Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ оны нэгдүгээр сарын эхээр 05 тоот тушаалаа гаргаж, 17 эмнэлгийн дарга нарыг ажлаас чөлөөлөн заримыг нь үүрэг гүйцэтгэгчээр үлдээж, заримд нь шинэ үүрэг гүйцэтгэгч дарга аваачиж түр томилсон.

Түүнээс хойш хагас жил өнгөрч байхад эдгээрээс жинхэнэ даргатай болсон нь тун цөөхөн. Бүр тодруулбал, сонгон шалгаруулалтад тэнцсэн долоон эмнэлгийн дарга тавдугаар сарын дундуур ажлаа хүлээж авсан. Харин үлдсэн нь 10 эмнэлэг нь өдий хүртэл үүрэг гүйцэтгэгч даргатай хэвээр байгаа билээ.

Харин ганцхан тушаалаар ажилгүй болсон эмнэлгийн дарга нараас сайдынхаа шийдвэрийг шүүхэд давж заалдсан хүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, нэгдсэн гуравдугаар эмнэлгийн даргаар ажиллаж байсан эмч Б.Батчулуун Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргаж, улмаар шүүхээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 05 тоот шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж гарсан байгааг тогтоожээ.

Шүүхийн энэ шийдвэр нь ганцхан Б.Батчулуунтай холбоотой шийдвэр биш. Түүнтэй хамт нэг тушаалаар хоморголон ажилгүй болсон 16 хүнийг ч ажлаас нь хууль бусаар халсан гэсэн үг юм.

Тэгэхээр хууль бусаар ажлаас халагдсан гэсэн шүүхийн шийдвэр барьсан 17 хүн ажилдаа буцаж оръё гээд хүрээд ирэхэд ажилд нь авах үүргийг эрхэм сайд Н.Удвал хүлээх ёстой болжээ. Үүнээс гадна ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж гээд олон асуудал гарч ирж байгаа юм.

Энэ өр төлбөрийг хууль зөрчиж ийм байдал үүсгэсэн сайд Н.Удвал өөрөө халааснаасаа гаргаж төлөхгүй нь лавтай. Төсвөөс бүр тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна гэсэн үг.

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хууль зөрчсөн асуудал үүгээр дуусахгүй. Тэрээр сонгуульд нэр дэвшиж байх үедээ Гэмтлийн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан, “Мон-Мэс” эмнэлгийн эзэн Л.Жамбалжавыг томилсон байдаг.

Гэтэл Л.Жамбалжав нь төрийн албанд ажиллах нь бүү хэл, түүнийг төрийн албаны нөөцөд бүртгэсэн нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн яаманд албан ёсоор сануулсан байсан аж.

Ийнхүү удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргаж, Төрийн албаны  хуулийг үл тоосон эрхэм сайд одоо яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Хатанбаатарыг ажлаас нь халуулахаар дээр дооргүй гүйж эхэлжээ.

Бүр Ерөнхий сайдтай ярьчихсан, оронд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа А.Эрдэнэтуяаг томилж өг гэсэн бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг рүү илгээсэн байна.

Харин Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлээд байгаа А.Эрдэнэтуяа нь Н.Удвал сайдтай нэг нутаг усных төдийгүй дотны найз нь гэнэ. Хамгийн хачирхалтай нь дөрөв, тавдугаар сард болсон эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад А.Эрдэнэтуяа Хавдар судлалын эмнэлгийн даргад өрсөлдсөн ч тэнцээгүй аж.

Энэ талаар хэвлэлээр болон цахим хуудсуудад “Хавдар судлалын үндэсний төвийн даргад өрсөлдөж байгаа А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар олон жил ажилласан гэдэг ч  ур чадварын шалгалтандаа хангалтгүй үнэлгээ авч бүдэрчээ.

Түүний хувьд ХСҮТ-ийн даргад өрсөлдөгчгүйгээр ганцаараа хүч үзсэн ч тэнцээгүй байна” хэмээн мэдээлж байсан нь хар дээр цагаанаар дурайж байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн дарга болох гэж ганцаараа уралдаад ч шалгалтын босгыг давж чадаагүй ёстой л дэмжээд дэмжээд явдаггүй найзыгаа Н.Удвал сайд одоо  Төрийн нарийн бичгийн дарга болгохоор улайрч эхэлсэн нь төрийн албыг дорд үзсэн хэрэг болохоос гадна дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг л болоод байгаа аж.

Мань А.Эрдэнэтуяа нь дахиад л Хавдарын эмнэлгийн дарга болох сонгон шалгаруулалтад орчихсон өнөөдөр шалгалт өгөөд давхиж яваа гэнэ. Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Д.Баатарсайхан “Эхний шалгалтанд унавал дахин орохгүй” энэ тэр гээд байсан нь А.Эрдэнэтуяад яагаад үйлчлэхгүй байгаа нь ч бас хачирхалтай.

Энэ мэтээр удаа дараа хууль зөрчиж, бүр найзыгаа Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлсэн Н.Удвал сайд Ерөнхий сайдтай тохирчихсон хэмээн ярьж яваа нь ямар учиртай вэ.

Ерөнхий сайд НАлтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Ч.Сайханбилэг нар хүртэл хууль зөрчсөн сайдаа өөгшүүлээд дахин хууль зөрчихөд нь туслах гээд гуяа алгадаад гүйгээд байгаа гэдэг нь юу бол.

Өмнө нь ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа Стандартчилал хэмжилзүйн газрын даргыг хууль бусаар халсан тухай асуудалд ороогдож Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс гаргаж байсан нь хуучраагүй байна.

Тэгэхээр Ерөнхий сайд ч удаа дараа Төрийн албаны хууль зөрчсөн гэсэн асуудалд дахин ороогдохгүй байхыг л эрхэмлэх биз. Тэгээд ч ажилдаа эзэн болж чаддаг хэнтэй ч гар нийлэн ажиллахаа мэдэгдсэн Ерөнхий сайд эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөгчгүй ороод ч тэнцдэггүй эмэгтэйг Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилохыг арай ч алга ташин дэмжиж авахгүй байлгүй дээ.

Үнэхээр Засгийн газрын тэргүүн нь хууль зөрчсөн үйлдлүүдийг дэмжээд, Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэчихвэл өнөөх хуулиа дээдэлж, шударгаар ажиллахаа амласан Ардчилсан намын удирдаж буй Засгийн газарт нь цөв л болохоос сайн нэр лав авчрахгүй нь лавтай.

 

Г.Болд