Монголын улс төрийн ууган хүчинд шинэчлэлийн цөн түрж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэ үйл явц АН-ын ялалтын өмнө МАН тугаа бөхийлгөчихөөд байх үед тохиож байна.

МАН-ыг МАХН байхад, Монголын улс төрийн тавцанд хаан титэмтэй байх үед иргэд жагсаж, иргэний хөдөлгөөнийхөн намынх нь тугийг шатааж байсан удаатай. Тэр ч атугай Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн энэ намын хамгийн сүүлчийн ялалттай хамт дурсагдана. Тийм ээ, таван халуун амийг авч одсон их үймээнээс хойш яг таван жил өнгөрчээ. Таван халуун амиар дэнчин тавьж, эрх мэдлийн сэнтийд заларсан нь МАН /тухайн үеийн МАХН/-ын хувьд сүүлчийн ялалт нь тэр байж. 
    МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Түүний өмнө УИХ, нийслэлийн ИТХ, орон нутгийн хурлын сонгууль, мөн Баянзүрх дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд ялагдсан. Эрх баригч хүчний сэнтийг 12 жил эзэгнэсэн тус нам ёстой л Л.Гүндалайгийн хэлсэнчлэн таван сонгуульд “үсгүй хусуулав”. 2009 оныг хамтад нь тооцвол тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа ялагдлаа. Ялсан нам нь ялагдсан намынхаа мөхлийг зөгнөж байх энэ эгзэгтэй үед МАН-ын залуус шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж эхлэв. Тэд намын Бага хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж, Тусгаар тогтнолын ордны өмнө эсгий гэр барьж эхний сануулгаа өглөө. Сонирхолтой дүр зураг биш гэж үү. Иргэний хөдөлгөөнийхөн төрд заларч, харин экс эрх баригч хүчний залуу гишүүд тэдний орыг залгалаа. Магадгүй, тэд ялагдсан МАН-ыг шинэчлэхийн төлөөх сүүлчийн дуу хоолой нь ч байж мэднэ. Харин энэ намын шинэчлэлийн түүх хэрхэн эхэлж, хэрхэн өрнөж, бас хэрхэн төгссөн бэ. Өнгөрсөн цаг үеийг эргэн санацгаая. 

Ө.Энхтүвшин ба түүний нөхөд МАХН-д жигүүр байгуулсан нь
    2005 оны нэгдүгээр сарын 14. Ө.Энхтүвшин, Р.Содхүү, Н.Удвал, М.Далайхүү тэргүүтэй МАХН-ын 14 гишүүн жигүүр байгуулах саналаа намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн нарт өргөн барив. Тэрхүү бичигт “МАХН-д боловсон хүчний бодлогын уламжлал, зарчим алдагдаж, олон ургальч үзэл, ил тод байдал хаалттай байна. Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, түүнийг тойрсон ашиг сонирхлын явцуу хүрээлэл бий болж байна. Иймэрхүү байдлаас болж намын удирдлага, жирийн гишүүд, дэмжигчдийн хооронд хоосон орон зай үүслээ” хэмээн дурьдсан байлаа. Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлээд байсан Н.Энхбаяр энэ саналыг эхлээд сонсохдоо багагүй улалзав. Бүр уурлав. Гэвч эцэст нь тэрбээр Ө.Энхтүвшин тэргүүтэнд жигүүр байгуулах “виз” олголоо. Тэр цагаас хойш яг нэг жилийн дараа МАХН-ын Бага хурлын III хуралдаан болж, эрх баригч хүчинд “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр байгуулахыг албан ёсоор зөвшөөрлөө. Жигүүрийнхэн ч овжин хөдөлж, Ёс зүйн хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулах шийдвэрийг Бага хурлын гишүүдээр гаргуулж чадав. 
    Гэвч тэдний зорилго зөвхөн жигүүр байгуулж, Бага хурлаас шийдвэр гаргуулах төдийхнөөр хязгаарлагдсангүй. Намын дарга Н.Энхбаяраас нэгэнт “виз” авч чадсан учраас “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэн хаана бялуу хуваана вэ, тэр зүгт хошуурцгаах болов. Мэдээж хэрэг, энэ нь Ц.Нямдорж тэргүүтэй МАХН-ын лидерүүдэд таалагдсангүй. Таалагдаагүй учраас Ц.Нямдорж “Энэ жигүүрийнхнийг дорбинкдчих юмсан” гэдгээ ил тод хэлэх болов. Харин жигүүрийн зарим нөхөд түүнтэй сөргөлдөж “Хууль зүй, дотоод хэргийн сайд нь журмынхаа нөхдийг дорбинкдоно гэж байгаа юм чинь хил дээр зогсож буй шинэковууд нэг нэгнээ акадаж болно гэж боддог бололтой” хэмээн ёжлонгуй хэлж зогссон.   
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшиж, ялалт байгууллаа. Харин намын шинэ даргаар Улаанбаатар хотын мэр асан М.Энхболд тодрох нь тэр. “...Яагаад тэр вэ. Н.Энхбаяр С.Баярыг “Намын дарга болгоно” гээд Москвагаас “урьж” авчраагүй билүү...”. Улс төрийн хүрээнд ийм яриа газар авсан нь Н.Энхбаярт хууртсан С.Баярыг шазуураа зуухад хүргэсэн биз. Н.Энхбаярын өрдөж асаасан “гал” МАХН-ын лидерүүдийн хагарлыг дэвэргэж байх зуур хамгийн овжин загнасан нь бас л “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэн. Тэд намын шинэ дарга М.Энхболдтой бус, экс дарга, Ерөнхийлөгч Н.Энхбаяртай улам ойр болж, эрх мэдлийн шидэт дохиур хааш хөдөлнө, тэр зүгт хуйларцгаах болов. Төрийн ордон, МАХН-ын цагаан байрны хооронд шивэгчин мэт гүйлдсэний эцэст тэдний зарим нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын суудалд заларч санасандаа хүрсэн билээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө Н.Энхбаярын эрхшээлд орсон тэд намын шинэчлэл, энэ тэр гэж дуугарахаа ч болив. Хамгийн сонирхолтой нь тухайн үед жигүүрийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин өдгөө МАН-ын дарга. Түүнтэй хамт жигүүр байгуулалцаж явсан Н.Удвал МАХН гэдэг нэн шинэ намыг Н.Энхбаяртай хамт байгуулалцаж, Монголын улс төрд гуравдагч хүчний орон зайг эзэгнэхэд нь нэмэр бараа болов. Тэр ч атугай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн билээ.   

Н.Энхбаярын фракцийнхан ба “Элсний 13”  
    Эрх баригч хүчнийхэн дахиад л үймж эхлэв. Тэр бол 2007 он. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн Д.Арвин, Ч.Авдай, Т.Ганди, Л.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн, Д.Одбаяр, Л.Одончимэд, Т.Очирхүү, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, А.Цанжид, Ц.Шаравдорж нар сэм сэмхэн уулзах боллоо. Зарим нь бүр Ч.Улаан гишүүний өрөөгөөр нууцаар орж гарч байгаад хэвлэлийнхний дуранд өртөх шахав. Удалгүй нууц уулзалтуудын учир тайлагдлаа. Н.Энхбаяр ба түүний фракцийнхан МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг унагахаар шийдэж, УИХ-д “Элсний 13” фракцийг байгуулсан тэр байсан юм. Ардчилсан холбоо-эвслийг 1996-2000 онд засгийн эрх барьж байх үед “Хөдөөгийнхөн” ийм нэртэй фракци байгуулж, МАХН-ын 25 гишүүнтэй хуйвалдан Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсан түүхтэй. Энэ түүх Н.Энхбаярын эрин үед давтагдах нь тэр. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын албанаас 2006 онд огцруулж, оронд нь заларсан М.Энхболдод сөрөг хүчин дэх өрсөлдөгчтэй нь яг ижилхэн хувь тавилан тохиосон юм. 
    Н.Энхбаяр “Элсний 13”-т их гоё “пайз” зүүж өглөө. Мэдээж хэрэг, тэр бол намын шинэчлэл гэсэн үг. Түүний боловсруулсан төлөвлөгөө ёсоор, “Элсний 13” намын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод намын шинэчлэл, хариуцлагын талаар шаардах бичиг хүргүүлэв. М.Энхболд руу хийсэн эхний дайралт нь энэ байлаа. Цаадах нь ч шаардлагынх нь хариуг өгөлгүй удтал гүлдийв. Мэдээж хэрэг, “Элсний 13”-т энэ нь М.Энхболдыг унагах таатай боломж. Н.Энхбаяр ба түүний фракцийнхан уяагаа улам богиносгосоор, мөнөөх жигүүр, “Шинэ эргэлт”, Онц их хурлын төлөө гэх мэт бас бус хөдөлгөөнийхөнтэй хүч хавсран намын XХVI их хурлыг хуралдуулах шийдвэрийг Бага хурлаас гаргуулж чадав. М.Энхболдыг намын даргаас огцруулж С.Баярын эрин үеийг албан ёсоор эхлүүлэх нь тэр. Нэгэнт намын даргын тамгыг гардсан С.Баяр төд удалгүй Ерөнхий сайдын сэнтийд заларлаа. Гэвч эрх мэдлээ бататгах гэсэн Н.Энхбаярын хүсэл, эрх мэдлийн тойрогт “бүжиглэх” гэсэн “Элсний 13”-ын төгсгөл Санжаагийн Баяр гэдэг товарищийн үед тохиосон билээ. Учир нь С.Баяр намын дарга, Ерөнхий сайд болсон ч Н.Энхбаяр ба түүний фракцийнхан захиалсан “бялуу”-г нь хүртээгээгүй юм. Намын шинэчлэл нэрийдлээр эрх мэдлээ хадгалах гэсэн Н.Энхбаярын фракцийнхны “концерт” ийн өндөрлөсөн түүхтэй. С.Баяр ч Н.Энхбаярт хууртаж байсныхаа эхний хариуг ийн авсан юм. Хэдэн жилийн дараа...! Н.Энхбаяр авлигын хэргээр ял сонсож, “Элсний 13”-ын гол тоглогчид болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-аас гарч МАХН-д элсэв. Бүр сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газарт нэг нь Шадар сайд, нөгөө нь Сангийн сайд болов. Харин “Элсний 13”-ын нэгэн гишүүн Д.Арвин Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялмагцаа Ардчилсан нам руу “нүүх” нь тэр. Харин бусад нь улс төрөөс “тайм аут” авчихаад байгаа. 

Л.Оюун-Эрдэнийн экипажийнхан 
МАН-ыг эрх баригч хүчний суудалд дахин залж чадах уу
    Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан улс төрд ийм нэгэн асуулт хариултаа нэхэн байна. Тэд үнэхээр чадах уу. Ардын нам дахь ах нарын нөлөөнөөс ангид байж, санаачилгыг гартаа аван шинэчлэлийн салхийг зөв зүгт сэвэлзүүлэх үү. Тэд намаа шинэчлэх бодлогоо боловсруулсан уу. Эрх баригч хүчний ихэмсэг “үнэр”-ээсээ одоо ч салж чадаагүй байгаа намаа тэд яаж шинэчлэх вэ. Эрх баригч хүчний сэнтийгээс сөрөг хүчний суудалд заларсан ч эрх баригч хүчний имижээ өөрчилж чадахгүй байгаа МАН-ыг тэд яаж өөрчилнө гэж. Энэ мэт асуултууд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг санаачилсан НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан болон бусад залуусыг чиглэж байна. Тэд Монголын улс төр дэх залуу үеийн төлөөлөл мөн үү, мөн. Харин 1950-1960-аад оны үеийн ах нар нь тэдэнд ямар хариу барих бол. Ямартай ч “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийхөн “Ардын нам авлигачдаасаа зоригтой салах цаг болсон. Аливаа асуудлыг нийтээрээ шийдвэрлэдэг хүчирхэг нам болохын төлөө их шинэчлэлээ эхлүүлье” хэмээн уриалж байна. Хамгийн сонирхолтой нь улс төрд харьж яваа үеийнхэн ирж яваа цагийнхны дууг хамтдаа дуулах болов уу. Аль эсвэл МАН-ын залуус тээр жил Х.Тэмүүжин Ц.Нямдоржид хандан “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэж байсантай утга нэг үгээр хашир бурхиудынхаа чихийг халууцуулах юм болов уу. Үнэхээр Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын нөлөө бүхий лидерүүд ирж яваа цагийнхны дууг тэдэнтэй хамт дуулах уу... Ямартай ч МАН-ын залуус ялагдсан намаа шинэчлэх санаачилгыг гартаа авлаа. Харин үйл явц хэрхэн үргэлжлэхийг харж л байя. “Л.Оюун-Эрдэнийн экипажийнхан МАН-ыг эрх баригч хүчний суудалд дахин залж чадах уу”. Энэ асуултын хариуг ч гэсэн яаралгүй хүлээе. 2016 он хүртэл зай ч байна, лай ч байна. Тусгаар тогтнолын ордноос ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээг дуулгахад, МАН-ын залуус эсгий гэрт, харин намын дарга нар нь Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордонд байна!        
 

С.ТУЛГА