​Ардын намынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг үнэхээр их хүсэж байгаа. Тэдний эхний оролдлого бүтэлгүйтэх үед “Ерөн­хийлөгчийн сонгуулийн дараа энэ бүхнээ үр­гэлжлүүлж, Ардчилсан намынхантай нийлж бай­гаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намынхан хөдөлж өгөхгүй байна. Ха­рин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болбол бүх зүйл гол­дрилоороо явна” хэмээн мэдэгдэж байсан.

Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өм­нө Ардчилсан намынхан байтугай Ардын намын­хан ч өөрсдөө “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцуулъя” гэж ярих нь бүү хэл бодох ч завгүй байсан. Харин одоо Ардын намынхан ч тэр Ардчилсан намынхан ч тэр Ерөнхий сайдыг “намнах ажиллагаа”-ндаа ороод байгаа бололтой юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхний дунд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракцынхантай тэрсэлддэг гишүүд цөөнгүй. Энэ бүхний тод жишээгээр УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж байх үед болсон үйл явцыг нэрлэж болох юм. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат “Алтангадас” гэдэг фракци өнөөдөр “Алтангудас” болчихсон шүү дээ” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан. Түүнийг Ардчилсан нам дахь “МоАХ” фракцийн тэргүүн Х.Баттулгын хүн гэдгийг нь хүмүүс андахгүй. Тэгэхээр Д.Ганбат гишүүний тухайн үед хэлсэн үгний цаана ямар том эрх ашиг нуугдаж байсан нь илэрхий. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар  томилохоос өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг “Ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа” гэж ярьж байсан хүн Ардчилсан намд цөөнгүй бий. Гэсэн ч “ямар нэгэн шалтгаа­ны улмаас “хөдлөөгүй” гэлцдэг юм билээ. УИХ дахь Ардын намын бүлгийнхнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гэж оролдож байх үед Ардчилсан намд тэднийг дэмжиж байсан гишүүд байсан нь ч “Алтангадас” фракцынхнаас бусад нь байсан юм билээ. Гэхдээ тэд “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болъё” гээд асуудлыг хойш тавихад нь Ардын намынхан сэтгэл амарсан гэдэг. Харин одоо Ардчилсан намынхан айдгаа авдар­таа хийчихлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ард түмэн нь дахин сонгосон. Ардын намынхан асуудлыг “босгоод” ирвэл дэмжээд л өгөх байх. Энэ бүхний бэлтгэлийг ч Ардын намынхан аль эртнээс хийгээд эхэлчихсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг тавих бэлтгэлийг хангах ажлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүлж байгаа гэхэд болно. Ардын намынхан Ерөнхий сайдыг огцруулна гэж хэлсэндээ хүрэхийн төлөө нэлээд цаг, зав гарган ажиллаж байна. Харин энэ бүхэнд нь Ардчилсан намынхан туслах болов уу. Ямартай ч УИХ-ын намрын чуулганаар тодорхой болох биз ээ.

 

Р.Сарангоо