Согтуу эмч, сувилагч нар М.Түмэннаст охиныг тархины хөгжилгүй болгожээ
2013/07/02
Өвдөж байгаагаа илэрхийлээд уйлж ч чадахгүй, байнгын тайвшруулах тариа, хүчилтөрөгч залгуулж байж амьдралын төлөө тэмцэж байгаа гуравхан сартай нялх охиноо тэврэн суугаа энэ эмэгтэйг З.Зул-Эрдэнэ гэдэг.
Тэрээр дөнгөж 27 настай. Анхныхаа хүүхдийг тэврэх баярт мөч нь амьдралынх нь хамгийн бараан түүхээр солигдсонд гомдоод ч барахгүй байгаагаа ярьж сууна. Охиноо харах болгондоо эдгэчих байх гэсэн итгэлээ алдчихгүйг хичээн суугаа түүнд үнэхээр хэцүү зүйл тохиолджээ.
Эхлээд охины биеийн байдлын талаар өгүүлье. Төрөх үед удаан хугацаанд усгүй байснаас хүчилтөрөгчийн дутагдалд орж тархиндаа харвалт өгсөн, гавлын яс нь зөрсөн, тархины ховдол хоорондоо мэдэгдэхгүй сааралтсан. Цаашид тархины ямар ч хөгжил байхгүй, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх шаардлагатай гэсэн оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна.
Өөрөөр хэлбэл, энэ хүүхэд цаашид хэр удаан амьдрах нь тодорхойгүй, тархины эд эс нь төрснөөс хойшхи гурван сарын хугацаанд огтхон ч төлжөөгүй нь түүний ирээдүй яаж эргэхийг хэлэхэд бэрх болгожээ. Түмэннаст охин хөхөө өөрөө хөхөж чаддаггүй, гуурсаар хооллодог, төрснөөсөө хойш уйлж, инээгээгүй, нүд нь тогтоогүй, тайван унтаж чадахгүй, гурван сартай хүүхдийн хэмжээнд орчноо мэдэрч чадахгүй байдалтай байна.
Нарийн шинжилгээгээр түүний тархины хөгжил зогссон, бусад бүх эд эрхтэн эрүүл байгаа нь гарчээ. Гаднаас нь харахад толгой нь жижиг. Духнаас доошхи хэсэг нь хэвийн бойжиж байгаа ч, орой хэсэг нь дөнгөж төрсөн үеийнх шигээ байгаа юм.
З.Зул-Эрдэнэ: ЯДАЖ ОХИНЫХОО ДУУГ СОНСОХСОН
Гэхдээ Түмэннаст охин ийм болохгүй байх байсан. Хүн төрүүлэх үйлсээ мөнгөний сонирхлоор сольсон эмч, уусан архиа гаргачихгүйн тулд ус нь гарчихсан ээжид нь нойрсуулах эм өгөөд унтуулсан согтуу сувилагчтай таараагүй бол тэр өнөөдөр бусад хүүхдийн адил уйлж, инээж чадах байж.
Болсон явдлыг сийрүүлэхэд, З.Зул-Эрдэнэ Булган аймгийн Могод сумын иргэн. Угаас хөдөөний хүн, дээрээс нь нас залуу учир бие сайтай, төрөх тасагт хэвтэх хүртлээ ажлаа хэвийн хийж, хөнгөн шингэн байсан гэнэ.
Анх энэ оны гуравдугаар сарын 4-нд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч ЭХО оношилгоо хийж “Ураг хэвийн, бойжилт сайн, хүйгээ ороосон, ус багадалттай” гэсэн тодорхойлолтоор төрөх тасагт хүлээн авчээ. Ингээд долоо хоногийн дараа З.Зул-Эрдэнийн дотуур хувцас норсон тул сувилагчдаа хандсан байна. Тэр өдөртөө өвдөж, шөнөдөө 30 минутын зайтай өвдөж хоножээ.
Маргааш өглөө нь эмчийн үзлэгт ороход савны амсар нь гурван хуруу нээгдсэн байж. Эмчлэгч эмч Т.Эрдэнэсүрэн нь үдээс хойш дахиж үзээд “Нэмж нээгдээгүй байна. Өнөө шөнөдөө харзная” гэжээ. Тэр шөнөдөө эх таван минутын зайтай өвдөж хоносон гэнэ.
Ингээд маргааш нь дахин үзлэг хийхэд нэмж нээгдээгүй байсан тул өвдүүлэх эм тавьж төрүүлэхээр болжээ. Т.Эрдэнэсүрэн эмч оройны ээлжийн сувилагч н.Энхтуяад “Зул-Эрдэнэд эм тавьж өнөө шөнө төрүүлээрэй. Хэд хоног өвдсөн шүү” гэж захижээ. Гэвч тэр өдөртөө эм тавиулчих сувилагч нь олдохгүй, З.Зул-Эрдэнэ өвдсөөр л байж. Гэтэл өвдөж эхэлснээс нь хойш эмнэлгийн үүд сахисан ээж нь оройны 21 цагт “Нөгөө эмч нар чинь архи ууж байна. Хүүг /З.Зул-эрдэнийн нөхөр/ архинд яваад өгөөч гээд гуйгаад байна” гэсээр орж иржээ.
Цагийн дараа тухайн үед жижүүр эмч хийж байсан В.Маналжав орж ирээд тоосон шинжгүй “Өнөө шөнө унтаж хонохоос яахав” гэчихээд гараад явчихжээ. Дараахан нь ээлжийн сувилагч н.Энхтуяа архи үнэртүүлэн орж ирээд но-шпа, аналгинтай хольж судсанд нь хийсэн байна. Төрөх нь дөхчихсөн, ус нь гарчихсан ээж эм тавьж төрүүлэх ёстойг сануулахад “Жижүүр эмч өнөө шөнөдөө унтуулъя” гэсэн гээд гараад явжээ.
Маргааш өглөө нь В.Маналжав эмч дотуур үзлэг хийхэд нээлт нэмэгдээгүй байсан тул усыг нь хагалахад балга ч хүрэхгүй ус гарсан гэнэ. З.Зул-Эрдэнэ ээж, нөхөр хоёртоо ядарч байгаагаа хэлээд хийсвэрээр төрүүлэхийг гуйж, Т.Эрдэнэсүрэн эмчид хэлүүлэхэд хүлээж аваагүй байна.
Ингээд өвдүүлдэг шингэн хоёрыг угсран залгаж, оройны 17.30 цагийн үед төрөх орон дээр гаргажээ. Өөрөөр хэлбэл, З.Зул-Эрдэнийн ус нь гарч, өвдөж эхэлснээс хойш дөрөв дэх өдрийнхөө орой төрсөн гэсэн үг. Ус байхгүй, дээрээс нь тайвшруулах тариа тариулчихсан байсан нь нөлөөлсөн үү дүлэлт огт өгч чадахгүй байж.
З.Зул-Эрдэнэ сүүлдээ ухаан нь балартаж, эмч, сувилагчид хоёр хоёроороо гэдсэн дээр нь шахаж дарсаар эцэст нь хүүхдийг гаргаж авчээ. Төрөх орон дээр гарснаас хойш бүтэн нэг цаг 30 минутын хугацаанд ноцолдсон гэнэ. Хүүхдийн толгой нь хагас гарчихаад бараг цаг болжээ. Ингээд охин хөдөлгөөнгүй, уйлж дуу гаргахгүй, хөхөрч харласан өнгөтэй төрсөн байна.
Төрснийхөө дараа дөрвөн цагийн дараа хөл гараа хөдөлгөөд, нүдээ муухан нээж. Харин хоёр дахь өдрөөсөө дахин хөдөлгөөнгүй болж, нүдээ нээж чадахгүй болжээ. Үүнийг жижүүр эмч нь ямар нэг хүчтэй тариа хийснээс боллоо хэмээн тайлбарлаж байжээ. Охины ээж цаашид болсон явдлын талаар ийнхүү ярьж байна.
-Төрсний дараа охинд ямар эмчилгээ хийсэн бэ. Хотод хэзээ ирэв?
-Хүүхдийн эмч нар хуралдаж миний охиныг тархиндаа цус харвалттай гэж оношилсон. Улаанбаатарт очиж нарийн шинжилгээ хийлгэе гэж гуйсан ч биеийн байдал нь замын ая даахгүй гэсэн шалтгаанаар 38 хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Бид гарахдаа аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатараас түргэний эмчтэй машинаар хүргүүлье гэж гуйсан. Харин дарга хүүхдийн биеийн байдал замын ая даана гэсэн. Ингээд бид Эрдэнэтээс такси дуудуулж Улаанбаатар хотод ирсэн. Энд ирэхдээ хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон байсан. Шууд Эх нялхсын эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн дээ.
-Одоо биеийн байдал нь ямархуу байна?
-Өвдөж байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэх аргагүй. Нялх амьтан гавлын яс нь товойгоод, нүд нь бүлтэлзээд хэцүү. Тархины хөгжил нь зогсчихсон болохоор уйлж, хөхөө хөхөж чадахгүй. Үе үе хүчилтөрөгчийн дутагдалд орж хамаг бие нь татдаг.
Бие нь ерөнхийдөө хүйтэн байдаг. Тархинаасаа болоод цусны эргэлт нь удааширчихсан. Эмч нар найдваргүй л гээд байгаа. Гэхдээ охиноо харах болгонд хагалгаа хийгээд эдгэчих болов уу гэж итгэх юм. Тархиных нь заадас зөрснийг хагалгааны аргаар эмчилбэл, эд эс нь ургаад төлжчих болов уу гэж горьддог. Шинжилгээгээр тархинаас бусад эрхтэн нь эрүүл гарна. Төрснөөс нь хойш тархины хэсэг нь огтхон ч томроогүй. Өдөр хоног өнгөрч, охины минь бие томрохын хэрээр яана даа гэж айж байна. Уг нь 3.5 килограмм төрсөн. Үнэхээр гомдоод барахгүй нь. Хэрэв тэр эмч нарт эмнэлэгт хэвтсэн даруйдаа мөнгө төгрөгийг нь өгчихсөн бол өдийд миний охин эрүүл саруул байх байсан биз.
С.Нарантуяа: МАНАЙ ЭМНЭЛГИЙНХЭН ТОМ АЛДАА ГАРГАСАН
Бид Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяатай утсаар холбогдсон юм.
-Танай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын буруугаас болж ийм хэрэг гарчээ. Хариуцлага алдсан эмч, сувилагч нарт хариуцлага тооцсон уу?
-Үнэхээр харамсалтай явдал болсон. Манай нэгдсэн эмнэлгийнхэн дэндүү хэнэггүй хандсан байсан. Уг нь бүгдээрээ олон жил ажилласан туршлагатай эмч, сувилагчид байгаа. Том алдаа гаргасныг бид хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Шижирбаатар даргыг ажлаас нь чөлөөлсөн. Яг энэ явдлаас болоод гэж хэлэхэд хэцүү.
Өөрөө орон нутгийн сонгуулийн үеэр хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн байсан юм. Тэгээд ялагдаад буцаж ажилдаа орох хүсэлт тавьсан. Буцаан түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон хугацаанд ажлаа хангалттай хийгээгүй учир ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл намайг хүртэл элдвээр гүтгэж, шалгуулж эхэлчихээд байна. З.Зул-Эрдэнийн хувьд маш харамсмаар явдал болсон. Бид тусалж, дэмжих боломжтой бүх талаас нь харж байна. Тухайн үед хариуцлага алдсан эмч, сувилагчдын асуудлыг шат шатны ёсзүйн хороогоор хэлэлцээд аймгийн ёс зүйн хороонд шилжүүлсэн байгаа. Тэндээс шийдвэр нь удахгүй гарах байх.
-Ямар хариуцлага хүлээх бол?
-Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж байгаа болохоор торгох, эсвэл ажлаас нь чөлөөлөх л байх. Гэтэл тэр ээж, аавын сэтгэл санааны хохирлыг яах билээ. Дахиад ийм явдал гаргахгүй байх талаас сайтар анхаарах хэрэгтэй байна. Би өдөр бүр нэгдсэн эмнэлгийнхэнтэй уулзаж, дахин дахин сануулж байна.
Б.Солонго