​Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ алсарч, амьдрал хэвийн үргэлжлэх төлөвтэй. Ерөнхийдөө улстөрийн амьдрал унтаа байдалд шилжинэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллана гэсэн таамгыг хаа хаанаа дэвшүүлж байв.

Гэтэл энэ нь талаар болов. Уг нь Ц.Элбэгдоржийн тохироо ёсоор бол Н.Удвалыг МАХН-аас дэвшүүлэн МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах байсан. Харин түүний оронд Н.Энхбаярыг суллах төлөвлөгөө байлаа. Тиймээс Н.Энхбаярыг сонгуулийн өмнө суллах нь Ц.Элбэгдоржийн амжилтад нөлөөлөх учраас тэрээр төлөвлөгөөгөө өөрчилж, наадмын өмнө суллахаар болсон гэдгийг эх сурвалж хэлэв. Тэгэхээр айсуй улсын баярын өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар суллагдах нь. Гэхдээ Ц.Элбэгдорж мэдээжийн хэрэг баяр наадмаар ганцхан Н.Энхбаярыг суллаад орхиж болохгүй. Ард түмний дунд ямар яриа дэгдэхийг тэрээр тооцоолж байгаа болов уу. Харин Н.Энхбаярыг суллахын тулд цөөнгүй ялтаныг суллахаар судалгаа явуулж байгаа аж. Тэгэхээр Н.Энхбаярын ачаар цөөнгүй хоригдол ялаас мултрах нь дамжиггүй хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.

Б.Өлзийт