Цагаан сар болохын зэрэгцээ иргэд тэнгэрт тулсан үнэтэй ууц авахын тулд багагүй мөнгө зарцуулдаг. Харин арай хийж авсан ууцаа хэрхэн чануулах нь орон сууцны айлуудын толгойны өвчин болдог.

Нэг хэсэг ууц чанах гэрүүд цаган сар дөхүүлээд байрны урд олноороо байрлах болсон ч сүүлдээ бараг гэр хороолол шиг болж үүнийг цэгцлэхдээ тулсан. Учир нь ууц чанах гэрүүд ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүй гэх зэргээр энэ байдалд хязгаарлалт тогтоосон билээ.

Гэсэн ч мэр сэр өнөөх гэрүүд нь ганц нэгээрээ баригдсан. Иргэд ч энд ууцаа чануулж байгаа. Энэ жил гэр багассан ч байрны ханан дээр ууц чанана гэсэн бичиг энд тэнгүй харагдах болсон. Гэхдээ иргэд ууц чанах үйлчилгээний үнийн талаар төдийлөн мэдээлэл байдаггүй.

Зарын дагуу зарим газраас ууц чанах ханшийг тодруулвал жирийн гэрүүд 25 мянган төгрөгөөс эхлэн үнээ хэлж байгаа бол цайны газруудын хувьд 20 мянган төгрөгөөр чанадаг байна. Харин зоогийн газрууд ялимгүй үнэтэй бөгөөд 35-45 мянган төгрөгөөр чанаж байгаа аж. Ресторан зоогийн газар нь ариун цэврийн хувьд шаардлага хангасан учир арай үнэтэй байдаг гэнэ. Гэсэн ч иргэд үнэ хямдыг бодон ууц чанах гэрүүдийн хүмүүстэй тохиролцон үнээ буулган чануулдаг байна.

С.Баяр