​УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түүнд эрүү үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгийн нөхөн сонгуулийн чимээ гарах болов.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй, улстөрийн намууд болон зарим нөхдүүд сэмхэн нөхөн сонгуульд бэлдэж байгаа тухай эх сурвалжууд шивнэх болжээ. Учрыг сийрүүлбэл, Олон Улсын  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэхэд манай улсын Сангийн сайд асан одоогийн УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэр дээгүүр байр эзэлсэн нь огт санаандгүй хэрэг биш. Түүний Швейцарийн банкан дахь нууц дансанд цагтаа сая гаруй ам.доллар байсан хэмээн тэрбээр өөрөө хэлсэн байдаг. Тэрээр энэ тухай  “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн Олон улсын  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд хэлсэн юм. УИХ-ын дэд даргаасаа огцорно гэдэг бол арга хэмжээ биш. Тэр өдийд шоронд суух учиртай нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Гэсэн хэдий ч түмний нүд, төрийн хяналт түүнийг зүгээр суулгахгүй нь мэдээжийн хэрэг. 

     Учир иймээс С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Нэгэнт АТГ хүсэлтээ ирүүлсэн учраас Нийслэлийн прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг нь өнгөрөгч хугацаанд түүнд эрүү үүсгэн шалгах нь зүйтэй хэмээн олон хүн санал тавьсан төдийгүй намынх нь журамт нөхдөөс ч шалгуулахыг хүсчээ. Одоогийн байдлаар түүнийг шалгуулах хүсэлтээ 10 орчим төрийн бус байгууллагаас АТГ-т өгсөн аж. Түүнчлэн түүний гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нарын тэргүүтэй долоон гишүүн гаргаж, УИХ-ын дарга болон холбогдох хүмүүст саналаа хүргүүлж байсан ч энэ саналыг хүлээж аваагүй. Харин тус гомдлыг АТГ-аас сая нэг анхаарч гишүүнд эрүү үүсгэх нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнийг шалгаж буй үндэслэл нь хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, гадаад дахь нууц дансаа нуун дарагдуулсан гэх асуудал юм. Гэхдээ С.Баярцогтыг шалгахын тулд хууль ёсоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагтай. Хууль нь ийм болохоор түдгэлзүүлж байж л шалгаж таарна. Уг нь өчигдрийн байнгын хороо, намын бүлгийн хуралдаанаар С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураах  учиртай байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас тус хурлууд хойшиллоо. Юутай ч МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлэг энэ тал дээр дотооддоо санал нэгдэж, хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байсан. 
      Түүнчлэн С.Баярцогтын намынх нь журамт нөхөд ч энэ тал дээр ташуур өгөхөөр болсон гэдгийг эх сурвалж ахин хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАН-ынх нь байна уу, АН-ынх нь байна уу хамаагүй. Хууль зөрчсөн, УИХ-ын гишүүн хүний үйлдэх ёсгүй гэмт үйлдэлд орооцолдсон л бол хэний ч толгойг илээд байж таарахгүй. Хууль баталдаг хүмүүс нь хуулиа зөрчөөд байвал ард түмнээсээ хууль ёсыг чандлан баримтлахыг шаардах эрхгүй болчихож байгаа юм. С.Баярцогт гишүүний бүрэн эрхийн тухай асуудал яригдах байх” хэмээжээ. Эндээс харахад АН дотор Ж.Батзандангийн ижил байр сууриа илэрхийлэх гишүүд цөөнгүй байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдах нь гарцаагүй болж байна. Яригдаад ч зогсохгүй нэн даруй шийдэх асуудлын нэг болж байгаа юм гэдгийг ч нуусангүй. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тухайн асуудлыг шийдэх байсан ч Ц.Элбэгдорж хориг тавьсан гэх албан бус мэдээлэл бий. Хамгийн гол нь тэрээр сонгуулийн ажил дундуур намынхаа нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь өөрийнх нь амжилтад сөргөөр нөлөөлнө гэдгийг тооцоолсон хэрэг. Харин одоо бол Ц.Элбэгдорж өнөөх “Шударга Ерөнхийлөгч”-ийнхөө дүрд тоглохоос өөр арга байхгүй. 
      “Шударга л байцгаая л даа” хэмээн хашхирч зогссон Ерөнхийлөгч маань хэлсэн үгэндээ хүрэх гэж ихээхэн шаналж суугаа нь мэдээжийн хэрэг. Арга ч үгүй биз дээ, намынхаа нэг журамт нөхрийг золигт гаргах гэж байгаа хүн шаналахаас ч яахав. Төрийн ажил гэдэг ийм хойно яалтай ч билээ. Уг нь С.Баярцогтыг нэг удаа арга хэмжээ авсан болж, УИХ-ын дэд даргынх нь суудлаас чөлөөлсөн. Харин одоо бол түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд зогсохгүй, хууль дүрмийн дагуу шалгуулаад зохих шийтгэлийг нь оноох нь гарцаагүй. Эс тэгвээс Ц.Элбэгдоржийн болон АН-ын нэр хүнд ард түмний дунд шалан дээр унана гэсэн үг. Тэд ч тэнэг юм биш болохоор энэ тухайд ирээдүйгээ харсан нь мэдээжийн хэрэг. АН-ынхан ганцхан С.Баярцогтод үнэнч үлдэх үү, ард түмэн, намдаа үнэнч үлдэх үү гэдэг асуудлаар санал хураах нь. Ийм хэмжээний санал хураахад хуулиа зөрчсөн гэмт этгээдийг өмгөөлөөд намаа шаварт унагаж, ард түмнээ доромжлохгүй л болов уу. 
        Юутай ч УИХ С.Баярцогт хэмээх гишүүнгүй болж, Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болох магадлал өндөр байна. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-аас Сэлэнгэ аймагт үймээний эзэн С.Баярцогтыг дагаж УИХ-ын гишүүн асан Д.Цогт-Очир, МАН-аас Ж.Эрдэнэбат, С.Гэрэлмаа нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байсныг уншигч олон санаж буй. Өнөөгийн байдлаар АН-аас Д.Цогт-Очир битүүхэн горьдлого тээж яваа бол С.Гэрэлмаагийн хувьд ч даагаа нэхэх горьдлго тээж л яваа. Нөгөө талаас “Ноёд” группийн Г.Буяндорж ч битүүхэн харц шидэж л яваа. Ер нь С.Баярцогт үгүй бол Сэлэнгэ яах аргагүй орон гарсан тойрог мөн. Өөрөөр хэлбэл нэг мандатын эзнээр хэн ч тодорч мэдэх юм. Ерөнхийдөө битүү морь түрүүлж мэдэх тойрог бол Сэлэнгэ болчихоод, УИХ-ын дугуй танхим зүүдлэгсэд Сэлэнгэ рүү хараа бэлчээж, тэрүүхэндээ С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг тэсч ядан хүлээж байгаа болов уу.    

 

С.Баяр