Монголын хүүхдийн спортын наадамд 2000 орчим хүүхэд оролцож байна
2015/09/11
Монголын хүүхдийн V их наадмыг явуулах тухай Монгол улсын Засгийн газар шийдвэр нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 359 тоот тогтоол гарсанаар анхан шатны тэмцээнүүд өвөл зуны спортын төрөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэмцээнүүд спортын 42 төрөлд зохион байгуулагдсан. Наадмын шигшээ тэмцээнүүд Улаанбаатар хотод энэ сарын 7-19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд спортын 17 төрөлд аймаг дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхдүүд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Наадмын зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамтач хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах юм байна.
Монголын хүүхдийн спортын V их наадмыг Зохион байгуулах хороог Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 01 сарын 21-ны өдрийн А/21-19хамтарсан тушаалаар байгуулсан. Зохион байгуулах хорооны даргаар ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, дэд даргаар ЭМСЯ-ны НБТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, нарийн бичгийн даргаар ЭМСЯ-ны НБТСБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, БТСХТөвийн НБТСХХ-ийн мэргэжилтэн О.Баасан нар болон 14 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажиллаж байна.
Монголын хүүхдийн спортын V их наадмыг ЭМСЯ, БСШУЯ, НЗДТГ, ЭМСЯ-ны харьяа БТСХТөв, спортын холбоодууд хамтран зохион байгуулж байна.
Монголын хүүхдийн спортын V их наадмын тэмцээнүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх тул ЕБСургууль, ИДСургууль, аж ахуйн нэгж байгууллагын хүмүүсийг наадмын тэмцээнийг хуваарийн дагуу ирж үзэж сонирхохыг наадмын Зохион байгуулах хорооноос урьж байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжин урам хайрлахыг нийт нийслэлчүүд, Монголын ард түмэндээ уриалж байгаа ажээ.
Хүүхдийн наадмын нээлт, хаалт, шигшээ тэмцээнүүдийн зохион байгуулалт, вэб сайтад мэдээлэл оруулах, тээвэр зэрэг бүхий л үйл ажиллагаанд МУБИС-ийн Урлаг биеийн тамирын дээд сургууль, “Мон-Алтиус” БТДС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Аварга” БТДС-ийн 200 оюутнууд шалгаран оролцож байна.