Холливудын од, НҮБ-ийн тусгай төлөөлөгч Анжелина Жоли дэлхийн хамгийн харгис хэрцгийн террорист бүлэглэлийн эсрэг хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриаллаа.

Тэрбээр Британийн парламентын гишүүдэд илтгэл тавьж, мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч буй охид бүсгүйчүүд хүчирхийллийн золиос болж байна гэв. 

Тэд охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь зайлшгүй хийх ёстой зүйл мэтээр номлож, бага насны охидыг олноор нь хорьж тарчлаан зовоож байгааг өөрийн нүдээр харснаа ярилаа. Тодруулбал, "Лалын шашинт орнуудад 7 нас ч хүрээгүй бяцхан охид хүчирхийллийн бай болж байна. Би 10 жилийн турш маш олон орноор аялаж, ихийг үзсэн. Энэ хугацаанд би сэтгэл шимшрүүлэм маш олон зүйлс харлаа. Тэдгээр бяцхан охид, эмэгтэйчүүдэд ямар ч үгээ хэлэх эрхгүй аж төрж байна. Надад одоог хүртэл мартдаггүй нэгэн дурсамж бий. Дөнгөж 7 эсвэл 8 настай гэмээр бяцхан охин байшингийн буланд зогсоод уйлж байхыг харсан. Тэрбээр маш олон хүмүүст ээлж дарааллуулан хүчиндүүлсэн болохыг би мэдсэн даруйдаа түүнд хүрч чадаагүй, бас амнаас минь нэг ч үг гараагүй. Би зүгээр л шоконд орсон. Харин саяхан би Иракт очиход, 13 настай нэгэн охин өөрийн үеийнхээ маш олон хүүхдүүдтэй жижигхэн өрөөнд аж төрдөг болохыг харсан юм. Бохир гудсан дээр цаг минут тутам танихгүй хүмүүст хүчирхийлүүлж, дараа нь бусад охидын хамт нэг эгнээнд жагсаад хэн нь хэдэн доллараар зарагдахыг хардаг хэмээн надад ярьсан. Тэд хүүхдүүд болохоос 40 эсвэл 50 доллараар үнэлэгдэх бараа биш. Бидний ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол юу болохгүй байгааг ойлгох явдал. Бэлгийн дарамт, хүчирхийлэл, үзэн ядалт болон ялгаварлан гадуурхалт хаа сайгүй байна. Дэлхийн хамгийн аймшигт террорист үйлдэл бол бидний хүүхдүүд шиг бяцхан охидыг хүчирхийлэх явдал. Тэдгээр охид яг л над шиг, миний охин шиг... Тэд бусад эмэгтэйчүүдээс огтхон ч ялгаагүй" хэмээн өрийн биеэр харж мэдэрсэн зүйлээ бусдын сонорт ийн хүргэв.

Түрүү жил Их Британийн Гадаад хэргийн сайдтай хамт дүрвэгсдийн баазуудад очиж, дайны хохирогчидтой цуврал уулзалт хийсний дараа 100 гаруй улс оролцсон олон улсын хурал зохион байгуулж байсан юм.