-Монгол улсын  Боловсролын  тухай хуулинд сурагч  нэг удаа анги алгасан суралцах боломжтой хэмээн заасан. Харин энэ заалт нь дунд болон ахлах ангийн сурагчдад хамааралтай бөгөөд бага ангийн сурагчдад огт хамааралгүй. Үүнийг Нийслэлийн боловсролын газрынхан  тэр бүр мэдээд байдаггүй. Мэддэг нэгнээс нь асууж байхад мэддэггүй  харьцааны соёлгүй зарим нь "хуурай агсам" тавих жишээтэй.-

Хэрвээ сурагч  сурч байгаа тухайн ангийнхаа  үзэх ёстой хичээлийг үзсэн,  мэддэг бол  шалгалт өгөөд анги алгасах боломжтой.  Үүнийг хуульчилж,  журам хүртэл гаргасан байдаг.  Тодруулбал  анги алгасах бол

  • Хот, аймаг, улс, олон улсын чанартай  олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3-р байр эзэлсэн байх
  • Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;
  • Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх гэсэн үндсэн гурван  шалгуурыг тавьдаг.  

Энэ журмаар бол бага ангийн хүүхэд  анги алгасах боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл бага ангийн сурагчдийн  дунд хот, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээн  зохион байгуулагддаггүй. Зөвхөн үүнээс болж бага ангийн хүүхдүүд анги алгасан суралцах  боломжгүй болж байна.  

Үүнээс гадна  Анги алгасан суралцах  хүсэлтийг шийдвэрлэх  журамд нэг “но” байгаа юм.   Нэг заалтад нь   хэрэгжихгүй юм тусгачихаад   нөгөө заалтад нь  болноо гээд заасанд оршино. Тодруулбал уг журмын “3.7. Тухайн хичээлийн жилд анги алгасан суралцах суралцагчийн тоог бага, дунд боловсролын статистикийн мэдээлэлд заавал тусгана.” Гэсэн байгаа юм.  Энэ нь бага ангийн сурагч анги алгасч болно гэдгийн илтгээд байгаа юм.  

Нэг суурин дээрээ хэд эргэсэн заалттай болохоор  бага ангийн сурагч хүүхдээ эцэг эхчүүд анги алгасуулан суралцуулах талаар зөвлөгөө авах гэхэд  асар их бэрхшээлтэй тулгарна. Энэ асуултад хариулт өгөх  Нийслэлийн боловсролын газрынхан  ийм ч хүнтэй уулз, тийм ч хүнтэй уулз гэж хэдэн биен рүүгээ явуулна.  Зааж өгсөн хүн нь ийм ч ажилтай, тийм ч завгүй хэмээн 1-2 минутын зөвлөгөө өгөх гэж хурган дарга аятай аашилдаг тогтолцоо төрийн байгууллагуудад байгаа нь нууц биш. Ядаж зөвлөгөө өгч байгаа хүмүүс нь сайн мэдэхгүй, эрс тэс мэдээл өгч төөрөгдүүлнэ. Аргаа барахдаа танил талаар нь яриулж байж зөвлөгөө авахад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл танил биш л бол  зөвлөгөө өгч, асуудлыг шийдвэрлэх  боломжгүй.

Хууль нь ок дэмжээд өгье гэхээр  журмаар  нь “салаавч” өгч байгаа энэ дампуу тогтолцоог хэзээ арилгах вэ? Хүүхэд хүсэлд мөрөөдөлдөө нэг жилийн өмнө ч гэсэн хүрч байвал  уг нь энэ мэтээр  элдэв саад хиймээргүй байгаа юм. Өдлөөд нисэхэд бэлэн болсон шувууны далавчийг хугалж байгаагаас ялгаагүй энэ байдалд өөрчлөлт хийхгүй бол хичнээн хүүхдийн хүсэл зорилго, урмыг хугалах бол доо...  

 

А.Баярмаа