайхан дуу хийчихлээ гэж бодсон чинь аяз гарсны дараа оршуулганы ард ч явж байх шиг, дараа эх орны ч дуу болж хувирах шиг гээд... Уг нь бол хайрын дуу байгаа юм аа гэж байсан. Манай нэг найз гэргийтэйгээ муудаад гараад машиндаа суугаад явж байхдаа манай цомгийг сонссон гэнэ. Тэгээд л буцаж гэртээ ороод гэргийтэйгээ эвлэрсэн гэж хэлж байсан. Өөр бусад хүмүүс ч танай дууг гунигтай үедээ сонсдог гэж. Тэгэхээр л бидний дуу хүний зүрх сэтгэлд ойрхон байдаг юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн.

-       Байгуулагдаад дөрвөн жил болохдоо урын сандаа дөчөөд дуутай гээд бодохоор энэ бүх бүтээлийн ард мөнгө санхүүгийн асуудал давхар гараад ирнэ. Оюутны ширээний араас нэгдсэн залуусын хувьд энэ бүгдийг халааснаасаа гараад санхүүжүүлнэ гэдэг хэцүү л байх. Та нарыг дэмждэг, санхүүжүүлдэг байгууллага компани хувь хүмүүс мэдээж байдаг байх?

-       Бидний хувьд мөнгө зарж хийх зүйл маань л уран бүтээл шүү дээ. “Анир” студийн дэргэдэх “Uvertura” хамтлаг гэж явдаг болохоор студи дээр нэлээд хэсэг нь хөнгөлөгдчихнө. Мөн бид Unitel групптэй 3 жил хамтарч ажиллаж байна. Мөн “Image FX” студитэй хамтарч ажилладаг. Түрүүчийн цомгийн зургийг “Image FX” студийхэн маань хийсэн. Одоо бидний дараагийн цомгийн өнгө төрх, имижийг тэдний студи хариуцаж ажиллана. Mogul sky гэж компани байна. Ялангуяа хөрөнгө мөнгө гэхээсээ илүү сэтгэл зүрхээрээ хамтарч ажилладаг хүмүүс олон байна. МУГЖ Д.Сосорбурам ах маань байна. ХБК бол бүрэн бүрэлдхүүнээрээ бидний ард байна. Бид 70 жилийн түүхтэй сургуулиараа бахархаж явдаг.

-       Баярлалаа. Хоёулаа эргээд “Тэнгэрийн хүү” жүжгийнхээ клипний ажил руугаа оръё. “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипний зохиолыг сонирхохгүй өнгөрч болохгүй нь. Клипний зохиолыг жүжгээс нь сэдэвлэв үү?

-       Бид жүжгийнхээ нээлтийг үзэж байсан. Мөн сая клип хийхтэй холбогдуулаад дахин DVD бичлэгээр үзлээ. Модун Шаньюгийн хэлсэн “Газар шороо бол улс орны үндэс юм” гэдэг үгээр нь сэдэвлэж зохиолоо гаргасан. Клипэндээ жүжгийн гол дүрийн  жүжигчдийг  тоглуулсан. МУСТА Г.Эрдэнэбилэг, Д.Ганчимэг, Пүрэвдорж нар тоглосон. Сонирхолтой клип болно гэж бодож байгаа. Үе үеийн зоригт баатар эрсийн ачаар л энэ эх орон маань бидэнд үлдсэн гэж ойлгодог.

-       Өөрөө хэр эх оронч хүн бэ?

-       Би их үндэсрхэг хүн. Уран бүтээлүүд дээрээ ч гэсэн тусгаж өгөхийг боддог. Ялангуяа “Өнө мөнх  орон” дууны клип бол их үндэсрхэг үзлээс бүтсэн.

-       Эх оронч  байна гэдгийг та юу гэж ойлгодог юм бэ?

-       Эх оронч байна гэдэг газар шороо, эх дэлхийгээ хайрлаж хамгаалахыг л хэлдэг гэж ойлгодог.

-       Та эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?

-       Уран бүтээлч бид их давуу талтай. Хэлэх гээд байгаа бүхнээ уран бүтээлээрээ хэлчихдэг. Эр хүний хувьд дайн тулаан болсон цагт мэдээж дайнд явна. Гэхдээ уран бүтээлч бол нийгэмд болж байгаа, болохгүй байгаа бүхий л зүйлийг өөрийн уран бүтээлээрээ харуулж өгдөг. Энэ бол бидэнд байгаа давуу тал. Нөгөө талаараа бид өөрсдийн уран бүтээлээ улам чанаржуулж, дэлхийд Монголын улсынхаа нэрийг гаргахыг хүсдэг. Монгол урлаг гэж, Монгол омогшил гэж, Монгол улс гэж ийм юм байдаг юм аа гэдгийг харуулахыг зорьж байгаа. Энэ л бидний эх орныхоо төлөө хийж чадах зүйл.

-       Баярлалаа. Маш сайхан хариулт байлаа. Одоо хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Танай хамтлаг наадмаар ямар ажилтай байна?

-       Бид 7 сарын 10-ны Монгол төрийн концертыг Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг, МУУГЗ Б.Бямбабаярын аялгуу “Монгол минь тэнд бий” дуугаараа хаана. МУГЖ Д.Сосорбурам ах, уртын дуучин Болормаа эгч, 32 эрэгтэй уртын дуучин, Хөсөгтөн хамтлаг гээд маш олон уран бүтээлчийн бүрэлдхүүнтэйгээр бүтсэн дуу. Бидний дуунд Монгол минь байгаа. Монгол төрийн концертийг хааж дуулах гэж байгаадаа маш их баяртай байгаа.

-       Маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

 

 

Ярилцсан Б.Чулуунцэцэг