“Miss Mongolia 2015” наадам миссүүдийн оролцсон нэвтрүүлгээр эхэллээ
2015/09/08
Өөрийн гоо үзэсгэлэн төгс бие галбир мэдлэг оюунаараа хүүхэд залуучуудыг сайн сайхан бүхэнд уриалж, үлгэрлэж явдаг мисс бүсгүйчүүд өчигдөр үндэсний телевизийн их студидэд уригджээ. Торбуулбал “Miss Mongolia” наадмын үе үеийн миссүүдийн уулзалт, ярилцлага нэвтрүүлгээр энэ жилийн наадам эхэлж, миссүүдийн төлөөлөл болж 2004 оны тэргүүн мисс Ч.Содтуяа, 2007 оны тэргүүн мисс Б.Гэрэлчулуун, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2013 оны тэргүүн мисс Н.Ану нар нэвтрүүлэгт оролцжээ.
Монголын мянга мянган хацар гоо охидоос шилдгүүдийг тодруулж, алдаршуулж ирсэн “Miss Mongolia” наадам энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд наадмыг “Мисс монголиа” холбоо “Монголын үндэсний олон нийтийн телевиз” хамтран зохион байгуулж байгаа ажээ. Ийнхүү Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах, охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэх эрхэм зорилготой “Мисс монголиа” тэмцээн эхэлж өнөөдөр анхан шатны шалгаруулалтаа явуулах юм байна.